Төрийн өндөрлөгүүд эзгүй өдрүүд
Өнөө, маргаашдаа төр эзэнгүй байх нь. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Улаанбаатарт эзгүй байх өдрүүд хоёр дахиа тохиож байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр хөдөөг зорих бол УИХ-ын дарга З.Энхболд мөн л хөдөө ажиллаж байна. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаад руу эмчилгээнд яваад эзгүй байгаа билээ.
Тодруулбал, Ерөнхий сайд өнөөдөр хөдөө томилолтоор явах юм. Тэрээр Хэнтий аймгийн төв Чингис хотод ажиллаж, аймгуудын оношлогооны төвүүдийг цахимаар нэгэн зэрэг нээх ёслолд оролцонгоо аймгийн иргэдтэй уулзана. Ерөнхий сайдын өнгөрсөн оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь 11 аймагт оношлогооны төв байгуулахад зарцуулагдсан. Эдгээр оношлогооны төвүүдээ нээж, ашиглалтад оруулах аж.
Засгийн газрын тэргүүн маргааш Говьсүмбэр аймагт очиж хоноглоод лхагва гаригт Улаанбаатарт ирэх хөтөлбөртэй байгаагаа пүрэв гаригт хэвлэлийнхэнтэй уулзахдаа хэлсэн юм. Тэрээр гурван сумтай Говьсүмбэр аймагт Ерөнхий сайдын хувиар анх удаа очих гэж байгаа гэсэн.
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн баасан гаригт баруун тийш зорьж өөрийн нутаг, хуучин тойрог Өвөрхангайд ажилласан. Спикер өөрөө санаачилж Францаас нутагтаа авчиран үржүүлж буй “Альпин” үүлдрийн ямааны фермийн үйл ажиллагаатай танилцаад Баянхонгорыг зорьжээ. Тэнд шинэ сумын нээлтэд оролцож аймгийн иргэдтэй уулзаж яваа гэнэ. Засгийн газраас хамгийн богино хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бодит бүтээн байгуулалт болох Баянхонгор аймгийн Баянлиг болон Бууцагаан сумдын “Шинэ сумын төв”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцож үг хэлжээ. З.Энхболд дарга маргааш Улаанбаатарт ирэх юм байна.
Харин Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт Япон руу эмчилгээнд явсан билээ. Тэрээр урт хугацаагаар эмчлүүлэх магадлалтай тул ойрын үед эх орондоо ирэхгүй болов уу.
Ийн маргаашийг хүртэл Төрийн гурван өндөрлөг эх орныхоо нийслэлд эзгүй байх нь.
М.ГАН
polit.mn
URL: