Оюутолгойгоос онгорхой нүх, өр үлдэх нь тодорхой болжээ

1-44

Хаврын чуулган дөрөв хоногийн дараа эхэлнэ. Урт амралтаа дуусгаж, бичиг цаасанд дарагдах парламентчдын эн тэргүүнд шийдэх учиртай ажил нь Оюутолгойн гэрээг урагшлуулах явдал хэмээн гадаадын хэвлэлүүд онцлох болов. Хөрөнгө оруулалт хэтэрсэн, гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр гацаж сунжирсаар өнөөг хүргэсэн энэ орд Монголын эдийн засагт хэр жин дарж байсныг өнгөрсөн хэдэн сард төгрөгийн ханшийн уналт харууллаа. Энэ төсөлд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхгүй л бол Улаанбаатар тэр чигтээ “унтрах нь” хэмээн Эдийн засгийн форумын үеэр сануулах хүмүүс ч олон байв. Гэвч хөрөнгө оруулалт нь хоёр тэрбум “ногоон”-оор хэтэрч, монголчуудын төлөх өр улам зузаарч, 30 жилийн дараа бид энэ ордоос 16 хувиа авлаа гээд хэр их зүйл өөрчлөгдөх нь асуултын тэмдэг дагуулсан хэвээр байна.

Эргэлзээ, тодорхойгүй байдлаар дүүрсэн энэ гэрээний талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн оны есдүгээр сарын 24-нд Засгийн газарт асуулга тавьсан юм. Асуулгын хариулт болгон илгээсэн албан тоот нь Оюутолгой Засгийн газрыг “залгиад” удчихсаныг харуулсныг өнгөрсөн хугацаанд бид анзаарсангүй. Учир нь асуулгын хариулттай танилцсан хараат бус шинжээчийн дүгнэж буйгаар анхнаасаа энэ гэрээг Монголын тал үндэснийхээ эрх ашигт үл нийцүүлэн, УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцэж байна хэмээн нотолсон гэжээ. УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуулгад Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний сайжруулах шаардлагатай заалтын жагсаалт, УИХ-аар баталсан 57 дугаар тогтоолд заасан анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын хувь хэмжээг хэзээ 50-иас доошгүй хувьд хүргэх, гүний уурхайн ажлыг санхүүжүүлэхээр гуравдагч этгээдээс зээл авбал төслийн нийт хөрөнгө оруулалт яаж өөрчлөгдөх, улмаар Засгийн газар 53, хөрөнгө оруулагч 47 хувь гэсэн өгөөжийн харьцаа хэрхэн өөрчлөгдөх зэрэг зургаан асуулт багтсан юм. Засгийн газраас энэ асуулгад хариулт өгсөн бөгөөд үүнтэй танилцсан хараат бус шинжээч, судлаачид эсрэг байр суурь, дүгнэлттэй байгаагаа бидэнтэй хуваалцсан юм.

“ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ НЬ МОНГОЛЫН НЭР ХҮНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ”

Нэгэнт хуудуутай олон заалт багтаасан энэ гэрээг өөрчлөх гэж 2012 оны аравдугаар сарын 2-нд Засгийн газраас “Оюутолгой”-д албан бичиг хүргүүлжээ. “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүсэлт нь Монгол Улсын Засгийн газар, Монгол орны эдийн засаг, нэр хүндийн хувьд ихээхэн сөрөг үр дагавар авчирна” гэсэн хариуг хөрөнгө оруулагч талаас илгээсэн байх юм. Үүгээр ч зогсохгүй гэрээний 15.16-д “Энэхүү гэрээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйл болон УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болно”, 15.28-д “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг Гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” хэмээснийг ч иш татсан байжээ. Өнгөрсөн онд гэрээг өөрчилж, төсөвт 440 тэрбум төгрөг оруулна гэж амласан Засгийн газар үүнээс ч өмнө Оюутолгойд “залгиулчихсан” байж. Хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов гэж заасан нь зарчмын хувьд ноцтой алдаа гэдгийг шинжээчид тайлбарлаж байна. Энэ тогтоолын заалтыг ч Засгийн газар биелүүлээгүй байгаа юм. Улмаар эх орныхоо баялаг болсон орд дахь хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх гэж хүсэлт илгээлээ гээд өмнө нь 57 дугаар тогтоолыг биеэрээ хамгаалж нотолсон Засгийн газарт буцах гарц үлдээгүй аж. Үүнийхээ дүнд “Хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн цэвэрхэн тайлбараар хариуцлагаас мултрах арга хайж өнөөдрийг хүргэсэн гэхэд бас хилсдэхгүй нь.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭТРҮҮЛЭХ ГЭРЭЭНЭЭС ДАВСАН ЭРХ МЭДЭЛ 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үед гэрээнд зааснаар болон төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтын хуваарийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн анхны бүтээгдэхүүн гаргах хүртэл хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллар боловч 2012 оны жилийн эцсийн байдлаар энэ дүн 7.1 тэрбум ам.долларт хүрч хэтэрсэн асуудал одоо хэр нь шийдэгдэхгүй байна. Уг нь гэрээгээр баталсан хөрөнгө оруулалтыг хэтрүүлэх эрх хөрөнгө оруулагчид байхгүй. Мөнгөн дүн нь өссөн гэдгийг Монголын талаас ямар байгууллага, хэн, яаж, юугаар хөдөлбөргүй нотолж байгаа нь ч бас тодорхойгүй.

“Оюутолгой” ХХК хөрөнгө оруулалтын 2010-2012 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаж, ТУЗ-ийн баталсан 7144.7 сая ам.долларыг Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын ажилд зориулсан зардлын жинхэнэ гүйцэтгэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй гэдгийг судлаачид хэлж байна. Дээрх дүнд 2010 оноос өмнөх хугацаанд гарсан зардал гэж 677 сая ам.долларыг оруулсан нь их эргэлзээтэй байгаа аж. Магадгүй энэ нь хайгуулын зардлаа хэд дахин өсгөж харуулсан байхыг зарим хүн үгүйсгэхгүй байна.

527-1352184500ТОР

16 ХУВИА БУЦААЖ АВЛАА ГЭЭД ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ?

УИХ-ын 57 дугаар тогтоолоор “Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэх” чиглэлийг Засгийн газарт өгчээ. Гэвч гэрээг 30 жилийн дараа сунгах үед л Монголын тал нэмэлт 16 хувийг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу шилжүүлэн авах эрхтэй байхаар тусгасан байна. Уг нь талууд бичгээр харилцан тохиролцвол гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж нээлттэй юм. Гэвч өнөөх л хөрөнгө оруулалтын гэрээний 15.16-д “Энэхүү гэрээг байгуулсан болон хүчин төгөлдөр болсон өдөр уг гэрээ нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгааг Засгийн газар нотлов” гэсэн заалтыг хөрөнгө оруулагч тал бамбай болгож, Монголыг ацан шалаанд оруулсаар өнөөг хүргэжээ. Эцэст нь гэрээндээ өөрчлөлт оруулахыг хүссэн ч, 50-иас доошгүй хувиа эзэмшихийг хүссэн ч өнөөх л Засгийн газ­рын нотолгоо элдэв саад, бэрхшээл, хамаг зов­лон­гийн эхлэл болоод байна.

Үүнээс гадна Монголын тал 30 жилийн дараа 16 хувийн хувьцааг гэрээнд заасан нөхцөлөөр тухайн үеийн зах зээлийн үнээр худалдаж авах магадлал тун бага юм. Уг хувьцааг худалдаж авсан тохиолдолд ч ТУЗ дэх Монголын талын эрх мэдэл өөрчлөгдөхгүй одоогийн зарчим хэвээр үлдэхээр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан бөгөөд үнэн хэрэг дээрээ компанийн үйл ажиллагаатай холбогдсон бүх эрх мэдэл болон ТУЗ-ийн шийдвэр “Рио-Тинто”-гийн талд хэвээр байх болно.

ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭХ ҮНДЭС АЛГА

Засгийн  газар болон хөрөнгө оруулагчийн хооронд байгуулсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон ТЭЗҮ хуулийн хүчин төгөлдөр баримт, эрхзүйн чадамжтай материал л юм бол далд уурхайг барих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэслэлгүй хэмээн хараат бус хөндлөнгийн шинжээчид үзэж байна. Хэлэлцэн тохирсон этгээдүүд Оюутолгой ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээг тохиролцож, харилцан баталгаажуулсан нь мэдээж. Үүгээр зогсохгүй Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчид гэрээний нэн тааламжтай нөхцөл хийгээд хөрөнгө оруулалтын дүнг эхний удаагийн харилцан тохиролцсон гэрээний төсөлд нэг тэрбум гаруй, хоёр дахь удаагийн хэлцлийн үр дүнгээр тохиролцож батлагдсан гэрээгээр гурван тэрбум ам.долларыг өсгөж өгсөн байдаг.

Үүгээр үл барам хөрөнгө оруулалтын гэрээнд Оюутолгой ордын хайгуулд ойролцоогоор нэг тэрбум ам.доллар зарцуулсан гэж тусгасан ч “Айвенхоу майнз Монголия инк” ХХК-ийн гаргасан тооцоогоор 171.7 тэрбум төгрөг, үүнээс өрөмдлөгийн ажил 74867.9 сая төгрөг, лабораторийн ба туршилт шинжилгээний ажил 8929.5 сая төгрөг, дээжлэлтийн ажил гурван тэрбум төгрөг зарцуулсан гэж хайгуулын ажлын үр дүнгийн тайланд тусгасан байна. Эдгээр ажлын нийт дүн дөнгөж 86.8 тэрбум төгрөг болж, гаргасан дүнгээс 84.9 тэрбум төгрөг дутуу байгаа нь хөндлөнгийн шинжээчдэд эргэлзээ бий болгоод байгаа юм. “Айвенхоу майнз Монголия инк” ХХК Оюутолгой ордын хайгуулд нэг тэрбум ам.доллар байтугай 100 сая ам.доллар зарцуулсан гэсэн ч ихээхэн эргэлзээтэй төдийгүй энэ нь үндсэн баримтаар нотлогдоогүй хэмээн шинжээчид бас тайлбарлалаа.

Ер нь Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хөрөнгө оруулагчдад нэн ашигтай олон арван зүйл, заалтын уршгаар Монгол Улсыг, манай ард түмнийг өнөө болон хожмын үед төлж баршгүй өр төлбөрт оруулсан зовлонд унагаж онгорхой нүх үлдээх нь тодорхой болжээ.  Үүнийг шийдвэр гаргагч эрхмүүд мэдсэн ч яагаад чимээгүй, таг чиг дүлий байна вэ.

Ж.ЦОГЗОЛМАА

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих