Онгоцны 100 тн бензинээс 300 саяыг саадаг
Тэд дөрөвхөн жилд Монгол Улсын агаарыг довтолгооноос хамгаалах цэргийн хэрэгцээнээс байлдааны онгоцны 160-170 тн шатахуун зарж, бүлэглэн завшсан байгаа юм. Тэд гэдэг нь хэн гээч, мөнөөх Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Улсын нисэхийн хэлтсийн дарга, хурандаа Б.Дашаахүү, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат, тус ангийн орлогч, дэд хурандаа Н.Баясгалан нарын дээд тушаалын офицерууд болой.
Сүүлийн үед нүгэл нь нүдээрээ гарч эхлэхээр АДХЦ-ийн командлагч, хурандаа Х.Батхүрэлийн өрөөнөөс Б.Дашаахүү хурандаагаас авахуулаад салахгүй болов. Тэд одоо оройтсон борооны хойноос цув нөмөрч, онгоцны үүргийн хуудсыг чадах ядахаараа хуурамчаар бүрдүүлэн бичиж байна. Ойрын үед 337 дугаар ангийн зарим офицер цүнх цүнхээр баримт бичиг дааж ядан зөөгөөд буйг араас нь сураг тавихад АДХЦ-ийн “загалмайлсан эцэг”-ийнхээ өрөөнд аваачин БХЯ болон ЗХЖШ-ын шалгалтаас өрсч, хулгайгаар нисгэсэн онгоцныхоо цагийг тааруулж бичих арга залиа зохиож, дахин бичилт хийж байгаа нь нэгэнт нууц биш болжээ. Үүнийг энэ талаар гаршсан дарга Н.Баясгалангийн удирдлаган дор ажилладаг нисгэгч Рахман, Ринчэн нар сайн мэдэж байгаа.
Зарж завшсан бензинээс гадна дураараа үйлдсэн хууль бус нислэгтээ зарцуулсан шатахуунаа цайруулах гэж хурандаа нар хуйхаа маажиж сууна. Тухайлбал, 2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдөр Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт хулгайгаар байлдааны тээврийн зориулалт бүхий онгоцоор зэрлэг гахай, баавгай агнахад улсын өмчийг дур мэдэн авч ашигласан хурандаа Б.Дашаахүү ангийн олзоо үүрсэн бөхийг хараад нисдэг тэрэгний цонхоор бахархалтай ажиж буй нь нэгэнт цахим ертөнцөд мөнхөрсөн. Энэ хууль бус үйлдлээ мань хурандаа дараа нь ойр ойрхон 4-5 удаа давтан үйлдсэн байгаа юм. Мөнгөтэй л бол байлдааны онгоц ашиглах байтугай байгаль орчны талаарх хууль журам зөрчих нь юу ч биш.
Монгол Улсын холбогдох хуульдхөвчийн хүрэн баавгайг хууль бусаар агнавал 13-15 сая төгрөг, зэрлэг гахайг хөнөөвөл 1.4-1.6 сая төгрөгийн торгууль ногдуулна гээд заасан байгаа. Харин байлдааны онгоцоор зусардаж хөл залгуулсан Б.Дашаахүүгийн хувьд ногдох шийтгэл нь мөнөөх зэвсэгт хүчний нисдэг тэргийг хураалгахаас хэтрэхгүй учраас одоо хэр хээвнэг явна. Цаасан дээр нислэг үйлдсэн байлдааны онгоцнуудад зарцуулсан бензиний тоо хэмжээ л дурайх аж.
Тэд яагаад өдий хүртэл зүв зүгээр явж чадав. АДХЦ-ийн командлагч тэдний хамсаатан, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд нутгийн дүү нарынхаа бусармаг үйлдлийг харах билгийн хараа дутжээ. АДХЦ дотор садан төрлийн хэлхээ холбоог тангаргаасаа илүүд тавьсан хязгаар алдагдсан. Жишээ нь, АДХЦ-ийн командлалын штабын дарга, хурандаа н.Баттөр, Н.Очирбат, н.Бат-Орших нар ах дүү, амраг садангийн гинжин холбоотой. Тиймээс ч садангийнхаа 50 настай өвгөнийг шалгалтандаа таван удаа бүдрээд байхад Германд мэргэжил дээшлүүлэхээр илгээж, шижигнэсэн залуучуудыг үл тоосон тод баримт бий. Ялангуяа Н.Баясгалангийн садангийн 60 гаруй хүн яг одоо 337 дугаар ангид хамаатныхаа үүргийг хариуцлагатай хашиж явна. Тэдгээр дүү нараа сэлбэг хэрэгсэл, аль ашигтай хулгай хийж зувчуулж болох албанд, ангийн орлогчийн албан тушаалаа ашиглан тавиулсан байх жишээтэй. Бүлэг хэрэг бүр хүндэрдэг юм.
Эдгээр асуудалд АТГ, ТЕГ, ЦЕГ анхаарлаа хандуулахгүй бол барьж буй барилгын дээрээс унадаг төмөр биш, тусгаар улсын маань тэнгэрээс юу ч унаж мэдэхээр байна.
Х.Аянга http://www.bataar.mn/10021602
URL: