Ц.Мөнхбаяр нарын ар гэрийн эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Төрийн тусгай хамгаалалттай газарт буу дуугаргасан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэргээр 22 жилийн ял ногдуулсан билээ.
Түүний хувьд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ээлжит бус чуулганы хуралдааныг эсэргүүцэж буу барин Төрийн ордонд нэвтэрсэн билээ. Тэгвэл түүний ар гэрийнхэн ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал энэ сарын 8-нд болох юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг цагаатгахгүй бол шүүгдэгчдийн ар гэрийн 18-90 насны эмэгтэйчүүд шүүхийн гаднах талбайд өлсгөлөн зарлахаар шийдсэн талаараа ярьжээ.
Яллагдагч Ж.Ганболдын эхнэр гэх бүсгүй “Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, Ерөнхий прокурорынхоо үгийг хэрэгжүүлээд ялыг хэвээр үлдээвэл бид тэмцлээ илэрхийлнэ. 18-90 насны эмэгтэйчүүд бид шүүх хурал болсон газарт өлсгөлөн зарлана. Хэвтэх нь хэвтэж, хуурай өлсгөлөн ч зарлана. Бүх л хэлбэрээр тэмцлээ илэрхийлнэ. Өлсгөлөн зарлах нэрсээ гаргачихсан” хэмээжээ.
Мөн иргэний нийгмийн байгууллагууд болон УИХ-ын нэр бүхий гишүүд ч шударга шүүхийн төлөө тэмцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгджээ.
URL: