П.Ганхуяг, Н.Алтанхуяг хоёрын аль нь хүчтэй вэ?
Хуучин оны төгсгөл дээр Дорноговь аймгийн засаг ноён П.Ганхуягийг ИТХ-ын олонхи болсон АН-ын төлөөлөгчид таван ч үндэслэлээр ажлаас нь буулгахаар болсон ч Ерөнхий сайд үл зөвшөөрсөн учраас ажилдаа үлдэж байв. Харин суудалдаа эсэн мэнд үлдсэн П.Ганхуяг төвийн хэвлэл мэдээллээр төлбөртэй нийтлэл цаацж тэднийгээ нэг сайн баалснаар энэ явдал чимээ намдаасан.
Тус төлбөртэй материалын гарчиг ч сүртэй. “Албан тушаалын шахаанд өгсөн П.Ганхуягийн “салаавч” гоё байлаа” гэсэн мундаг материал. Төлбөртэй бичлэг бичсэн эрхэм ч дурдахдаа “П.Ганхуяг гэдэг засаг ноёныг би танихгүй. Мэдэх ч үгүй.
Гэхдээ аймгийнхаа АН-ын увайгүй хэдэн нөхөд рүү гаргасан “салаавч”-ийг нь түмэн олон бүү хэл төр үнэлсэн ч багадах биз” гэж байлаа шүү дээ. Ийнхүү хөшигний ар талд аймгийнхаа ИТХ дахь АН-ын нөхдийг баалаад зогсохгүй, эрх баригчдын өөдөөс цоролзож байсан П.Ганхуяг одоо ёстой огцрох бололтой.
Яагаад гэхээр тус аймгийн ИТХ дахь АН-ын төлөөлөгчид ахин таван үндэслэлээр Засаг ноёноо огцруулахаар хандана гэдгээ бидэнд мэдээлэв. Хамгийн гол үндэслэл нь Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байх байгалийн баялагтай газрууд болон тусгай зөвшөөрөлтэй, ашиглаж буй, ашиглахаар зэхэж буй орд газруудын асуудлаар ноцтой баримтууд дэлгэх гэнэ. Тэд хэлэхдээ “Бид одоогоос гурван сарын өмнө Засаг даргынхаа буруутай үйл ажиллагааг таслан зогсоож нийгэмд шударга ёс тогтоохоор хууль ёсны дагуу хандсан ч АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хаацайлж өнгөрөөсөн. Харин энэ удаад бид түүнийг огцруулахгүй бол дараа дараагийн алхамаа хийнэ. Ингээд зогсохгүй, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хаях арга хэмжээ хүртэл авна. Энэ удаад Ерөнхий сайд нь хууль зөрчсөн Засаг даргаа дийлдэг үгүйг нэг харна. Ер нь ингэхэд Н.Алтанхуяг П.Ганхуяг хоёрын аль нь хүчтэйг одоо л харъя” гэдгээ мэдэгдсэн юм.
URL: