“Цэвэр агаар” сангийн хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин холбоотой байжээ

Ардчилсан авилгачдын “Цэвэр агаар” нэрээр завшсан 5 тэрбумын хэрэг шүүхээр шийдэгдээд удаагүй байна. Олон нэр холбогдогчтой энэ хэрэг жирийн хэрэг бус байсан нь нэгэнт тодорхой болжээ. Сонгуулийн мөнгө босгох, хувьдаа мөнгө завших даалгавартай этгээдүүд төрд шургалан, цэвэр агаар гэх сайхан нэр барьж та бидний татварын мөнгийг завшиж байсныг тэдний хөлд чирэгдэн ял авсан жирийн гүйцэтгэгчид дэлгэж эхэлжээ.

“Цэвэр агаар” сангийн Ерөнхий нягтлан бодогч М.Хуланд шүүхээс 7 жилийн ял оногдуулж, 4,5 тэрбум төгрөгийн торгууль оноосон билээ. Харин түүний төрсөн ах М.Цолмон хэргийн талаарх зарим нэг нотлох баримтыг дэлгэлээ. Түүний хэлж буйгаар Сангийн яамны Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн Алтанхуягын Саранзаяа гэх эмэгтэй энэхүү хэрэгт холбоотой бөгөөд шүүх хурал дээр түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин гэдгийг нь мэдсэн байна.

 

“Цэвэр агаар” сангийн хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин холбоотой байжээ

Гэвч түүний хэргийг хуулинд заасан хүндэтгэх шалтгаангүйгээр тусгаарласан байна. Тийм ч учраас тэрээр шүүх хуралд оролцоогүй ажээ. Тэрбээр нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр ганц ч удаа байцаагдаагүй, түүнчлэн хэрэгт холбогдсон хүмүүсийн хамт 461 дүгээр ангид ч хоригдож байгаагүй аж. Саранзаяа нь “Цэвэр агаар сан”-гийн хуурамчаар гүйлгээ хийж байгаа данс, тооцоо зэрэг бүх юмыг хийдэг. Үүнийг нь Н.Хүрэлсүх, Д.Цэцэгээ нар мэддэг, зохион байгуулалттай гэдгийг М.Цолмон хэллээ.

Түүнчлэн “Цэвэр агаар” сангийн дарга асан Н.Хүрэлсүх мөрдөн байцаалтын үед М.Хулантай уулзан “Хэргээ дангаараа даачих, би хүүхдэд чинь байр, машин, сургалтын төлбөр, мөн 250 сая төгрөг зэргийг өгье. Би өөрөө хэргээ хүлээе гэхээр Н.Алтанхуяг, Гансүх сайд нар миний толгойг хяргачих гээд байна. Мөн манай прокурор дүү нар нэг ч хэрэг хүлээж болохгүй шүү гэсэн” гэх мэтээр ятгаж байсан байна. Харин М.Хулан саналыг нь хүлээн аваагүй тул “шүүх, прокурор надад ял тохохгүй байх яриаг би хийчихсэн, чи өөрөө л хохирно шүү” гэж заналхийлж байжээ.

Энэ нь өнөөдөр биелэлээ олж 7 жилийн хорих ялаас гадна 4,5 тэрбумын хохирлыг зөвхөн М.Хуланд дангаар нь оноосон хэмээн ар гэрийнхэн үзэж байна. Учир нь “Цэвэр агаар” сангийн экс удирдлага Н.Хүрэлсүх болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан бодогч А.Болдмаа, БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцэгээ,  “Цэвэр агаар сан”-гийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн сарын 13-ны өдөр шийдвэрлэгдсэн. Ингэхдээ шүүх прокурорын саналыг үндэслэн Н.Хүрэлсүхэд 15 жилийн ял оноосноос хөнгөрүүлж найман жил, түүнчлэн зарим нэг хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шинжээчийн дүгнэлтээр Н.Хүрэлсүхийн хянаж гарын үсэг зурж, тамга дарсан 11 гэрээ,  29 төлбөрийн хүсэлт, 30 нэхэмжлэх буюу нийт 70 удаагийн үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан байхад ийнхүү ялыг хөнгөлж, мөн улсын яллагч буюу прокурор анх гэм буруутай хэмээн шүүхэд оруулж ирсэн дүгнэлтээ эрс өөрчилсөн зэрэг нь түүнийг цаанаа “том ар”-тай гэдгийг баталж буй хэрэг хэмээн М.Цолмон онцоллоо.

Үнэхээр ч анхан шатны шүүх долоон сарын хугацаанд гаргасан яллах дүгнэлтээ гурав хоногийн дотор гэнэт өөрчилсөн, тэгэхдээ ямар учраас прокурорын саналыг үндэслэснээ тайлбарлаагүй гэх зэрэг нь энэ хэргийн цаана хэн нэг нөлөөтэй эрхэм байгааг илчилж буй юм. Хэт нэг талыг барьсан шүүхийн шийдвэрт хэн нөлөөлсөн нь Н.Хүрэлсүх болон Д.Цэцгээгийн талаархи М.Цолмонгийн ярианаас бараг л тодорхой болсон гэж хэлж болно. Тодруулбал, Н.Хүрэлсүх нь АН-ынхны санал болгосны дагуу Цэвэр агаар сангийн захирлаар томилогдсон гэж тухайн үеийн Байгаль орчны сайд Гансүх мэдээллэсэн байдаг аж. Тэрбээр “Цэвэр агаар” сангийн даргаар томилогдохоосоо өмнө тухайн үеийн шадар сайд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан, мөн удаа дараа АН-аас жагсаалтаар УИХ-д нэр дэвшиж байжээ. Харин БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцэгээ нь хэмнэгдсэн төсвийг хуурамч тушаал гарган баримт бүрдүүлж мөнгө завшдаг, сайд дарга нараа гадаад явахад нь төсвөөс ямар ч үндэслэлгүй мөнгө гаргаж өгч ивээлд нь багтсан нэгэн ажээ. Тэрбээр анх М.Хуланд санал тавьж, тус яаманд ажилд оруулсан бөгөөд хууль бус гэрээтэй гүйлгээг хийлгэхээр Сангийн яамны Төрийн сан руу явуулж, “тэнд манай найдвартай хүн байгаа, олон юм асуулгүй хийчих, би чамайг ажилд авсан шүү” гэх мэтээр ятгаж, сүрдүүлдэг байжээ. Тэр нь Төрийн сангийн Төлбөр тооцооны мэргэжилтэн А.Саранзаяа буюу тэр үеийн шадар сайд, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин байжээ.

Энэ хэрэг нь урьдаас төлөвлөгдсөн зохион байгуулалттай байсан гэдгийг М.Хулангийн ар гэрийнхэн хэлж буй юм. Тиймээс давж заалдана гэдгээ мэдэгдсэн, мөн энэ хэргийг холбогдох байгууллагууд дахин шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьлаа.

Доргио мн


URL:

Сэтгэгдэл бичих