Сэрэмжлүүлэг дахин автомашин дээрээс төмөр уналаа!!!!
Чингэлтэй дүүрэгт баригдаж байгаа “Макс” грүппийн барилгаас төмөр унаж, машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байсан залуугийн амийг авч одсон. Энэ хэрэгт тус компанийн холбогдох ажилтнуудыг татаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл энэ хэргийн дуулиан намжаагүй байхад дахин замын хөдөлгөөнд оролцож байсан автомашин дээрээс төмөр унасан хэрэг гарчээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, ЭМЯ-ны баруун талд “Аюут” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15 давхараас төмөр унаж, тэнд явж байсан “Тоёото приус” маркийн машиныг цохиж гэмтээсэн байна. Аз болж хүний амь хохироогүй өнгөрчээ.
Гэвч дахин дахин баригдаж байгаа барилгаас төмөр унаад байвал хэрхэх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Юутай ч тухайн 16 давхар барилгаас төмөр унасан асуудалд иргэн гомдолтой байгаа учир цагдаагийн байгууллагад ханджээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Юутай ч хэргийн талаар цагдаагийн байгууллагаас эх сурвалжаас тодруулахад, “СБД-ийн 1-р хорооны Эрүүл мэндийн яамны баруун талд байрлах “Аюут” ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа 16 давхар барилгын 15-р давхрын булангийн 3м урттай хөнгөн цагаан хавтан унаж замаар явж байсан иргэн, 38 настай эрэгтэй Т-ын “Toyota pruis” маркийн автомашины нүүрний хэсгийг гэмтээсэн байгаа. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Нандиа
URL: