Солонгост дөрвөн монгол залуу амиа алджээ
Өчигдөр орой 23.46 цагийн орчим БНСУ-ын Жангбүк аймгийн Асан хотод зургаан зорчигч бүхий Avante маркийн суудлын автомашин, замын хажуугийн шонгийн модыг хүчтэй мөргөж хүний амь нас эрсэдсэн ноцтой осол гарчээ. Харамсалтай нь осолд орсон автомашин дотор манай улсын зургаан иргэн байсан бөгөөд дөрөв нь газар дээрээ амиа алдаж, хоёр иргэн хүнд бэртэн Ёнгинмёнг тосгоны ойролцоох эмнэлэгт хүргэгджээ.
Ослын шалтгааныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж байгаа ч эцсийн шатны дүгнэлт гараагүй. Энэ талаар Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Д.Энхтайванаас тодруулахад “БНСУ-д автомашины ослоор Монголын иргэд амиа алдсан нь үнэн. Одоогоор бид осолдсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй холбоо барих ажлыг зохион байгуулж байна. Амиа алдсан хоёр иргэний ар гэрийнхэнтэй холбогдсон байгаа. Холбоо барих ажил үргэлжилж байна. Эдгээр хүмүүс БНСУ-д хараар, эсвэл албан ёсны эрхтэй ажиллаж байсан эсэхийг тодруулах ажил үргэлжилж байгаа. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.
FACT.MN
URL: