Дэлгэр мөрнийн мөс цөмөрч долоон настай хүүхэд осолджээ
Цаг агаарын дулааралтын улмаас гол мөрөн нуурын цас, мөс эрчимтэй хайлж байгаа энэ үед мөсөн дээгүүр тээвэрлэлт хийснээс иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвийн 4 дүгээр багийн нутаг “Ар булан” гэдэг газар Дэлгэр мөрнийн мөс цөмөрч С /7 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Гуравдугаар сар гарсаар гол мөрний мөс цөмөрснөөс иргэд амь насаа алдсан гурван тохиолдол гарчээ. Онцгой байдлын байгууллагаас иргэдэд шар усны үер болон гол мөрөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөхөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг өгч, орон нутагт гол мөрнүүдийн дагуу эргүүл гаргах, тэмдэг тэмдэглэгээ байршуулан урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. Гэвч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаан гол мөрөн нууран дээгүүр зорчиж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна.
Иймд, гол, мөрөн нууран дээгүүр явганаар болон автомашин техниктэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. Мөн өвлийн улиралд хуримтлагдсан цас хайлж уулын ам, бэл, жалга, судгийн амаар их хэмжээний ус урсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллага усанд автах тохиолдол гардаг. Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг, шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
URL: