Бид яагаад чадахгүй гэж…

-01042014-1396315640-667845318-ediin_zasagМонголын эдийн за­сагт голлох үүрэг гүйцэтгэдэг аж ахуйн нэгж, хувийн хэвш­лийн­х­эн өнгөрөгч долоо хо­ногт чууллаа. Монголд юу бү­тээж болох талаар чуулсан энэ­хүү чуулганы гол зорилго нь бид юуг бүтээж чадах вэ гэд­гээ ярилцсан явдал байсан.

Тэд­ний амнаас төрийн оролцоо хэрэггүй, бид зах зээлийнхээ зарчмаар хөгжөөд явмаар байна гэх үг дуулдаж байсан ч цаана нь биднийг дэмжээд өгөөч, зөв бод­лого, зөв зарчмаар явуулах замыг маань засаад өгөөч гэх санал хүсэлт цөөнгүй дуулдаж байсан юм. Монгол брэндийг эрж, монголдоо бүтээх хүсэл эрмэлзэлтэй байгаа тэдэнд мэ­дээж төрийн зөв бодлого ду­тагдаж байгаа нь нууц биш.

Гадны хөрөнгө оруулагч хэмээн дулдуйдаж, тэдэнд зориулан хуулиа хүртэл засч залруулдаг атлаа дотоодын аж ахуйн нэг­жүүдээрээ төр хэтэрхий тог­лож байгаад гомдоллов. Гомд­лын үгс ч харамгүй дуулдлаа. 73 мянган аж ахуйн нэгж төрийн тог­лоом биш. Гаднаас өр бос­гох гэж яарахаасаа өмнө бид­нийг дэмжээд, дотоод нөөц бололцоогоо дайчлаад үзээч  хэ­­мээн учирлаж байсан юм.

Улс тө­рийн намууд өр тавьсныг нь улс­төржүүлж гүйхээ урьтал болгосноос биш бидэнд бо­ломж бий бил үү, бид яагаад чадахгүй байна вэ гэдгээ нэг ч удаа ярилцсангү

Үнэ­хээр л брэнд бүтээж, до­тооддоо бүтээх, тогтвортой хөгж­лөө хангах гэж байгаа бол аж ахуйн нэгжүүдээ дэм­жих учиртай. Тиймээс л чуулганы гол зорилгыг биелүү­лэхийн тулд дотоодын аж ахуйн нэгжүүдээ одоо л бод­логоор дэмжих учиртай юм. Монголд хэн баяжиж байна вэ гэдгийг ч эргэж ярих цаг нь болсон. Гадны хөрөнгө оруу­лагч хэмээн хэтэрхий их “тал зассан” харьцаанаас хэн хохирч байна.

Мэдээж до­тоо­дын аж ахуйн нэгжүүд. Бас монголын төр. Дотоодын үйлд­вэрлэгчдээ дэмжих асууд­лыг мартаж, гадныхан гэж хэт туйлширч гүйсний хар гай­гаар өнөөдөр олон олон аж ахуйн нэгж, дотоодын уул уур­хайн компаниудыг хаалгаа бари­хад хүргэсэн гэдгээ хүлээн зөв­шөөрөх цаг нь болж. Өр тавих гэж яарахаасаа өмнө бид­ний дотоод бололцоо юу би­лээ гэдгээ ярьсангүй. Улс тө­рийн намууд өр тавьсныг нь улс­төржүүлж гүйхээ урьтал болгосноос биш бидэнд бо­ломж бий бил үү, бид яагаад чадахгүй байна вэ гэдгээ нэг ч удаа ярилцсангүй.

Ярьж байгаа, болгож бүтээж байна хэмээн хоосон амлаж хэдэн жилийг авлаа. Бодит байдал дээр нөхцөл байдал яг л хэвээрээ. Тиймээс энэ жилийн хувьд бид гадны хөрөнгө оруулагчдын амыг харж суухаас илүүтэй аж ахуйн нэгжүүдээ төрийн бодлогоор дэмжээд, амыг нь боох, тэднээр тоглохоосоо илүүтэй Санхүүгийн өршөөлийн хууль гэх мэт нүдэнд харагдаж гарт баригдахуйц бодит байдлаар дэмжих ёстой юм.

Өнөөдөр тэд үүнийг л хүсч байна. Төрийн бодит дэмжлэг хэрэгтэй гэдгээ өнгөрөгч эдийн засгийн чуул­ганы үеэр хангалттай илэр­хийллээ. Монголын эдийн засаг тавгүйрхсэн, улс­тө­рийн тогтворгүй байдал үүс­лээ хэмээн ам амандаа ярьж бай­гаа. Улстөрчид нь Оюу­тол­гой, Тавантолгойн асууд­лаар улстөржсөнөөс болж хө­­рөнгө оруулагчид биднээс зуг­таж эхэллээ.

Улс төрийн намуудын оролцоо биенесийн орчинд хэтэрхий их байгаа хэмээн ярьж байгаа энэ үед улс төрийн намуудын дарга нар Эдийн засгийн чуулганы хуралдаанд оролцож санал бодлоо хуваалцсан нь мөн л нэг том алхам болсон юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ямар ч хөрөнгөгүй, ямар ч баялаггүй компани орж ирээд дэлхийн зах зээл дээрээс хэдэн тэрбумаар нь мөнгө босгож байхад… бид зээл авах эрхээ хасуулж болохгүй” хэмээсэн нь нэг том зүйлийг хэлэх шиг боллоо. Шинэ са­наа байсан гээд хэлчихэд ч буруудах юмгүй.

Өөрөөр хэлбэл, гадны “цүнхтэй компани”-иуд мон­голын уул уурхай дээр ирж хөл­жиж байгааг хэлээд өглөө. Монголын уул уурхайг хамгийн амар хөлжих талбар гэж харсан учраас тэд өдийг хүртэл авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, хууль бус лицензийн наймаагаар гаршаад байсан. АМГ-ын дарга асан Д.Батхуягийн зарсан ли­ценз зэрэг олон зуун бодит баримтууд үүнийг нотолно. Хуулийг гууль болгож байсан тэднийг хуулиар жаахан чан­галаад ирэхээр улс орон чинь хэцүүдлээ, төр засаг чинь дампуурчихаж гэх хар пиарыг явуулж байгааг захын тэнэг хүн ч ойлгомоор.

Улс төр, эдийн засгийн хувьд харь­цангуй тогтвортой байгаа энэ үед дотоодын компаниудаа дэмжих бодлогыг төр барьж эхлэх нь. Энэ л таатай мэдээ

Гэтэл наана нь олон янзын татварын дарамт, дотоодын компаниудыг дэмжих хууль эрхзүйн орчин тогтворгүй байдаг, мянга түмэн болохгүй гэх хориг саадаас болж олон зуун дотоодын уул уурхайн компаниуд ч хаалгаа барилаа, энэ хугацаанд. Тэгэхээр цүнх­тэйг нь биш мөнгөтэй дотоо­дын компаниудаа дэмжихээр улс төрийн намууд, шийдвэр гаргагчид ярилцаж байгааг на­муудын дарга нарын илэр­хийлсэн байр суурь гэрчилж бай­на.

Өөрөөр хэлбэл, улс төр, эдийн засгийн хувьд харь­цангуй тогтвортой байгаа энэ үед дотоодын компаниудаа дэмжих бодлогыг төр барьж эхлэх нь. Энэ л таатай мэдээ. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас эдийн засаг хамааралтай юм шиг ярьж байгаа хүмүүс цөөнгүй бий. Тавантолгой “Чалько”-д өрөө төлчихвөл бүх юм эргээд “ок” болчих юм шиг сэтгэж байгаа хүн ч олон байна. Өнөөдөр үүсээд байгаа таагүй нөхцөл байдлыг дан ганц гадны хөрөнгө оруулалт муудсанаас болсон мэтээр ярьж эхэллээ.

Бид гадныхны тавьсан өгөөшийг хэтэрхий амархан зуудаг болжээ. Үүнийг туршлагатай эдийн засагчид ч хүлээн зөвшөөрдөг. Тэд “Бид гадныхны аманд багтаж  улс оронд нь улс төрийн тогтворгүй байдал бий болсон мэтээр харагдуулах хүсэл сонирхолд нь нийцэж амьдраад байгаад учир байна. Гадны хөрөнгө оруулалт л байхгүй бол монгол байхгүй юм шиг ярьдаг болсон нь монголчуудад тавьсан тэдний өгөөш. Оюутолгойн сураг ч дуулдаагүй байсан он жилүүдэд бид яаж амьдарч болоод байсан юм.

Мах, гурилаа идээд болдог л байсан. Тавантолгойн нүүрсний гэрээ зурагдаагүй байхад эдийн засгаа бид хэнээр ч заалгахгүй аваад явдаг л байсан. Гэтэл өнөөдөр энэ хоёр гэрээг төр засаг нь харж суучихаад эдийн засаг хэцүүдлээ, эрх баригчид ажлаа хийхгүй байна хэмээн улстөржүүлж байгаа нь хэрээс хэтэрлээ” хэмээн  ярьж, шүүмжилсэн юм. Хятад лууван иддэг байсан цаг үеэ бид эргэн санагалзаад байна уу гэлтэй.

Өнөөдөр Хятад луувангийн хэрэглээ багассан ч монголчууд луувангаа идсээр л байна. Хэмжээ нь багассангүй, хэрэглээ ч буураагүй. Тэдний луувангийн хэрэгцээг дотоодын үйлдвэрлэгчид нөхөж чадсан байна. Яг үүнтэй адилхан гадныхан л гэхээр нүдээ ухаж өгөхөөс наагуур аашилдаг байдлаа одоо засах талаар төр ажиллаж эхэлье. Хэдэн зуун тэрбумаар тоологдох хө­рөнгөтэй, дотоодын хэрэг­цээг бүрэн хангачих аж ахуйн нэгжүүдээ төр жаахан л дэмжээд өгөхөд болоод явчихна.

Рио Тинтог монголын төр амаа ангайн харж, тэдний тавьсан өгөөшид өдөөгдөх учиргүй. Оюутолгойн гэрээ яах нь тодорхойгүй байна хэмээн ярьж суугаа нь нэг ёсондоо бид тэдэнд өдөөгдөөд байгаа хэрэг. Рио Тинтог өдөөд байна уу, өдөөгдөөд байна уу гэдгээ ч ялгаж салгая. Одоо “бид яагаад чадахгүй гэж” гэдгээ ярих цаг нь болжээ. Энийг ярьж, үүнийг ажил хэрэг болгож чадвал энэ удаагийн чуулганы гол зорилго биелэх учиртай.

Б.Өнөртогтох

Монголын мэдээ


URL: http://www.fact.mn/160321.html

Сэтгэгдэл бичих