Л.Гантөмөр: Шашин боловсролын салбараар хүчээ авна гэж байдаггүй
УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Боловсролын шинэчлэлийн асуудал юу болж байна вэ. МУИС- ийн шинэчлэл бүтцийн өөрчлөлт хэл амтай байна?
-Бидний ажил бол сургуулийн өмнөх боловсрол, бага, дунд боловсрол, дээд боловсрол, шинжлэх ухаан гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр хийгдээд дуусаж байна. Үүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Бага боловсролын арга зүйл технологийн шинэчлэл, үнэлгээний шинэчлэл, багшийн ажлын үнэлгээний шинэчлэл гэх мэт ажлууд мөн хийгдээд дууссан.
Ирэх хичээлийн жилээс эдгээр ажлууд эхлэх юм. Үүнд лаборатори сургуулиудын 1260 багш оролцсон бол 300 гаруй эрдэмтэн багшийн баг ажиллаж байна. Япон, Английн эрдэмтэд бидэнд зөвлөгөө өгч байгаа. Мөн Финлянд, Польш, Сингапур, Японы боловсролын шинэчлэлийн хөтөлбөрүүдтэй танилцан ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Манай боловсролын салбар 20 гаруй жил шинэчлэлийн аяныг хийлээ. Түүнээс олж авсан туршлагууд биднийг эдгээр ажлыг амжилттай хийх боломжийг олгож байна. Энэ ажлуудыг хийхийн тулд хүрсэн амжилтаа бататгах хэрэгтэй.
Түүнчлэн энэ цаг үед дэлхий нийтээрээ ямар боловсролын орчинг хүсч байгааг ойлгохыг хичээсэн. Дэлхий нийтээрээ хаашаа явж, юу руу тэмүүлээд байна. Бусад орнуудын хүрэхийг зорьж буй тэр зорилтыг бид хангавал, бусад орнуудын хүрч амжаагүй зорилтыг хангахын төлөө ажилласан гэдгээрээ онцлогтой. Энэ ажлынхаа ард үндсэндээ гарсан гэж ойлгож болно. Цөм хөтөлбөрөө үндэсний хэмжээнд түгээх ажил үлдээд байна.
-Үндэсний хэмжээнд түгээх гэдгээ тодруулахгүй юу?
Үндэсний хэмжээнд түгээнэ гэж яагаад яриад байна гэхээр эхлээд бид хөтөлбөрийн боловсруулалтаа хийж байгаа юм. Боловсруулалт хийж байхдаа багш нарыг оролцуулахын тулд лаборатори сургуулиуд дээр урьдчилсан туршилт хийгээд түүнийг дууссаны дараа боловсруулагдсан .материалаа бүтэн жилийн турш 40 сургууль дээр жилийн хугацаанд туршиж байна. Хэдэн эрдэмтэн цаас гаргаад түүнийгээ сургуулиудад тулгах биш илүү амьдралд ойр болж гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр (өчигдөр) 40 лаборатори сургуулийн удирдлагууд, боловсролын газрын дарга нар цуглаад эцсийн сургалт семинарыг хийж байна. Семинарт ирсэн бүх хүн одоо л өөрсдийн бодол санаагаа илэрхийлэх эрхтэй. Хурим болоход хурим эсэргүүцэж байгаа хүн байвал одоо хэлээрэй. Байхгүй бол насан туршдаа чимээгүй яваарай гэдэг шиг хэлэх санаа оноо байгаа бол түүнийгээ хэлээрэй гэсэн сургалт явагдаж байгаа юм. Нэгэнт хэлэлцэгдээд гараад ирсний дараа араас нь чулуу шидэх хэрэггүй гэсэн зарчим үйлчилж байна.
Бидний хүрэх зорилго хүүхэд бүр өөрийн авьяас чадварыг нээсэн, хүүхдүүдийн чадвар өдрөөс өдөрт ахиж байдаг сургалтын орчинг бүрдүүлэх зорилготой. Ахлах дунд ангийн боловсролын шинэчлэлийг дараагийн хичээлийн жилээс нь нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Ямартай ч 2017 он гэхэд бага, дунд, сургуулийн өмнөх гэсэн боловсролын шийдлийг олж ард нь гарсан байх юм. Монголын боловсролын тогтсон соёлыг бий болгож чадна.
-Үүнийг батлахаар шинэ санал санаачилга нэвтрүүлэх боломжтой юу?
-Дэлхий болон Монголын багш, судлаачдаас гарч буй саналууд энэ систем дотор байнга амилж байдаг орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Энэ орчныг яаж бүрдүүлэх вэ гэхээр мэдээллийн нэгдсэн системийг угсарч байна. Маш том инженерийн ажил явагдаж байгаа юм. Өмнө нь нэг сая хүнийг хамарсан томоохон хэмжээний систем үйлдвэрлэгдэж байгаагүй. Энэ ажлын ард гарчихвал эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ тухай мэдээллийг авдаг болчихно. Өөрсдийн саналыг хэлдэг болно.
Сургуулийн тухай эцэг, эхчүүдийн санал, санхүүжилт нь ил болох юм. Мөн багш нарыг цаасаар дардаг явдал эрс багасна. Багш нар, эрдэмтдийн санал санаачилга энэ систем дээрээ гардаг болчихно. Хаа холын багш Гантөмөр сайдаар зөвшөөрүүлэх гэж явах шаардлагагүй болох учиртай.
Бидний хүрэх зорилго хүүхэд бүр өөрийн авьяас чадварыг нээсэн, хүүхдүүдийн чадвар өдрөөс өдөрт ахиж байдаг сургалтын орчинг бүрдүүлэх зорилготой. Боловсролын салбарын өөр нэг шинэчлэлийн чухал асуудал нь дээд боловсролын шинэчлэлийн асуудал юм. Үүн дээр чанар яригдана. Төгсөгчид сургуулиа төгссөний дараа ажлын байран дээр очиход гологдохооргүй шаардлагыг хангасан байх ёстой. Шинжлэх ухааны дээд боловсролыг бүрэн нэвтрүүлэх, судалгаан дээр суурилсан сургалтуудыг зохион байгуулах шаардлагатай.
Инженер механикууд эзэмших ёстой мэдлэгээс гадна өнөөдөр дэлхийд хийгдэж буй шинэ мэдээллээр хангагдсан байх ёстой. Дээр.таны асуусанчлан МУИС дээр хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, бусад сургуулиуд дээр хийгдэж буй бүтцийн шинэчлэлтийн гол зорилго нь шинжлэх ухааны орон зайг л тэнд бий болгохыг зорьсон. Багш нар зөвхөн хичээл заадаг бус эрдмийн ажил хийдэг болох ёстой.
Шинжлэх ухааныг хэрхэн шинэчлэх вэ гэдэг асуудал олон жил яригдсан. Сургалтын байгууллага, судалгааны байгууллага зэрэгцэн оршиж байж энэ бий болдог, үүнийг хийж байна. Хүмүүс намайг “Академийг хагаралдууллаа. Хүрээлэнгүүд өмнөх шиг бахь байдгаараа байна” хэмээн шүүмжилдэг. Үүнийг эвдэх амархан. Оронд нь юу босгох вэ гэдэг нь хамгийн чухал. Юуны тулд энэ хүүхдүүд сургуульд сурч, юуны тулд энэ олон залуус дээд сургуульд сураад байгаа юм.
Мэдлэгийн эдийн засгийг Монголд бий болгохын тулд сургадаг байхыг зорьж байна. Үр дүн нь Монголд мэдлэгийн эдийн засаг бий болсноор харагдах учиртай. Дэлхийд гарсан шинэ нээлтүүдийн дараа түүнийгээ дагаж хөгждөг. Тиймээс бид шинэ нээлтийг хийх чадавхтай, түүнийгээ дэлхийд экспортлох чадвартай мэдлэгийн эдийн засгийг хийж байж цогц шинэчлэл болж чадна.
-Сургуулийн орчин ингэж сайжирч байгаа ч үнэхээр өөрсдийн авьяас мэдлэгээрээ олон улсад гайхагдаж яваа сурагч, залуусыг төр дэмжихгүй байна гэсэн гомдол байдаг. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийлгүйгээр шинжлэх ухаан хөгжих үү?
-Бид газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, IQ-гийн чадамжаараа айргийн тавд байна. Байгалийн шинжлэх ухааныг өөрийн болгож чадсан залуучууд ихээр төрж байгаа. Энэ тоог олшруулах нь яамны нэгдүгээр зорилго. Зүгээр ганц хоёр од төрүүлээд зогсох биш олон одыг төрүүлэх хэрэгтэй. Шинжлэх ухааныг цаасан дээрээс хардаг байсан бол одоо гартаа оруулах ёстой. Өнөөдөр алтан медаль хүртэж байгаа хүмүүсээ төр дэмжиж байгаа. Их сургуульд ороход нь урилга өгч байна.
Оюутан байх хугацаанд нь 70 мянган төгрөгийг нэмж өгдөг. Нэг удаа л түрүүлсэн болохоор насан туршид дэмжиж бөөцийлөх нэрийн дор эвдэж болохгүй. Бид дэлхийн тэргүүлэх 20 сургуульд сурч буй хүмүүсийнхээ сургалтын төлбөрийг төлж байгаа. Тэргүүлэх 100 сургуульд ач холбогдол өндөр мэргэжлээр сурч байгаа бол сургалтын төлбөрийг төрөөс зээл хэлбэрээр олгодог. Сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллавал тэр нь тэтгэлэг болж өөрчлөгддөг. Монголоо орхиод тэр чигтээ явах юм бол тэр мөнгөө эргүүлж төлөх ёстой.
-Ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх үү?
-Хуулийн хариуцлага гэж байхгүй. Харин мөнгөний хариуцлага байгаа. Улсаас өгсөн зээлийг гадаадад амьдарч, ажиллаад төлье гэж байгаа бол тэр хүний сонголтын асуудал. Түүнийг хүчээр болиулж болохгүй. Би болоод улстөрчид нэг зүйлд итгэдэг юм. Тэр нь юу вэ гэхээр гадагшаа явсан хүн ямар нэг цаг хугацааны дараа эх орондоо ирдэг. Тэгэхдээ илүү үнэ цэнэтэй болоод ирдэг юм. Аль болох богино хугацаанд эх орондоо ирээд хувь нэмрээ оруулах нь мэдээж сайн хэрэг. Онцгой авьяаст хүүхдүүддээ онцгой дэмжлэг үзүүлнэ. Тэглээ гээд бид тэр хүнийг эвд болохгүй.
-Өнөөдрийн Монголын боловсролын түвшинд аль хэр байгаа бол. Олон улсад гэх манай урдаа барьдаг сургуулиуд нэлээд хойгуур жагссан байна билээ. Эсвэл судалгаа байгууллагын алдаа байв уу?
-Судалгаа бол худ| хэлэхгүй л дээ. Эдгээр сургуулиудыг юугаар үнэлж байна гэдэг чухал. Тухайн сургууль өөрөө мөнгө олох чадвартай юу гэдгээр нэгдүгээрт шалгаруулдаг. Түүний дараа эрдэм шинжилгээний потенциал байна уу гэдгийг нь хардаг. Гуравдугаарт гадаад харилцаа буюу олон ул хүлээн зөвшөөрөгддөг эсэх талаар нь үнэлдэг. Манай сургуулиуд байраа ахиулахын тулд гарцаагүй эрдэм шинжилгээний байгууллага болж хөгжих ёстой. Дараа нь гаднаас оюутан авах хэмжээний чадавхтай болох шаардлагатай. Мөн олон улсын зарим сургуулийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
Өнөөдөр МУИС Английн эдийн засаг, бизнесийн магистрын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бол нэмэх үнэлгээ авч ирнэ. Бид яавал сайн сургууль болох вэ гэдэг харааг нь дүгнэж буй байгууллага нь заагаад өгчихөж байна гэсэн үг. Эрдэм шинжилгээний ажил дээрээ богино хугацаанд амжилт гаргаж чадвал 1000 руу ороод ирэх боломжтой. Хамгийн гол нь эрдэм шинжилгээний ажил хийгээгүй, хийлгээгүйд л байгаа юм.
Сүүлийн жишээ гэхэд Хятадын ХААИС Монголын тэмээний генийн судалгааг бүрэн хийж “National сэтгүүлд хэвлүүлснийхээ дараа 30 дугаар байрнаас тавдугаар байр руу орж ирсэн. Энэ судалгаанд нь Монголын маш олон эрдэмтэд оролцсон юм билээ. Харамсалтай нь тэр хүмүүс өөрсдөдөө судалгаа хийгээгүй. Генийн кодыг тайлах бүрэн боломж манайд байсан.
Манайхан судалгаагаа мөрөөдөлтэй хийхгүй байна. Монголынхоо жижиг асуудлыг шийдэхийг оролддог. ЭМШУИС дээр чихрийн шижин өвчнийг бүрэн эмчлэх, хавдрыг эмчлэх хоёр том судалгаа хийгдэж эхэлнэ. Энэ дэлхийд нээлт болох байх. Зөөлөн хатуу бүх дэд бүтцийг нь хийж өгч байна. Өндөр зорилго тээгээд ажлаа эхлүүлбэл дагаад тодорхой асуудлууд шийдэгддэг.
Бид хязгаарлагдмал түвшинд судалгаа хийдэг. Энэ нь хязгаарлагдмал шинжлэх ухааны түвшинд бариад байдаг аюултай. Бид шинжлэх ухааны дэд бүтцийг хийж өгөөгүйгээсээ болж алдсан. Манайхан хэтэрхий үнэтэй юм гэдэг. Гэвч нэг хийгээд авчихсан байхад маш их мөнгө олж болдог юм байна гэдгийг ойлгоогүй. Одоо бид зоригтойгоор шинжлэх ухааны дэд бүтцээ дэлхийн жишигт хүргэнэ.
- Манай эрдэмтэд маш амбицтай. Өөрсдийн үзэл бодлыг үнэн гэж тулгадаг. Монгол хэлний тухайд л өөрсдийн дураар ном гаргаж, үсэг хасна, нэмнэ гээд бөөн асуудал тулгарч байсан. Энэ олон хүмүүсийг яаж нэгтгэх вэ?
-Нийгмийн ухаан дээр ихээхэн хүндрэлтэй. Яагаад гэхээр нийгмийн ухаан өөрийн философи дээр хийгддэг. Үүнийг базахын тулд нийгмийн ухааны хаан гэгддэг эдийн засгийн ухаан дээрээ зангидаж явах болов уу. Статистикаар гарч буй онол, зарчмуудыг нэгтгэх ажил зохиогдоно. Байгалийн ухаан дээр хүнд асуудал байхгүй. Өргөн харж чадах чадвартай хүмүүс зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Шинжлэх ухааны чадвартай залуучуудад шинжлэх ухааныг яаж бизнесийн нүдээр харах вэ гэдэг сургалтуудыг эхлүүлж байгаа. Судалгаа нэг аялал жуулчлалын компани дээр хийгдэх биш дэлхийн түвшинд хийгдэх хэрэгтэй юм. Дэлхийг харж л судалгаа хийхгүй бол шинжлэх ухаан бол юу ч биш. Шинжлэх ухааны алтан зарчим бий. Тэр нь “Чи алтан медаль л ав. Мөнгө хүрэл медаль гэж байхгүй”. Их сургуулиуд дээр шинжлэх ухааны бүтцийг хийхдээ бизнесийн цар хүрээг өргөн болгох сургалт хийж байхыг удирдлагуудад нь хэлээд байгаа. Нэг сэдэв аваад ноцолдоод байгаа эрдэмтний хувьд шинэ эрдэм шинжилгээ гэж гарахгүй.
-Японд мянган инженер бэлтгэх Засгийн газрын хөтөлбөрт иргэд ам сайтай байна. Хүн бүр л хүүхдээ явуулах хүсэлтэй байгаагаа хэлж байсан. Зарим нь ар өврийн хаалга л байгаа даа гэсэн хардлагатай байх юм?
-Энэ асуудлыг шийдэхийн тулд сайд болсноосоо хойш жил хагасын хугацаанд ажиллахдаа өмнө нь япон эрдэмтэд; улстөрчидтэй ойр байсны хувьд богино хугацаанд шийдвэр гаргуулж чадлаа гэж бодож байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын Японд хийсэн айлчлал, Японы Ерөнхий сайдын манай оронд хийсэн айлчлалын үр дүн мэдээж нөлөөлсөн. Үүнд Ерөнхийлөгч, Их хурал санаачилга гаргаж ажилласанд баяртай байгаа. Хэрэгжилт нь тодорхой байгаа. МУИС, ШУТИС- ийн Инженерийн ангийн оюутнууд хамрагдана. Тиймээс дарга нарын болон түр зуурын хүүхэд явна гэж байхгүй.
Бид тэднийг эх орондоо хоёр жил сургаад Японд хоёр жил сургах төлөвлөгөө гаргасан. Багш нарын хувьд Япон руу дахин магистр, докторын сургалтад хамрагдаж болно. Миний зүгээс Японы талд нэг санал гаргасан нь Японд суралцах хүүхдүүдийн шалгалтыг та нар аваарай гэсэн. Японы тал үүнийг таатай хүлээж авсан. Учир нь ямар хүүхэд манай сургуульд тэнцэх вэ гэдгээ тэд мэддэг учраас тэр. Яамны болон бидний зүгээс ямар нэгэн хүн явуулах гуйлга байхгүй.
Мянган инженер бэлтгэхийн хажуугаар Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэх хүсэлтээ тавьсан. Мөн донор байгууллагууд болох Азийн хөгжлийн банкнаас Японд суралцуулахад тусалъя гэдэг санаачилга гаргасан. Мянган инженерийн төсөлд хүч оруулсан 2-3 төсөл нэмж хэрэгжих байх. Тиймээс ойрын жилүүдэд гурван мянган залуу суралцах орчин бүрдэнэ.
-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол орж царцаасан 243 обьектын аудитын дүгнэлтийг хэлэлцэнэ. Эдгээр обьектод танай яамны харьяа хичнээн барилга байгаа вэ. Гуравдугаар сургууль гэх мэт зарим сургуулийг шинээр барина гээд нураасан. Сургуулиуд хэзээ ашиглалтад орох бол?
-Энэ онд 80 сургууль, 80 цэцэрлэг хүлээлгэж өгөх зорилттой ажиллаж байна. Царцсан барилгуудын ихэнх нь баригдана гэдэгт итгэж байгаа. Аймаг, сум, Боловсролын яамнаас шалтгаалсан үнийн өөрчлөлт нэгээхэн ч байхгүй. Үнийн өөрчлөлт төсөв бодох аргачлалтай холбоотой.
Гуравдугаар сургуулийн барилгыг ирэх хичээлийн жилд ажлыг нь дуусгах ёстой гэж шахаж ажиллана.
Мөн бараа бүтээгдэхүүний зах зээл дээрх үнэ, зураг төсөв хийж байгаа компанитай холбоотой байгаа л даа. Эдгээрээс шалтгаалж хүүхдүүд хохирч болохгүй. Тиймээс Боловсролын сайдын хувьд зураг зурах эрхээ Барилгын сайдаас аваад компаниуд зургаа зурж байгаа гэж бодож байна. Төсөв хийж байгаа хүмүүс нь Сангийн сайдаас эрхээ авч төсвөө хийсэн гэж ойлгож байгаа. Энэ хүмүүсийн хийсэн зураг, төсвийг бид ажил болгохоос өөр арга байхгүй. Асуудлыг шийдэх шийдлээ ойрын хугацаанд гаргана. Гуравдугаар сургуулийн барилгыг ирэх хичээлийн жилд ажлыг нь дуусгах ёстой гэж шахаж ажиллана.
Концессын хуулиар 80 орчим сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барих ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцан эхлүүлж байна. 80 орчим барилгаас 40 орчим барилгыг энэ жил эхлэх шаардлагагүй гэсэн аудитын дүгнэлт гаргасан байна лээ. Их хурал хэлэлцэх байх. Тиймээс Засгийн газрын хуралдаан дээр өөрийн үгээ хэлнэ. Яам өөрийн байр суурийг илэрхийлнэ.
-Жил бүрийн намар их, дээд сургуулиуд үнээ нэмж иргэдийг бухимдуулдаг. Үнэ нэмэгдэхийн хэрээр сурах орчин сайжирч, боловсролын чанар дээшилж байна уу?
-Мэдээж мөнгө зарж байгаа юм чинь чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Харин сургалтын төлбөр дээр дулдуйдахгүйгээр судалгааны ажлаар мөнгө олох чадавхыг их сургуулиуд маань бий болгох хэрэгтэй. Энэ зорилтыг хангаж ажиллахыг сургуулиудыг захирлуудад үүрэг болгож байгаа. Сургалтын төлбөртэйгөө ноцолдохоос илүүтэйгээр болохгүй байгаа зүйлээ шийдэх мөнгийг бид хаанаас олж болох вэ гэдэг дээр менежер хүн илүү хариуцлагатай, бодлоготой ажиллах ёстой. Их сургуулиудын биеэ даасан байдал академик эрх чөлөөг хангасан хуулийг бид яаралтай батлах шаардлагатай.
Дээд боловсролын тухай хууль нэмэлт, өөрчлөлт хийгдээд батлагдчихвал биеэ даасан, тогтвортой хугацаанд өөрийн хөгжлийг төлөвлөх боломж гарч ирнэ. Тэгэхгүйгээр миний зүгээс болон Засгийн газрын зүгээс хэт их оролцох нь их сургуулийн биеэ даасан байдал, хөгжилд үнэхээр чөдөр тушаа болж байна. Саяхан твиттер дээр нэг шог яриа гарсан байна лээ. Тэр юу гэхээр “Миний хүүгийн цэцэрлэгийн төлбөр их сургуулийн төлбөр хоёр адилхан байна” гэтэл нэг нөхөр “Тэгвэл тэр их сургуулийн оюутан чинь цэцэрлэгийн боловсрол олж авч байгаа юм байна даа” гэсэн байна лээ. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр хэт их төрийн оролцоо их, дээд сургуулиудыг чанаргүй болгох хүчин зүйл нь байжээ.
-Төгсгөлд нь асуухад таныг мүүнийн шашинтан гэж хэсэг шүүмжилсэн. Үнэхээр тэр шашныг шүтдэг юм уу?
-Хүний шашин шүтэх эс шүтэх эрх нь нээлттэй байдаг. Миний хувьд буддын шашныг шүтдэг. Энэ итгэл үнэмшилдээ бат зогссоор ирсэн. Боловсролын салбарт аливаа нэг шашныг хамруулах шаардлагагүй. Шинэчлэлийн Засгийн газар ажлаа явуулахад олон гүтгэлэг, доромжлол тулгарч байна. Тэглээ гээд ажлаа алдаж болохгүй. Шашин боловсролын салбараар хүчээ авна гэж байдаггүй. Тэгэх ч боломжгүй.
URL: