Гэгээнтнүүд чухам ямар шинж чанарыг эрхэмлэх талаар бидэнд хэлж үлдээхийг хичээсэн юм бол?
Домгоос үзэхэд Бурхан багш (Гаутам Будда) хүмүүн бидний өөрөөсөө хүсвэл зохих 8 шинж чанарыг “Агуу Хүмүүний 8 үнэн” нэртэй сургаалиар хэлж үлдээсэн гэдэг. Зэн багш Доген мөн таалал төгсөхөөсөө өмнө Буддагийн дээрх сургаалийг тодотгон тайлбарлаж үлдээсэн байдаг.
Дээрх гэгээнтнүүд чухам ямар шинж чанарыг эрхэмлэх талаар бидэнд хэлж үлдээхийг хичээсэн юм бол?
1. Багыг хүсэх
Хүслээс бүр мөсөн ангижрах нь хүмүүн бидэнд боломжгүй нь тодорхой. Ядаж л хүслээс ангижрахыг “хүсэж” байж ангижрах болохоор бас нэг хүсэл үлдчих гээд байдаг. Бүх хүслийг таягдаж хаях бодлоо хаяж багыг хүсэхийг хичээх хэрэгтэй болтой.
2. Ханаж цадсанаа мэдэж байх
Ханаж цадахаа мэдэхгүй улс хичнээн баяжаад ч ядуу л байгаад байдаг. Байгаа юмандаа ханамжтай байж сурвал ядуу хүн ч баян мэт амьдрах.
3. Амар амгалан орших
Элдэв бүлэг, фракц, масс сэтгэлгээнээсээ ангижирч, аль болох тусгаар тогтносон сэтгэлгээтэй, олны дунд байвч бусдын бодол ярианд автахгүй байж, товчхондоо бидний хэлдгээр өөрийн гэсэн толгойтой байхыг хэлжээ
4. Уйгагүй хичээж оролдох
Чулуун дээрээс тасралтгүй ус дусаал байхаар чулуу хонхойж цоордогийг бид мэднэ. Уйгагүй хичээл оролдлогын үнэхээр сайхан жишээ.
5. Анхаарал, сонор сэрэмжээ алдахгүй байх
Яг одоо байгаа орчиндоо, энэ мөчдөө анхаарлаа хандуулж, мэдэрч амьдрах тухай ойлголт юм.
6. Бясалгах төлөвт оршихыг хичээх
Зазэн хэмээх суугаа бясалгал бол Бурхан багшийн өөрийнх нь хэрэглэдэг байсан бадамлянхуан суултаар сууж хийдэг бясалгал билээ. Түүнийг тогтмол хийж байхыг бидэнд хүсэж улмаар тэгэж суух үедээ олсон ухамсар, төлөвөө өглөөнөөс орой хүртэл юу ч хийсэн үргэлж хадгалж явахыг хэлжээ
7. Эрүүл ухаан, эрдэм мэдлэгийг хичээх
Өөрийнхөө талаар байнга эрэгцүүлэн бодож, өөрийгөө ажиглаж байвал эрүүл саруул ухаанаа гээхгүй байж чадна гэж Бурхан багш тодотгожээ.
8. Дэмий хоосон ярианд оролцохгүйг хичээх
Аливаа маргаанд ялагч гэж байдаггүй, ялагдагч ч гэж байдаггүй. Өөр өөрийн байр суурийг хамгаалах төдий. Энд хэн нэг нь зөв нөгөө нь буруу гэхээсээ илүү бие биеийн байр суурийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай л яригдах юм.
URL: