Монгол болон бусад 57 улс яагаад түдгэлзэв

-31032014-1396228570-1093204267-nub_saНҮБ-ын Ерөнхий Ассамблейд өнгөрсөн пүрэв гарагт Крымын санал асуулгыг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураалт болж өнгөрлөө.

Энэхүү санал асуулга нь өнгөн дээрээ Крымын санал асуулгын талаар байсан ч цаад зорилго нь АНУ болон барууны ертөнцийн орнууд Крымд явагдсан санал асуулгыг хууль бус болсон гэдгийг дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, Крымд цэрэг оруулсан ОХУ-ын үйлдлийг буруутгаж, хориг тавих болон бусад шийтгэлийн бусад арга механизмыг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэгийг авах явдал байсан юм.

Санал асуулга явагдахын өмнө ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин “Барууны орнууд хүч түрэмгийлэн санал асуулга явуулж буйд харамсч байна. Тэд Москваг буруутгахад хангалттай хэмжээний саналыг аль хэдийнэ цуглуулчихсан байгаа” хэмээн өгүүлсэн юм.

Хуралд 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжсэн байна. 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзжээ.

В.Чуркины хардаж байгаачлан, НҮБ-ын ихэнх орнууд ийнхүү “хөшигний цаана” саналаа өгчихсөн бол ОХУ, барууны орнуудтай аль алинтай нь найрсаг хөршийн бодлого баримталдаг зарим орнууд ацан шалаанд орсон гэж болно.

Нэг бодлын хэцүү ч нөгөө бодлын амар. Ялангуяа шатах тослох материал, эрчим хүчний хувьд ОХУ-аас хамааралтай, гадаад харилцаандаа ”гуравдагч хөршийн бодлого” баримталдаг манай улсын хувьд шийдвэр гаргахад нэг талдаа амар байсан гэж болно. Бид хэрвээ Москваг буруутгавал шатахууны цорго шууд хаагдана. Цорго хаагдахад манайд эдийн засгаас гадна улс төрийн тогтворгүй байдал үүсдэг бичигдээгүй хуультай. Хямарсан улс юун “гуравдагч хөршийн бодлого” хэрэгжүүлэх манатай болно. Тиймээс юун түрүүнд бид барууны орнуудыг дэмжиж яасан ч болохгүй. Тиймээс түдгэлзэх нь хамгийн зөв шийдэл байв.

Гуравдагч ертөнцийн орнууд ОХУ-тай хамт үлдэв

Хуралд 193 орны төлөөлөгч ирснээс 100 нь Москваг буруутгаж, 11 улс дэмжсэн байна. 58 орон түдгэлзэж, 24 орон санал асуулгад оролцохоос татгалзжээ.

Хэдийгээр санал асуулгад оролцогчдын ихэнх нь Москваг буруутгаж, Крымын санал асуулгыг хууль бус гэж үзсэн ч ОХУ энэхүү санал асуулгын дүнг сонсоод Крымын асуудлаар Москва болон барууны орнууд гадаад ертөнцөөс бараг тэнцүү хэмжээний дэмжлэгтэй байна хэмээн дүгнэсэн.

“Хүчний харьцаа тэнцүү” гэж дүгнэх болсон шалтгаанаа тэд “Европын холбооны 28 орон бүгд Москваг эсэргүүцсэн санал өгсөн, ирээдүйд Европын холбоонд нэгдэх горьдлоготой байгаа Албани, Македон, Черногор зэрэг улсууд тэдэнтэй нэгдсэн” хэмээн тайлбарлаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүд ОХУ-ын эсрэг нэгдсэн бөгөөд ашиг сонирхлын зөрчилгүй харьцангуй бие даасан улсууд Москваг дэмжих буюу түдгэлзсэн санал өгчээ.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Азербайжан, Молдав, Украин улсууд Крымын санал асуулгыг хууль бус гэж үзсэн бол ОХУ, Беларусь, Армент эсрэг санал өгч, Казахстан, Узбекистан түдгэлзэж, Киргиз, Тажикистан, Туркменистан санал асуулгад оролцоогүй байна.

БРИКС гэж нэрлэгддэг худалдааны хамтын ажиллагааны байгууллагад багтдаг орнууд буюу БНХАУ, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Бразил Москвагийн үйлдлийг шүүхгүй хэмээн санал нэгтэй татгалзжээ.

Тивээр нь авч үзвэл Өмнөд Америкийн орнууд ОХУ-д илүү талтай хандсан байна. Шинэ тивийн орнуудаас Перу, Чили, Колумби гэсэн гурван улс л Крымын санал асуулгыг хууль бус гэж үзэж, Венесуэль, Боливи, Аргентин, Эквадор, Уругвай, Парагвай, Суринам, Гайана улсууд дэмжжээ. Хар тивийн 47 улсын 31 нь барууны орнуудыг дэмжсэн бол Ази тивээс Энэтхэг, Пакистан, Монгол зэрэг орнууд Москваг дэмжсэн буюу шүүх хэрэггүй гэсэн дундыг баримталсан санал өгчээ.

АНУ-ын мөнхийн холбоотон Израиль улс санал асуулгад оролцоогүй нь ажиглагчдын хувьд гэнэтийн зүйл байлаа. Еврейн улсын мөнхийн өрсөлдөгч Иран мөн санал асуулгад оролцоогүй аж. Арабын орнуудын тэн хагас нь ОХУ-ыг дэмжсэн байр суурьтай байна.

“Төмөр хөшиг” татагдав уу

ЗХУ-ын үед дэлхийн улс орнууд Социалист орнууд, Барууны орнууд, гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Африк, Латин Америк гэсэн гурван талд хуваагддаг байсан. Санал асуулгын дүнг харахад энэ үе эргээд ирсэн мэт харагдаж байна гэж зарим ажиглагчид дүгнэсэн байна.

Оросуудын хувьд барууны орнуудын нөлөөнд тэр бүр лав ороогүй гуравдагч ертөнцийн орнуудаас илүү дэмжлэг хүлээсэндээ ихээхэн олзуурхаж байгаа юм. Барууны орнууд эдийн засгийн тусламж дэмжлэг үзүүлэх, эвсэлд нэгтгэх /Европын холбоонд нэр дэвшигч зүүн Европын орнууд/ горьдлого зэргээр урхидан өөртөө нэгтгэсэн бол гуравдагч ертөнцийн орнууд буюу Ази, Латин Америкийн орнууд харьцангуй бие даасан шийдвэр гаргах боломжтой байдаг юм.

“Аварга загас”-нуудын оролцсон ийм “тоглоом” жижигчүүдэд ашигтай тусдаг. Яагаад гэвэл том гүрний лоббид орж ямар нэг байдлаар ашиг гаргах боломж үүсэх магадлал өндөр.

Яг түс, тас “Тийм”, “Үгүй”-г тооцвол зөрүү их, түдгэлзсэн орнуудыг ОХУ-ыг дэмжсэн гэж үзэж болохгүй ч тэдгээр улс нь ямар нэг байдлаар ОХУ-тай ашиг сонирхол нэгтэй, аль эсвэл хамааралтай байгаа юм. Түдгэлзэж, татгалзсан орнуудыг ОХУ-ыг дэмжсэн, хэрэгт оролцохоос зайлсхийсэн гэж үзвэл саналын харьцаа 100-93 болж барууны ертөнц үл ялиг давамгайлсан байдал харагдана.

Гэсэн ч Москва яагаад “бид ялсан” гэж яриад байгаагийн учир нь одоо НҮБ-д гишүүнчлэлгүй, мужийн статустай байсан ч тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй Палестин, Каталон зэрэг үндэстнүүд ОХУ-ын талд зогсч байгаа юм. Крымд болсон санал асуулга тэдний хувьд өөрсдийн тусгаар тогтнолоо зарлах сайхан жишиг болж өгсөн учир тэдгээр улс орнууд ОХУ-ыг дэмжиж байгаа явдалд гайхах явдалгүй юм.

“Аварга загас”-нуудын оролцсон ийм “тоглоом” жижигчүүдэд ашигтай тусдаг. Яагаад гэвэл том гүрний лоббид орж ямар нэг байдлаар ашиг гаргах боломж үүсэх магадлал өндөр. Эдүгээ дэлхий ертөнц дээр аливаа асуудлыг мэдээллийн хүчээр шийдэг болсон. Тиймээс барууныхны явуулж буй асар том пи арын эсрэг өөрийн гэсэн дуу хоолойтой байх, дэмжлэгтэй болох зайлшгүй шаардлагатай.

Тиймээс зарим улс орнууд ОХУ-ыг дэмжсэнийхээ хариуд ашиг сонирхлоо илэрхийлэх боломжийг хайж байгаа байдал ч ажиглагдаж байна. Манай улсын хувьд НҮБ-д түдгэлзсэн санал өгсөн ч нэг бус улстөрч ОХУ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. МоАХ-ны Ерөнхийлөгч Х.Баттулга “ОХУ-ыг хувь хүнийхээ хувьд дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлээд төмөр замын салбарт хийгдэж буй Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур явдаг, хөгжүүлэх боломж байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн нь үүний нэг жишээ байж болох юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай утсаар ярихдаа “Украиныг хөөрөгдөхөө болих”-ыг нөхөрсгөөр сануулсан. Крымд рубль гүйлгээнд гараад эхэлчихсэн, С.Лавров Украинд цэргийн хүчээр халдахгүй гэсэн мэдэгдэл хийсэн гээд асуудал одоогоор ОХУ-ын зохиолоор явж байна. Харин манай улсын хувьд Крымын асуудлаар байж болох хамгийн зөв зам дээрээ зогсч байна.

Х.Батсайхан

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих