Нүүрсний салбар дахь гээгдэж буй итгэл найдвар

32_1e9a817f0ba4dd6be675d79b7e4b4e4bad80346aМонголын эдийн засгийн тэлэлтийг тэтгэгч нь нүүрсний салбар, тэр дундаа энэ “Хар алт”-ны экспорт билээ. Гадаад зах зээлд борлуулсан нүүрсний хэмжээ зэсийн баяжмалаас давж гарснаар ногоон мөнгөний урсгалын шинэ ундрага, итгэл найдварыг авчирсан. Үүнийг монголчууд дэндүү өөдрөгөөр харж, эдийн засгийн салбарын орой дээр ямагт гийж байх цолмон мэтээр төсөөлсөн нь бий. Гэвч даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд эдийн засгийн хувьсал өөрчлөлт байнга явагдаж, өнөөдрийн өөх маргааш уушги болохыг алийг тэр гэх вэ. Нүүрсний хувьд ч гэсэн яг л иймэрхүү. Баялаг нь байгаа ч түүнийгээ хэрэгцээт зах зээлд нь хүргэх унаа тээврээс эхлээд олон асуудлаа одоо хүртэл цэгцэлж амжаагүй яваа нь бидний урагшгүйнх. Энэ хэрээрээ Хятадын зах зээл дээрх орон зайгаа бусдад алдсан. 300 хүрэхгүй км төмөр замынхаа царигийн өргөн нарийныг зургаан жил ярьсан хэрнээ одоо болтол шийдэж чадахгүй байгаа нь бараг онигоо биз. Гэсэн хэрнээ төсөв ярихаар л нүүрсээрээ нүүр тахлах гэж мөрөөдөөд эхэлдэг. Нэг ийм гэм улстөрчдөд байна.

 

Нүүрсний салбараас 2011 онд 476.1 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, халгиж цалгиж явсан сайхан үе байсан уу гэвэл байсан. Харин энэ хэмжээ зугуухан буурсаар 2013 онд 293 тэрбум төгрөг болов. Энэ оны төсөвт урьдах жилээсээ нэг дутахаараагүй өөдрөгөөр төсөөлсөн ч Монголын нүүрсний зах зээл сүүлийн хоёр жилийн турш уналттай хэвээр байна. Манай улстөрчдийн томруулдаг шилээр хардаг нүүрсний экспортын боломж ийнхүү улам бүр багассаар байна. Монголын нүүрс ердөө ганцхан зах зээлийн шалихгүй хувийг эзэлдэг. Тэр зах зээлд нь нийлүүлэгчид олон, бүртэгэхдээ өөрийн өртөг нь хямд нүүрс нийлүүлдэг болохоор худалдан авагчид нь бас түүнийг илүүд үзнэ.

 

Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ 2012 оноос хойш байнга буурч байна. Түүнчлэн үүнийгээ дагаад үнэ бас буурч байгаа. Энэ жилийн цагаан сарын дараа эрэлт бүр их буурсан гэх мэдээлэл байгаа. Монголын нүүрсний экспортод сэргэлт эргэж ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй. Нэг тэрбум тонн нүүрсний экспортын сураг бол бий. 2012 оны эхний дөрвөн сард 5623.4 мянган тонныг экспортолж байсан бол өнгөрсөн жилийн мөн хугацаанд 5000.7 мянган тонн болж буурчээ. Одоо оны эхний хоёр сарын байдлаас харахад дээрх хэмжээ бүр багасах хандлагатай байна. Хэрэв байдал энэ янзаар үргэлжилбэл нүүрсний борлуулалтаас төсөвт төвлөрүүлэх орлого тасалдаж мэдэхээр байгаа юм. Нэгэнт л авдаг өгдөг нь ганцхан БНХАУ болохоор тэр зах зээлийнхээ ааш авирыг зөөлрүүлж, ая эвийг нь олж байх шаардлага бас бий.

 

Өнгөрөсөн 2013 оны байдлаар авч үзвэл Хятадын нүүрсний хэрэглээ огтхон ч буураагүй. Харин тус улсын нүүрсний нийлүүлэгч орнуудын тоо нэмэгдсэн. Мозамбик, ӨАБНУ, Киргизстан, Өмнөд Америкийн Колумб, шинээр нэмэгдснээс гадна Вьетнам, Австрали, Индонези энэ улсын зах зээл дээрх тоглолтоо эрчимжүүлсэн. Хойд хөршийнхэн маань нийлүүлэлтээ хэд дахин нэмэгдүүлсэн. Нэгэн цагт Хятадын нүүрсний зах зээлийн тэргүүлэгч нийлүүлэгчийн нэг гэгдэж байсан Монгол Улс ийн хойш шахагдсан нь лав гавьяа биш байж таарна. Эрэлтээсээ давсан нийлүүлэлт энэ улсын зах зээл дээр байгаа болохоор үнэ өсөхийн тухайд магадлал тун бага байна. Ер нь бол “Эдүгээ нүүрсний зах зээлийн үнийг хятадууд дангаараа тогтоож байна” гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх.

 

Нөгөөтэйгүүр Хятадын гангийн үйлдвэрүүдийн коксжих нүүрс худалдан авах идэвх сайнгүй байгаа. Өнгөрсөн оны өдийд гэхэд 8.1 сая тонн гангийн илүүдэл энэ зах зээл дээр хуримтлагдсан гэх мэдээлэл байсан. Цагийн сайханд буюу 2011 онд Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн 40 гаруй хувийг Монгол дангаараа эзэлж байсан бол өнгөрсөн онд хүчний эх үүсвэр нь нүүрс хэвээр байгаа. Ойрын үед ч ийм байх төлөвтэй гэсэн шинжээчдийн таамаглал бий. Гэхдээ хүлэмжийн хийг бууруулах, агаарын бохирдол гэхчлэн хэрэглээг багасгах шаардлага энэ улсад бас байгаа. Мэдээ сэлтээс үзвэл оны эхний хоёр сарын байдлаар Хятадын нүүрсний уурхайнуудын олборлолт болон жилдээ 20 сая юаниас дээш орлоготой угаах үйлдвэрийн ашиг өмнөх жилийнхээсээ 42.5 хувь буурч, 21.95 тэрбум юаниар багассан гэх дүн бан байгааг тус улсын Үндэсний статитсикийн хорооны мэдээнд дурджээ. Хятадын нүүрсний салбарын тэргүүлэх компанийн нэг “Шинхуа” болон нүүрсний “Хайлуан” бүлэглэлийн оны эхний хоёр сарын ашиг 8.5- 64.3 хувь буурсан гэх мэдээлэл байна. Энэ бүхнээс харвал Хятадын нүүрсний дотоодын зах зээл ч сайнгүй байгаа гэсэн үг. Тиймээс тус улсын тухайд нүүрсний салбараа сэргээх боломжийг хайж эхэлжээ. Тухайлбал, нүүрс олборлогчдод ирдэг татварын дарамтыг багасгах талаар ярилцаж эхэлсэн мэдээлэл бий. Түүнчлэн унаж буй эрэлтийг гэтлэхийн тулд хойд нутгийн Шаньси мужийн уурхайнуудад оногдуулдаг нүүрсний сангийн татварыг түдгэлзүүлэх тухай орон нутгийн Засаг захиргааны түвшинд яригдаж байгаа аж.

 

Харин энэ бүхэнтэй зэрэгцээд Монголын нүүрсний экспорт сэргэх эсэх нь эргэлзээтэй. Засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоолын дагуу экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлдэг болсон. Энэ мэдээнээс харвал гуравдугаар сард баяжуулсан эрчим хүчний нүүрс тонн нь 37.95 ам.доллар, харин кокжих нүүрс 82.2 ам.доллар байхаар зарласан байгаа. Нүүрсээ автотээврээр зөөдөг манайх шиг улсын хувьд бол энэ бол баярлаж гялайх үнэ биш л дээ. Эдийн засгийн шинжээчдийн таамагласнаар нүүрсний салбар 2014 оны тухайд энэ түвшингээсээ нэг их сэргэх шинж хомсхон байгаа гэнэ. Ингэвэл нүүрснээс ногоон мөнгөөр бороо оруулах монголчуудын итгэл найдвар улам бүр алсарч холдох нь ээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих