“Эрдэнэт үйлдвэр”-т юу болоод байна вэ?
Сүүлийн үед зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудтай холбоотой сөрөг мэдээлэл ихээхэн гарах болсон.
www.erdenetinfo.mn сайтад гэхэд л “Орхон аймгийн АН-ын дэд дарга Орхон аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн ШАК хэмээх фракцийг толгойлон өөрийн хүмүүсээ боловсролтой боловсролгүй нь хамаагүй хүссэн албан тушаалд зүтгүүлж байгаа нь нэгэнт олны өмнө ил болсон. Нууцаар уулзаж улс төрийн болон албан тушаал мөнгөний сонирхолоороо нэгдэж өвөр түрийндээ ороод байгаа Д.Даваасамбуу Ц.Даваацэрэн Б.Мягмарсүрэнгийн ээлжит ичгүүргүй үйлдэл бол Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүний нөөцийн хэлтэсийн дарга И.Хүрэлчулууныг ажлаас нь чөлөөлж оронд нь Б.Мягмарсүрэнгийн фракцийн хүн Цэрэндоржийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон гэнэ. Ийнхүү нам харгалзахгүй эрх мэдэл мөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй хүмүүсд нэн даруй хариуцлага тооцох ёстой гэж Орхон аймгийн МоАХ, намын гишүүд эрчимтэй хөдөлж эхэлсэн гэнэ” гэж мэдээлэл гарчээ. Харин үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад үгүйсгэж байна.
Тус албанаас ““Эрдэнэт” үйлдвэрийн Хүний нөөцийн хэлтсийн дарга И.Хүрэлчулуун нь 2014 оны нэгдүгээр сарын 27-нд Жаргалант сумын нутаг дэвсгэрт албаны хэрэгцээнд хэрэглэдэг 0061 ОРХ улсын дугаартай “Ниссан патрол” маркын автомашиныг хууль бусаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, зөрчил гаргасан. И.Хүрэлчулуун нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан үлэмж хэмжээний хохирлыг барагдуулсан. Мөн аудитын хэлтсийн дүгнэлт болон бусад үндэслэлээр И.Хүрэлчулууныг Хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, өөр хэлтэс, нэгжид шилжүүлэн ажиллуулах тухай, журмын хүрээнд яригдаж байна.
Гэтэл Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн үйл ажиллагааг улс төржүүлсэн, гүтгэсэн мэдээллүүдийг зарим цахим мэдээллийн хэрэгсэл цувралаар нийтэлж байгаа нь улс төрөөс ангид байх хүний нөөцийн бодлогыг ил тод болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, хамт олны нэр хүндэд илт халдсан үйлдэл болж байна. Өдөртөө 3 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо амьдралыг нуруундаа үүрч байгаа уурхайчин хамт олны нэр хүндэд халдсан, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж болзошгүй үндэслэлгүй мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд нээлттэй, үнэн бодит мэдээллийг өгч хамтран ажилладаг гэдгээ илэрхийлье” гэх хариултыг өглөө.
Л.ХАЛИУ /word.mn/
URL: