ОЙЛГОХГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ

Baasanjargal“Намайг ойлгохгүй байж болно. Харин би хэн нэгнийг ойлгохгүй өнгөрөөчих вий дээ гэхээс үхтлээ айх юм”. Энэ бол их сэтгэгч Конфуцийн тэртээ олон зууны өмнө хэлсэн үг. Гэхдээ утга агуулга, ач холбогдлоо өнөөдөр огтхон ч алдаагүй байгаа. Ялангуяа асар их хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй энэ нийгэмд “хэн нэгэнд асуудлыг ойлгуулах”, “хэн нэгний хэлснийг ойлгох” гэсэн үндэс язгуураараа огт өөр ойлголтыг хүн бүхэн хэрхэн ойлгодгоо хамтдаа эргэцүүлж үзэх үү? Тэгье. Ний нуугүй ярилцъя.

Бид хэн нэгнийг хэр сайн ойлгов гэхээсээ илүү тэд намайг бүрэн ойлгосон байх ёстой гэсэн сэтгэлгээгээр битүү торлогдсон байдаг гэвэл та зөвшөөрөх үү. Би л лав зөвшөөрнө. Яагаад гэхээр тухайн хүний хэлсэн ярьсан уг, дэвшүүлсэн санаа зэргийг хэрхэн ойлгов гэдгээ үнэлж цэгнэхийн оронд шууд л биелуүлэх ажилдаа ханцуй шамлан ордог. Гэтэл хамгийн гачлантай нь нөгөө хүнийхээ хэлсэн ярьсныг миний бие тун буруу ойлгосон байдаг учир мэдээжийн хэрэг сайн сайхан үр дүн гарна гэж байдаггүй. Товчхон хэлэхэд буруу ойлголт, буруу шийдвэр, буруу үйлдэл, буруу үр дүн гэсэн гинжин урвал хоромхон зуур зүг зүг рүү тардаг. Буруу ойлголтын балаг буюу би хэн нэгнийг, эсвэл хэн нэгний хэлснийг буруу ойлгосон байх вий хэмээн Конфуций шиг айж эмээгээгүйн гай энэ. Тиймээс маш сайхан санааг сайн ойлголгүй буруу хэрэгжүүлснээр түүнийг үүрд булшилдаг. Тэгээд л нөгөө сайхан санаа дуусаа.

Манайд иймэрхүү юм өрнөх нь мэр сэр бий. Уг нь ойлгуулах ёстой хүмүүс нь хүн ойлгож ядаад байхааргүй юмыг ойлгохоор хэмжээнд хэлж ярьдаг. Түүнийг нь амьдрал дээр хэрэгжүүлж байгааг харахаар огт ойлгоогүй юм уу даа гэмээр харагддаг юм. Эхнээсээ л нэг биш болоод явчихдаг. Нэгэнт нэгдүгээр хүний хэлснийг ойлгоогүй хүн өөрийнхөө буруу ойлголтыг доош нь дамжуулахдаа бүүр ч замыг нь алдуулдаг. Тиймээс хүлээсэн үр дүн тэг байхаас яахав.

Энэ жил бид сургалт бэлтгэл, манлайллаараа тэргүүн байх зорилт тавьсан. Байгууллагаараа. Үүнийг янз бүрийн л түвшинд ойлгосон бололтой дүр зураг хэлэлцүүлгүүдийн явцаас харагддаг. Нэг үгээр хэлбэл бидэнд булчин чухал уу, тархи уу гэсэн далд өрсөлдөөн ид өрнөж байна. Өөрөөр хэлбэл энд л чухамхүү ойлгосон, эс ойлгоогүйн хоёр туйл үзэлцэж эхэлснийг хэлэх гэсэн юм. Яагаад гэхээр яг үүнийг дагаад тоо чухал уу, чанар уу гэсэн асуудал өөрийн эрхгүй хөндөгдөж буй.

Жижигхээн жишээ авъя. Сүүлийн үед ахлагч, офицеруудыг байн байн сургалт бэлтгэлд дуудаад үндсэн ажил нь орхигдох шинжтэй байгаа.Тиймээс “тоо ба чанар”, “ойлгосон, эс ойлгосон” хоёрын тухай эртхэн шиг эргэцүүлэхэд илүүдэхгүй гэсэндээ ийм үгийг хэлж байгаа хэрэг. Ер нь юм ойлгодоггүйнхээ төлөө цалин авдаг хумүүст юм ойлгуулах үнэхээр бэрх гэдгийг би мэдэрдэг. Тэгээд ч манайхан дунд юм ойлгодоггүй, ойлгодоггүйнхээ төлөө цалин, шагнал авч ирсэн, цаашдаа юмыг ойлгох итгэл найдвар жаахан тааруу сайхан гарууд ганц нэг бий. Гэхдээ хамгийн гол нь тэр гарууд бус дарга удирдлагуудын маань дэвшүүлсэн зорилт, гаргасан сайхан санаануудыг л салхинд хийсгээд инээж суух вий дээ гэхээс сэтгэл өвддөг билээ.

Хурандаа Д.БААСАНЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих