Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж, өмчид халджээ
Бид эрх зүйт төртэй, ардчилсан улсын иргэн. Тиймээс та бидний хувийн өмчийг Төр хамгаална гэдэгт итгэдэг. Гэсэн ч эрх мэдэл албан тушаалдаа эрдсэн зарим нэг хүмүүс бусдын өмчийг хэрхэн шамшигдуулж, эзлэн булаадгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өөрийн үйлдлээрээ үлгэрлэж байна.
Тэрээр Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван нартай хэтэвчээ нэгтгэн, хууль бус эрх зүйн чадамжгүй шийдвэрүүдээрээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг өөрсдийн болгох гэж бусдын өмчинд эрээ цээргүй халджээ.
Уг нь Тээвэр хөгжлийн банкны 51 хувийг Инфрастракчер ХХК эзэмшдэг бөгөөд тус компани Монголбанк болон УБЕГ-ын ХЭБГ-т банкны хууль ёсны давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусадтай үгсэн хуйвалдаж Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайваны тус банкин дахь хувийг 26 орчим хувиар нэмэгдүүлсэн хууль бус шийдвэр гаргах замаар Инфрастракчер ХХК-ийн банкин дахь эзэмшлийн 51 хувийн хувьцааг 25 хүртэл хувь болгон бууруулж Инфрастракчер ХХК-нд онц их хэмжээний хохирол учруулаад байна.
Гэхдээ тэдний энэхүү хууль бус үйлдэл нь анх Тээвэр хөгжлийн банкны 8,66 хувийн хувьцааг эзэмшигч гэх Д.Энхтайван гэгчийн төрсөн дүү Д.Энхжаргалын Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ мөн л хууль зөрчин, шунайхан сэдлээр тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр “2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/24 тоот тушаал”-ыг үндэслэлгүйгээр гаргуулахын хамтаар Тээвэр хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал, дэд захирал нарыг ажлаас нь халуулж, банкны удирдлагаар өөрийн ураг төрлийн хүмүүсийг өргөмжилснөөр эхэлсэн түүхтэй.
Харин энэ удаад Банкны эрсдэл даах чадварыг дээшлүүлж, хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр тушаалаар “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 16.0 тэрбум төгрөг болгох шаардлагыг банкууд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ханган ажиллахыг” үүрэг болгосны дагуу 2013 оны 04 сарын 19-ны өдөр Тээвэр хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдан Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 18,0 тэрбум төгрөг байх тогтоолыг гаргасан байдаг.
Тиймээс тус банкны 51 хувийг эзэмшидгийнхээ хувьд Инфрастракчер ХХК-ийн зүгээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгөд 10,0 тэрбум төгрөгийг нэмж оруулахаар шийдвэрлэж, энэ тухайгаа хууль, журмын дагуу Монгол банкинд мэдэгдэн, хувь нийлүүлсэн хөрөнгийг хэрхэн ямар дансанд байршуулах талаар Монголбанкны Хяналт, шалгалтын газар болон Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, мөн Монгол банкны Хууль, эрх зүйн газруудад хүсэлтээ удаа дараа гаргасан боловч, Монголбанкны зүгээс эргэн хариу мэдэгдэхгүй байсаар хуулийн хугацаа нэгэнт өнгөрч, Инфрастракчер ХХК-ийн эрх онц ноцтойгоор зөрчигдөөд байсан ч арилжааны банкны хувь нийлүүлэгчид ижил тэгш зарчимаар хандах ёстой Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Инфрастракчер ХХК-ийн хувь эзэмшигчдийн эрхийг хамгаалах нь битгий хэл харин ч 51 хувийн хувьцаагаа өөрийн хамтрагч нартаа асар хямд зарахыг Инфрастракчер ХХК-нд удаа дараа тулган шаардсан ч түүний хууль бус шаардлагыг хүлээж аваагүй байна.
Гэтэл энэ явдлаас хойш буюу 2013 оны 8 дугаар сард Тээвэр хөгжлийн банкны 8 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайваны Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг түүний бусдаас бэлэглэлээр авсан гэх 8.0 тэрбум төгрөгөөр/мөнгө угаасан байж болзошгүй/ нэмэгдүүлэх хууль бус хүсэлт гаргасныг Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А-1/1110 дугаар албан бичгээрээ дур мэдэн ёсчлон биелүүлж, Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хууль ёсны өмчлөгч буюу Монголбанкинд албан ёсны бүртгэлтэй Инфрастракчер ХХК-ийн өмчид онц ноцтойгоор халджээ.
Ингэхдээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нь Инфрастракчер ХХК-ний 51 хувийн хувьцааг 25 хувь болгон бууруулж, Д.Энхтайваны 8.66 хувийг 26 хувиар нэмэгдүүлсэн илт хууль зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан шийдвэрийг гаргасан байдаг.
Н.Золжаргалын хууль бус дээрх шийдвэрийг үндэслэн Тээвэр хөгжлийн банкны 49 хувийн хувьцаа эзэмшигчид нь хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр нэртэй хуурамч тогтоолыг банкны 51 хувийн хувьцаа эзэмшигчдийн оролцоогүйгээр үйлдэж, Тээвэр хөгжлийн банкны хууль ёсны 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Инфрастракчер ХХК-ний улсын бүртгэлийг УБЕГХЭБГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад шууд нөлөөлөх замаар дур мэдэн өөрчлүүлж, Инфрастракчер ХХК-ний хууль ёсны өмчлөх эрх төдийгүй тус компаний эзэмшлийн 14 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий өмчид халдсан залилангийн гэмт хэргийг давхар үйлдсэн болох нь тодорхой байна.
Тэрчлэн Төр түмнийхээ өмчийг сахин хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллага болох УБЕГХЭБГ-ыг ч өөрсдийн залилан мэхлэлтэндээ татан оруулж, гэмт хэргийнхээ хамсаатан болгосон нь чононд хонь хадгалуулахын үлгэрийг сануулах аж. Иргэн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгийг хуулийн дагуу хадгалан хамгаалж байх эрх үүрэг бүхий УБЕГ-т найдаж суусан Инфрастракчер ХХК-ийн олон тэрбум төгрөгийн хувьцаа бусдын гарт хууль бусаар орсон байсныг эзэд нь хоёр гурван сарын дараа олж мэдсэн байна. Энэ мэтээр хичнээн олон иргэн аж ахуйн нэгжийн өмч бусдын өмч, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглагчдын гарт хууль бусаар орж, хохирогчид нь хэнд яаж хандахаа мэдэхгүй дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчийн зовлонг эдлэж суугааг таашгүй. Ийм байхад иргэд бид хэндээ итгэж, эд хөрөнгө эрх чөлөөгөө баталгаажуулах вэ гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна.
Даравч далдайна булавч бултайна гэдгийн үлгэрээр, төрийн нэр, албан тушаалаараа далайлган дээрэм хийж байгаа Н.Золжаргал нарын эдгээр залилагчдын дээрх үйлдлүүд бүгд хууль бус залилан мэхлэлт болохыг Монголбанкныхан ч өөрсдөө тогтоосон байна.
Тухайлбал Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр тушаалаар “Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 16.0 тэрбум төгрөг болгох шаардлагыг банкууд 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ханган ажиллахыг” үүрэг болгосны дагуу Д Энхтайван нар Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийг бүрэн төлөөлж байгаа мэтээр 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Монгол банкинд ирүүлсний дараахан Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Д.Ганбат хууль зүйн дүгнэлт гаргуулах тухай 126 тоот албан бичгийг Монголбанкны хууль, эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаярт хандан хүргүүлсэн байна.
Үүний хариуд Монгол банкны эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 129 тоот бичгээрээ: Тээвэр хөгжлийн банкны 49 хувийн хувьцаа эзэмшигчдийн 2013 оны 02 дугаар сарын 08-нд хуралдуулсан гэх “ээлжит бус хойшлогдсон” хурал болон тус хурлаас гарсан 107-03 дугаар тогтоол нь тус тус эрх зүйн чадамжгүй бөгөөд энэ хурал, хурлаас гарсан шийдвэр компанийн тухай хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус шийдвэр бөгөөд Монголбанкны зүгээс Тээвэр хөгжлийн банкны 49 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа нарын хувь нийлүүлсэн хөрөнгийг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг албан ёсны дүгнэлтийг Хяналт шалгалтын газарт хариу мэдэгдэл хүргүүлсэн байна.
Мөн Монголбанкны зүгээс Тээвэр хөгжлийн банкны 49 хувийн хувь нийлүүлэгчид болох Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа нарт хандан 2010 оны 04 дүгээр сарын 16-нд 6/698, 2010 оны 05 дугаар сарын 28-нд 6/968, 2010 оны 07 дугаар сарын 22-нд 6/1267, 2010 оны 09 дүгээр сарын 19-нд 1а1505 тоот албан бичгүүдээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтцэд өөрчлөлт орохоор бол холбогдох хууль журмын дагуу ажиллах, хувт нийлүүлэгчдийн хурлаа хууль дүрмийн дагуу хийж хүчин төгөлдөр шийдвэх гаргаж, банкны ТУЗ болон гүйцэтгэх удирдлагыг яаралтай томиллож, банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажиллахыг тус тус даалгаж байсан тухайгаа ч Г.Эрдэнэбаяр албан бичигтээ дурдсан байдаг.
Ийнхүү асуудал хариуцсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас эхлээд Монголбанкны ХШГ-ын захирал Д.Ганбат, Эрх зүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр, болон бусад хэлтсийн захирал, хянагч нар бүгд дээр дурдсанаар Д.Энхтайван, Д.Энхтуяа, Б.Оргилмаа нарын хувь нийлүүлсэн хөрөнгийг МАКС ХХК-аас Д.Энхтайваны бэлгэнд авсан гэх 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэдгээ удаа дараа анхааруулсаар байжээ.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал өөрийн хувийн сонирхол, шунахай сэтгэлдээ автан хууль журмыг уландаа гишгэн, доод албан тушаалтнуудаа элдэв янзаар дарамтлах замаар шууд үүрэг өгч, хууль бус үйлдлээ гүйцэтгүүлсэн нь энэ мэт олон төрлийн хөдлөшгүй баримтаар батлагдажээ.
Мөн энэ тухай Инфрастракчер ХХК-ийн нэхэмжлэл бүхий хэргийн талаар Монгол Улсын хоёр ч шатны шүүхийн шийдвэр Н.Золжаргал, Д.Энхтайван нарын үйлдэл хууль бус болохыг тогтоож, тэдний шийдвэрийг түтгэлзүүлээд байна.
Ийнхүү Монгол Улсын сан хөмрөгийг манаж суугаа Н.Золжаргал гэх эрхэм залилан мэхлэгч нартай шунахайн сэдэл, үйл хэргээрээ сүлбэлдэн, Ардчилсан төрт Монгол улсын хуулийг уландаа гишгэлэн, Үндсэн хуулиар хамгаалагдсан хувийн өмчид дур зоргоороо халдан, иргэн аж ахуйн нэгжид ихээхэн хэмжээний хохирол учруулаад байгаа энэ хэргээс улбаатай түүний хууль бус олон үйлдэл ар араасаа хөврөх нь нэгэнт ойлгомжтой болжээ.
URL: