“Харанга”-аар овоглосон Лхагвасүрэн
Хэд хоногийн турш ганцхан дууг л мянгантаа сонслоо. “Хайртай гэхээсээ өмнө” Сэтгэлд тэгтлээ хүрсэн энэ дууг “Харанга”-ын Лхагвасүрэн дуулжээ. Дуулахын тулд төрсөн энэ хүний талаар бичих хэрэгтэй гэж бас бодлоо. Түүнийг зөвтгөхийг эсвэл буруутгахыг хүссэнгүй. Орлох дуучин Монголд байхгүй учраас хүндлэх хэрэгтэй гэж бодсон юм.
Анх Харангын тоглолтыг Дарханд үзэж байсансан. “Шүүдэр цэцэг”-т дурласан тэр үед би 7-р ангийн сурагч байлаа. Дэндүү гоё дуунуудыг этгээд залуу дуулж байсан нь Лхагвасүрэн байсан юм. Урт буржгар үсээ задгай тавьж, толгойгоо эрээн алчуураар ороосон байсан санагдана. Тэр дуулахдаа нүдээ анина. Түүнийг нүдээ анихаар дууных нь үг миний өмнө дүрс, зураг, салхи, цэцэг болж жирэлзэн өнгөрч байлаа.
Бодол. Шүүх хурлын өмнө түүний өмгөөлөгч “Ядрах цагт нөхрийн чанар танигдана гэж юутай үнэн үг вэ. Лхагвасүрэнгээс олон сайн нөхөд, алга нижигнүүлэн ташиж, магтан сайшааж байсан хүмүүс нүүрээ буруулсан юм. Гэвч бүгдийг муулах гэсэнгүй. Түүнийг “Ганц худаг”-т хоригдож, бие сэтгэлээр унаж явахад нь Монголын алтан үеийн олон сайхан ардын жүжигчид батлан даалтад авах хүсэлт хүртэл гаргаж байсан” гэжээ.
Виз. Хар тамхины хэргийн үеэр Лхагвааг “10 жилийн визтэй юм байж гадагшаа гараач” гэж хэлэх олон хүн байсан юм. Харин тэр “Эх орондоо л байвал шоронд байсан ч яахав” гээд тоогоогүй гэдэг. Тэр угаасаа л өөрийнхөөрөө.
Гэр бүл. Лхагваа гурвын гурван нялх үрээ ганцаараа тэжээх гэж яаж зовсныг мэддэг болохоор ээждээ хамгаас илүү хайртай. Түүний ээж Д.Дашцэрэн МУ-ын онц холбоочин, радио телевизийн тэргүүний ажилтан, бас шаггүй зохиолч хүн билээ. Дашцэрэн гуай залуухан сайхан насандаа тэрсхэн гурван хүүхдээ өсгөх гэж яаж зүдэрч байснаа, бас Лхагвасүрэнгийн бага насны талаар “Харангаар овоглосон хүүгийн ээж” нэртэй дурдатгал бичиж хэвлүүлжээ.
Дөчин нас. Лхагвасүрэнгийн хувьд өнгөрсөн хугацаанд олон ч зүйл үзэж, бишгүй л алдаж онож явсан. Харин одоо “тогтуун” амьдрах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн бололтой. Лхагваа албан ёсоор амьдарч байсан гурван эхнэрийнхээ талаар хэзээ ч муугаар дурсдаггүй юм гэсэн. Тэр хүү охин хоёроо өдөр ирэх тусам илүү их санадаг болж байгаа гэнэ лээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2009 оны наадмын өмнө уучлалын зарлиг гаргаж зарим хүмүүсийг сулласан ч тэдний дунд Лхагвасүрэн байсангүй. Ард түмэн, Лхагвасүрэн өөрөө ч уучлалын зарлигийг битүүхэн хүлээж байсан учраас энэ явдал түүнд төр төмөр нүүртэй гэдгийг мэдрүүлсэн юм. Харин ерөнхийлөгч Н.Энхбаяр суудлаасаа буухын өмнө дахин зарлиг гаргаж дуучин Х.Лхагвасүрэнд төрийн уучлал үзүүлсэн билээ.
Жаргал даахгүйн зовлон. Хугацаанаасаа өмнө суллагдаад удаагүй байхдаа Эрдэнэтийн “Уурхайчин” соёлын ордны урд зохиогдсон хамтлагийнхаа 20 жилийн ойн шоу тоглолтын дараа автын осол хийхэд олон хүн түүнийг “хайр даасангүй” гэж буруутгасан. Харин дотны хүмүүс нь энэ хэргийг хоригдож байхдаа даамжирсан нүднийх нь өвчнөөс боллоо гэж үзэж байв. Хараа муутай байтугай эрүүл нүдтэй хүн шөнийн гялбасан гэрэлд харах орчин хязгаарлагддаг гэж тэд тайлбарлаж байсан юм.
Зурдаггүй хүний дэргэд би зураач. Лхагвасүрэн өөрийгөө ийнхүү тодорхойлжээ. Түүний нуугдмал авъяас бол зураг зурах. Тэрээр морь, хүн, хөргийг сонирхогчийн түвшнээс хамаагүй дээгүүр зурдаг гэнэ.
Их зантай гэж маш олон хүн түүнийг тодорхойлдог. Өмгөөлөгч нь хүртэл шүү. “Анх түүнтэй уулзахад хар өнгийн савхин хүрэм, өмдтэй, том цагирган ээмэг зүүж, эрх эргүүлсэн, үг яриа нь их зантай залуу ирж байсан. “Ноён өмгөөлөгчөө” гэж харьцахад нь хүнд санагдаж байснаа нуух юун. Харин олон сарын дараа түүнийг хүүхдийн гэмээр гэнэн сэтгэлтэй, хүмүүст үнэн сэтгэлээсээ тусалдаг, сайн хүн гэдгийг мэдсэн” гэжээ.
Клип илүүдэх цорын ганц дуучин бол Лхагвасүрэн. Түүнийг дуулахад амьдралын нандин мөчүүд, хайртай хүмүүс минь аяндаа нүдний өмнүүр урган гарч, дуу нь ямар нэгэн дүрсгүйгээр, нэмэлт тайлбаргүйгээр зүрх сэтгэлд хүрдэг. Түүний дуу бүхэл бүтэн кино шиг, түүний аялсан аялгуу агуу их ухаарал шиг л санагддаг.
Лемон студийн Лхагвадорж бол Лхагвасүрэнгийн төрсөн дүү. Бас л ах шигээ өвөрмөц сэтгэлгээтэй, гэхдээ тэр авьяасаа дуу хоолойгоороо биш, нүд, сэтгэхүйгээрээ урлагт гаргаж яваа залуу. Лхагвадоржийн сонголт Харангын Лхагвасүрэн, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа 2-ыг ураг төрлийн холбоотой болгожээ.
Маск продакшны дэлгэцийн бүтээл “Хайр харуусал” кино 2 дуутай. Нэгийг нь дуучин Агиймаа, нөгөөг нь Харангын Лхагвасүрэн дуулжээ. “Хайртай гэхээсээ өмнө” дуу “Хайр харуусал” киног үзэхийг хүсэгчдийн тоог хэд дахин нэмэгдүүлж чадсан юм. Маск-ийн уран бүтээлчид энэхүү дууг Лхагвасүрэнгээр дуулуулсан нь маркетингийн хамгийн сайн хувилбар байлаа.
Намир цэцэг. Хүн бүр л түүнийг хар тамхины хэргээр шоронд орсон гэж боддог. Ямартаа ч түүний шоронд суусан жилүүдтэй Намир цэцэг холбоотойг мэдээд гайхах, харамсах зэрэгцсэн юм. Нойр булчирхайн өвчнөө дарахын тулд хэрэглэдэг байсан “Намир цэцэг” хар тамхины төрлийн хольцтой байсныг мэдээгүй бөгөөд гэрээс нь нэгжлэг хийх үед олдсон энэ ургамал түүний амьдралд нэгэн хар түүхийг үлдээжээ.
Овог. Лхагвасүрэнгийн нэрний өмнө маш томоор бичигдэх нэг л үсэг байдаг. Тэр бол “Х”. Гаргалгаа нь “Харангын” эсвэл “Хатанбаатарын”. Ард түмэнд тэр Харанга хамтлагаар цоллуулж, харин албан бичигт Хатанбаатарын гэж овоглодог. Лхагваа аавыгаа Хамбаа гэж дууддаг байжээ. Гэхдээ Хамбаагаа аавыгаа гэж огт мэдэлгүй олон жил армид хамт бүрээ тоглож сайн найзууд болсон байв. Төрсөн ах дүү, ээж гэр бүлийнхэн нь харин Лхагвааг Аяа гэж авгайлдаг юм билээ.
Өмдөн дээрх зүрх. Хэрэв энэ бичлэгийг Лхагвасүрэн уншвал “өмдөн дээрх зүрх” гэснийг хараад өөрийн эрхгүй инээмсэглэх бизээ. Тэр 4 настайгаасаа л ээждээ хань болж, тэрсхэн дүү нараа халамжлан, хоол ундыг нь бэлдэж, урагдсан өмдөн дээрээ зүрхэн хэлбэртэй нөхөөс хүртэл оёж, гэр орноо цэвэрлэдэг, ер нь л энэ бүхнийг яаж амжуулдаг юм болдоо гэмээр байсан гэдэг.
Первый раз. Лхагваа анх удаа Оросод тоглохдоо урлагийнхны залбирдаг “Большой театр”-т морилжээ. Монгол наадмын сүлд дуугаар тодроод байгаа “Толин хул” “Большой театр”-т цууриатаж, ах нарыг гайхшруулсан. Харин Харангын нэрийн хуудас нь болсон хамгийн анхны дуу бол “Шүүдэр цэцэг” билээ. Орцны гэж нэрлэгддэг энэ дууны эзнээр гурван хүний нэр яригддаг ч Х.Лхагваа Цоожоогийнх хэмээн ярьдаг гэсэн.
Рок попын ертөнцийг Лхагвасүрэнгүйгээр төсөөлөх аргагүй. Лхагвасүрэн дуулж эхэлснээр Монголын рок поп урлаг өөрийн гэсэн содон, дахин давтагдашгүй өнгө төрхтэй болсон юм. Рок түүхийг “Харанга”-гүйгээр, харин “Харанга”-ыг Лхагвасүрэнгүйгээр ургуулан бодох гээд үзээрэй. Яг л 1-р утасгүй гитар хөгжим шиг байх болно.
Сэтгүүлч. Уг нь ээлжийн инженер ээжийгээ дагаж телевиз дээр хонохдоо өндөр антеннтэй бор байшингийн хонгил, дээврийг нэг бүрчлэн нүхэлсэн болохоор телевизийн довыг түүн шиг мэддэг хүн цөөхөн. Хаа нэг бичлэг хийлгэхээр энэ хашаанд орж ирэхэд нь түүний өмнө хүүхэд насных нь нандин дурсамжууд өөрийн эрхгүй тодордог. Тэр телевизд хайртай ч, сэтгүүлчдэд дургүй. Яагаад гэвэл “Сэтгүүлчид хүнээс юм асуухдаа төвөгтэй. Зөв асуухгүй дандаа буруу асууна. Тийм болохоор би тэдэнтэй олон юм яримааргүй санагддаг” гэжээ.
“Тоосго” бол Лхагвасүрэнгийн хоёрдахь хамтлаг. 409-р хорих ангид хүмүүжиж байхдаа таван хүний бүрэлдэхүүнтэй “Тоосго” /брек/ нэртэй хамтлаг байгуулан уран бүтээлээ туурвиж байлаа. Энэ хамтлагийн урын санд 14 дуу байдаг бөгөөд хорих ангиудаар тоглолтоо сонирхуулж, олон аавын хүүд ухаарал хайрлажээ.
Уран бүтээл. Тэр дууг дуулах биш амилуулдаг юм. Тэр “Шүүдэр цэцэг”-ийг “Үгүйлэн санана” гэдгээ “Москвагийн бороо”-той үдшээр мэдэрч, “Сар шиг хол нутгаас” эх нутаг өөдөө “Толин хул” шиг гүйж, “Хайртай” бүсгүйдээ “Хайртай гэхээсээ өмнө” “Бодлын тэнгис”-ээр “Манан”-тай зочилж, “Уучил хайрт минь” “Зүүдэндээ би хайртай” гээд “Бүсгүйн заяа”-ны төлөө “Зөвхөн Монголдоо” тэмүүлсэн юм. Энэ бол түүний “Нарыг хайрла”-сан “Амьдрал” билээ.
Үнэндээ дуулна гэдэг бөөлөхтэй адил. Бөө хүн онгод нь орж бөөлдөг бол дуучин хүн дуундаа орж дуулах ёстой. Төстэй л юм. Харанга хамтлаг 2 бөөтэй. Нэг нь Энхманлай, нөгөөх нь Лхагвасүрэн. Аль аль нь үүнийгээ хүлээн зөвшөөрдөг юм. Энэ талаар сонирхсон сэтгүүлчид Лхагвасүрэн “Би бөөлж байгаа, би дуулахдаа л бөөлчихдөг” гэж хариулжээ.
Харанга хамтлагийн үүслийг яривал 32 жилийн түүх бий. 1977 онд Ц.Чулуунбат, 1978 онд Ц.Энхманлай цэргийн албанд татагдаж, жилийн дараа Я.Одсүрэн ирснээр хамтлагийн үндсэн бүрэлдэхүүн цэргийн “Соёмбо” чуулгад нэгдсэн гэдэг. Бөмбөрчин Н.Пүрэвдаш цэргийн чуулгын “хал хөгжимчин” байж. Гол 4 гишүүн бүрдсэнээс 10 жилийн дараа буюу 1989 онд Х.Лхагвасүрэн тус хамтлагт гоцлол дуучнаар орлоо. Хамтлагийнхаасаа 10 насаар дүү “бяцхан жаал” нэг л мэдэхэд ах нарын хайрыг татаж. “Харанга” анхны тоглолтоо 1989 оны 10 сарын 26-нд “Амьдрал” нэртэйгээр хийж, хамтлагийнхан “Үхэн үхтэлээ хамт шүү. Түрүүлж үхсэнийг нь амиа бодсонд тооцно” хэмээн тангараг тавьсан гэдэг. Түүнээс хэдэн жилийн дараа даралтат хөгжимчин Х.Булган агсан энэ хамтлагийн бүрэлдэхүүнд орж ирсэн түүхтэй билээ.
Царай зүсээрээ Лхагвасүрэнтэй усны дусал мэт адилхан залуу “Оддын эрэлд” шоу нэвтрүүлгээр гэнэт л гараад ирсэн. Түүний дуулж байгаа байдал, дүр төрх нь яалт ч үгүй Лхагвасүрэнг санагдуулж байсан юм. Тэр хэний хүү гэдгээ нууж байсан ч урлагт хайртай ард түмний таамаг үнэн байсан юм. Авьяас удамшдаг гэдгийг Л.Мандахын дуу хоолойноос тэд мэдэрчээ.
Чибулаг. Лхагвасүрэнгийн Өвөрмонголын алдарт хуурч Чибулагтай хамтран хийсэн нэгэн сайхан уран бүтээл бол “Морин хуур”. Чибулаг үг аяаа өөрөө зохиож, харин ар монголын дуучин Х.Лхагвасүрэнгээр дуулуулсан нь цаанаа л учиртай ажээ. Удалгүй тэдний дахин нэг бүтээл мэндэлсэн. Энэ бол “Дэлхийд ганцхан Чингис хаан” дуу юм. Энэ дууны бичлэгийг “Сонор” студид хийж, клипийг Absolute pictures-ынхан бүтээсэн байна.
Шилжилтийн насан дээрээ хүү минь аавтай, бас охин дүүтэй болж энэ бүхэнтэй эвлэрэхэд хэцүү байсныг би ойлгож байсан гэж Лхагваагийн ээж дурссан байдаг. Гэвч өөрийнх нь төлөө амьдралаа хүртэл золиосолж чадах ээжийнхээ занг мэдэх учраас Лхагваа эцсийн шийдийг ээждээ өгсөн юм. Залуу насаа наргиж баярлах өчүүхэн ч зав чөлөөгүй гурван хүүхдийнхээ төлөө ганц биеэр өнгөрөөсөн ээж нь олон жилийн дараа сэтгэл нийлэх ханьтай болоход ухаалаг зан гаргаж, сайхан сэтгэлээр хүлээн авсан хүүхдүүддээ ихэд баярласан гэдэг.
Эр хүн. Хурд” хамтлагийн ахлагч Отгонбаяр Лхагвасүрэнг ингэж тодорхойлсон юм. “Над шиг ийм үйлдэл битгий хийгээрэй гэж Лхагваа ах залууст хэлэхдээ жинхэнэ эр хүн шиг зан гаргасан. Энэ бол рокуудыг ямар шударга хүмүүс болохыг харуулсан тод жишээ гэж би бодож байна. Харин улс төрд их мөнгө идсэн хүмүүс ямар нэгэн аргаар зугтаад ял, шийтгэл хүлээхгүй л өнгөрдөг биз дээ” гэж ярилцлагандаа дурджээ.
Юунд ч эмзэглэлгүй амьдраарай. Х.Лхагвасүрэнд ингэж л хэлэхийг хүссэн юм. Түүнийг Ардын жүжигчин А.Долгортой “Энхтайван”-г дуулсныг үзээд би гайхсан. Дуурийн хоолой рок хоолойтой тэгтлээ нийцнэ гэж хэн мэдэхэв дээ. Дараа нь, 2010 оны наадмын хүндэтгэлийн концерт дээр Төрийн шагналт Д.Сосорбарам “Үлэмжийн чанар”-ыг эхэлж, 2 дахь бадаг дээр цав цагаан урт хүрэм өмсөж, хар ороолт, хар шил зүүсэн Лхагвасүрэн тайзнаа гарч ирэхэд алдарт Данзанравжаагийн бүтээл энэ хүнээс яаж эгшиглэх бол гэсэн сониуч бодол өөрийн эрхгүй төрж байсан юм.
Яаж ингэж дуулдаг байна аа? Уулга алдмаар аялгуунууд түүнээс хөвөрнө. Харанга хамтлагтай холбогдсон 24 жилийн тэртээгээс түүний амьдрал, аялгуу илүү “төгс” болж тэр хүмүүст танигдаж эхэлсэн. Бурханаас ирсэн шагнал, эсвэл шийтгэл үү, нарт орчлонд ийм хоолойтой төрсөн хүн дуулахаас өөр яах билээ. Лхагваа, хүн бүрийн зүрх рүү урсах тэр урлагын нандин мэдрэж, гэгээн урсгалыг таслалгүйгээр дууч шувуухай шиг жиргэж, өөртөө таалагдтал дуулж амьдраарай.
URL: