Шинэчлэгчид “Буянт-Ухаа” хэмээх хонжворт сугалаа гаргалаа
Засгийн газрын өдөр шөнөгүй пиардаж байгаа зүйл нь Буянт-Ухаа хороолол. Барьж эхэллээ, шав тавилаа хэмээн пиараа эхлүүлж байсан энэ хорооллын ажлын явц төдөн хувьтай, одоо эхний ээлж нь орно гээд пиар ер тасрахгүй байсаар саяхан эхний ээлжийнхийг ашиглалтад өгснөөр пиар ч ёстой нэг давалгаалж өгсөн. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар тус хороололд орох иргэдийн тоо байрныхаа тооноос хэд дахин илүү байгаа ажээ.
Тиймээс гуравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд Буянт-Ухаа хороололд байр авах хүсэлтэй төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүсийг бүртгэлд хамруулсан. 14 хоногийн хугацаанд нийт 9081 иргэн бүртгүүлсэн. Бүртгүүлэгсдийн 3987 нь төрийн албан хаагч, 2385 нь өндөр настан, 1730 залуу гэр бүл, 979 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Харин бүртгүүлсэн иргэдийн тоо 9081 харин “Буянт-Ухаа-1” хороололд оруулах байрны тоо 1764. Тэгэхээр нэг байранд орох гэж 3-4 иргэн өрсөлдөхөөр болж, эрх баригчдын зүгээс нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тэр нь юу вэ гэхээр сугалаа явуулж аз таарсан нэг нь байранд орох аж. Албаны хүний мэдээлж байгаагаар “Сугалааг хүний оролцоогүйгээр программын дагуу явуулна. Программыг Ерөнхий сайдын дэргэдэх IT-ийн төвийн мэргэжилтнүүд боловсруулж байгаа. Тэгэхээр хэн нэг дарга сайдын ахан дүүс, танил тал байрыг авчихна гэж болгоомжлох хэрэггүй юм” хэмээсэн. Юутай ч Монгол Улсын Засгийн газраас түүхэндээ анх удаа сугалааны тохирол явуулахаар болжээ.
А.Гал
URL: