Робот (Богино хэмжээний аймшгийн өгүүллэг)
Нэг ээж хүүтэйгээ хамт тоглоомын дэлгүүрт оржээ. Хүү нь бүх тоглоомыг хайхрахгүй явж байснаа хамгийн сүүлд нэг тоостой буланд хэвтэх амгүй роботыг сонгож гэнэ. Худалдагч нь анхандаа тэр тоглоомыг хүүд зарахаас татгалзсан боловч хүү уйлаад салахгүй байсан тул арга буюу зарахыг зөвшөөрчээ. Зарах үедээ худалдагч ээжид нь:
-Би энэ тоглоомыг танай хүүд худалдаж болноо. Гэхдээ та хэзээ ч хүүхдээ тоглоомтой нь цуг хоёулахнаа нь үлдээж болохгүй шүү гэж зөвлөжээ.
Ээж нь ч зөвлөгөөг зөвшөөрч, хүүтэйгээ цуг гэртээ харив. Гэртээ дөнгөж ортол утас нь хангинаж, нөхөр нь осолд орсон тухай хэн нэгэн хүн утасджээ. Хүүгийн ээж сандран утсаар ярьсан хүний заасан эмнэлэг дээр очвол тэнд ямар ч осолд орсон хүн байсангүй, хэн ч энэ тухай мэдэхгүй байв. Бүсгүй бодол болон гэр лүүгээ явж байснаа гэнэт нөгөө худалдагчийн хэлснийг санаад хар хурдаараа гүйлээ. Гэртээ иртэл хүү нь байсангүй, тоглож байсан робот амныхаа хавьцаа цус болчихсон газар хэвтэж байжээ. Гэнэт нөгөө робот нүдээ нээгээд:
- Одоо чи бид хоёр хоёулахнаа үлдсэн тийм ээ?? гэж гэнэ…
URL: