Д.Баатаржав: Увсын домогт долоон харын оргил үе 1972 он юм шүү дээ
1960-аад оны эхээр Монголын бөхийн төрлийн салбарт баруун монголын бөөн хүчтэн түрэн орж ирсний манлайд “Увсын домогт долоон хар” байлаа. Эдгээрт Зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт, самбо бөхийн дэлхийн аварга, улсын баяр наадамд арав түрүүлсэн дархан аварга Хорлоогийн Баянмөнх,
Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин, монгол улсын өсөх идэр начин Төмөрийн Артаг, Монгол улсын арслан, спортын мастер Жамбалын Хайдав, Монгол улсын начин, спортын мастер Цэрэнгомбын Лхамаа, улсын начин, спортын мастер Дүгэрийн Солоон,
Олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан Бавуугийн Намжим нарыг нэрлэдэг. Эдний нэг Монгол улсын гавъяат дасгалжуулагч,самбо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, улсын начин, ОУХМ Дамирангийн Баатаржавтай ярилцлаа.
-Танай сумынхан бөхөөр алдартай. Тэднийхээ тухай ярина уу?
-Манай сумынхнаас дэлхийд алдраа дуурсгасан бөхчүүд гэвэл: дэлхийн аваргад дөрвөн удаа шагналт байр эзэлж, Ази тивийн аварга, дэлхийн цомын хүрэл медальт, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Төмөрийн Артаг, гавъяат тамирчин, олимпийн хүрэл медальт Сайнжаргалын Ням-Очир,
Самбо бөхийн дэлхийн цомын гурван удаагийн аварга, олимптай дүйх жүдогийн “Найрамдал-84” тэмцээний хүрэл медальт, гавъяат тамирчин, аймгийн арслан Галдангийн Жамсран, Азийн хошой аварга, олимпид шагналт тавдугаар байр эзэлсэн Дамдинсүрэнгийн Нямхүү,
самбын дэлхийн залуучуудын хошой аварга Галдангийн Баатарсүрэн, чөлөөтийн дэлхийн залуучуудын анхны хүрэл медальт Жамъянгийн Дамдинсүрэн, жүдогийн Ази тивийн аваргын анхны хүрэл медальт Артагийн Буянжаргал, чөлөөтийн дэлхийн аваргад анх удаа шагналт байр эзэлсэн, аймгийн арслан Бавуугийн Намжим,
самбын дэлхийн аваргын хүрэл медальт, цомын хүрэл медальт, аймгийн арслан, ОУХМ Жамсрангийн Дорждэрэм, жүдогийн Азийн аварга, ОУХМ Лэнжидийн Баярмаа, жүдогийн Азийн аварга, ОУХМ Ядмаагийн Дулмаа, самбын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын начин, ОУХМ Дэчингийн Жавзанжамъян, Нямжавын Мөнхжаргал нарын алдартнууд төрөн гарсан нутаг.
-Өөрөө анх хэдийнээс барилдаж эхэлсэн бэ?
-Би сумынхаа дөрөвдүгээр ангиа төгсөх жилээ майн баярын барилдаанд аймгийн начин Сүхээтэй үлдэн түрүүлж гурван метр дурдангаар шагнуулан баярлаж байсан минь бөхийн гарааны эхлэл байв. Аймгийн төвд наймдугаар ангид байхдаа өсвөр үеийн аварга шалгаруулах барилдаанд аравдугаар ангийн сурагч Юнрэн\хожим нь аймгийн заан болсон\, Гээдэний Төмөрбаатар нартай үлдэж бие биенээ тойрч хаяснаас дахин барилдан түрүүлж байлаа.
-Улсын хэмжээний барилдаанд хэдийнээс оролцож эхэлсэн бэ?
-1965 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ. Намайг аав эвлэлийн хорооны лагериас зээрд мориндоо сундлаад онгоцны буудал руу явахад ээж Гээпэл маань сүү өргөөд, ах дүү нараасаа “сайн барилдаад ирээрэй” гэсэн захиас аваад үдүүлж байсан маань өдий хүртэл санаанаас гардаггүй юм.
1963 оны аймгийн баяр наадамд Мятавын Норов арслантай үлдэж үзүүрлэн “Аймгийн заан”, 1965 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж “Аймгийн арслан “ цол хүртэж , 1964,1965 онуудын аймгийн наадамд үзүүрлэж байлаа.
-Улсын цол хэдийд хүртлээ дээ?
-Би ер нь нилээд эртхэн улсын цол авчих боломж байсан хэдий ч манай аймгийн бөхчүүдийг тал бүрээс нь хавчаад хаашаа ч гаргадаггүй байсан юм. Улсын баяр наадамд зургаан удаа дөрөв давж байж 1972 оны Ардын хувьсгалын 51 жилийн ойн баяр наадмаар Баянхонгор аймгийн уугуул, спортын гавъяат тамирчин Ц.Нацагдорж , улсын заан, Хөвсгөл аймгийн уугуул Ц.Дамдиндорж, улсын дархан аварга, үндэсний бөхийн ууган гавъяат мастер, Булган аймгийн уугуул Б.Түвдэндорж нарыг давж “БНМАУ-ын начин” цол хүртсэн.
-Увсын домогт долоон харынхаа тухай дурсаж ярьвал…?
-Бид монголын бөхийн бүхий л талбарт том өрсөлдөгч байсныг дээр дурдсан билээ. Манай долоогийн амжилтуудыг дүгнэвэл: Цагаан сарын барилдаанаас дээших төвшингийн 167 барилдаанд 72 түрүүлж, 27 үзүүрлэж, 63 шөвгөрсөн юм. Бидний хамгийн оргил үе бол 1972 он байлаа.
Дэлхийн бүх ард түмний спортын баяр олимпод Х.Баянмөнх,Т.Артаг нар чөлөөт бөхөөр, Б.Намжим сонгомол бөхөөр, Би жүдогоор оролцож Х.Баянмөнх мөнгөн медаль хүртэж, Т.Артаг шагналт тавдугаар байр эзэлсэн юм.
Улсын баяр наадмаар Х.Баянмөнх түрүүлж, Ж.Хайдав дөрөвт үлдэж Т.Артаг бид хоёр шөвгөрч, Би улсын начин цол хүртсэн юм. Ийм л долоон хар баруун Монголын олон арван харуудыг араасаа дагуулсан даа.
-Та өөрийн төрүүлсэн шавь нар болон багийн амжилтынхаа тухай ярихгүй юу?
-Би 1972 онд УБДС-ийн дасгалжуулагч багшийн анги дүүргээд шигшээ багийн тамирчин дараа нь дасгалжуулагчаар ажиллаж байгаад барилгачин нийгэмлэг болон хоршоолол клубт дасгалжуулагчаар ажиллаад гавьяаныхаа амралтанд гарсан.
Энэ хооронд миний дасгалжуулсан баг гучаад удаа тэргүүн байруудад шалгарч байсан юм. Энэ хооронд гавьяат тамирчин хоёр,олон улсын хэмжээний мастер арав, спортын мастер З00 гарруйг бэлтгэж эх орныхоо бөхийн талбарт хүч нэмлээ. Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж “Гавьяат дасгалжуулагч “ цолоор шагнасан юм.
-Та өөрийнхөө бөхийн удмын тухай яривал ?
-Би эцэг, эхийн хоёр талаа саа бөхийн удамтай.Чингисийн Монголын язгуур бөх “Бух ноололдоон”-оор “Бахлуур арванд” амжилттай барилдаж байсан алдарт бөх “Улаан гуя” Жамбал “Бөх хар” хэмээх Бат-Очирын мах цусны тасархай юм шүү дээ. Миний ээж, аавын талаас есөн бөх төрөөд байна.
А.Буянтогтох
Эх сурвалж:
URL: