Дур хүслээ барьж чадалгүй хайртынхаа амийг егүүтгэжээ
Тэвчээр бүхнийг ялна гэсэн үг бий. Харамсалтай нь сүүлийн үеийн охид залуусын тэвчээр, ухамсар мөн ч маруухан болчихож. Үйлдэгдэж буй хэргүүдийг ажаад байхад ихэвчлэн ухамсар, тэвчээргүйгээсээ л болж хэрэг хийсэн байх юм. Хайртынхаа амийг егүүтгэсэн залуу мөн л тэвчээргүйгээсээ болж хүний аминд хүрсэн байна. Хэрэв зээ тэвчээртэй байсан бол нэгэн сайхан гэр бүл бий болохгүй юу гэж бодох бүр харамсмаар санагдана.
Очирбат бол эр цэргийн албаа хаачихсан ид амьдрал зохиодог үедээ торны цаана суусан нь халаглаад үл барна. Тэрээр цэргийн албаа хааж ирээд саахалтынхаа айлын охин Должинсүрэнд сэтгэлтэй болсон байна. Зуны дэлгэр цаг байсан болохоор тэр хоёр мал услах далимаар голын зах дээр уулздаг болжээ. Үе тэнгийн залуус хайр сэтгэлтэй болсныг мэдсэн хоёр талын аав ээжүүд ойр ойрхон биенийхээрээ орж гаран охин, залуу хоёрын цаашдын амьдралыг хөөрөлдөх болж. Харин Очирбат, Должинсүрэн хоёр энэ талаар мэдээгүй явсан аж.
Должинсүрэнг дээд сургуульд явна гэхэд аав ээж нь ажилгүй хоосон дипломоор яадаг юм бэ. Мал дагасан хүн алзахгүй гэж зүтгэсээр охиноо сургуулиа төгсмөгц дэргэдээ авсан аж. Очирбат эрийн цээнд хүрсэн болохоор Должинсүрэнтэйгээ жаргах сан гэсэн бөөн мөрөөдөл, сэтгэл дүүрэн хүсэл шунал тээж явсан байна.
Очирбатын үе тэнгийн залуус ойр хавьд олон байв. Нэг удаа хамт цэргийн алба хаасан Сугар гэдэг найз нь хүрч иржээ. Дотны андууд юу эсийг ярих билээ. Очирбат ч хайртай бүсгүйнхээ талаар ярьж. Тэр битгий хэл огт тавьж үзээгүйгээ хүртэл хэлээд орхиж. Сугар өөрөө юм үзчихсэн юм шиг миний найз ээжийнхээ мээмнээс гараагүй яваа юм шив гэж хорыг нь маажсан байна. Айлын босго шөнөөр давж чадахгүй юм бол голын эрэг дээр эдлэхгүй юу. Та хоёрыг байтугай суурь мал нухчихаар битүү бургас хаа сайгүй л байна. Оролдож чадахгүй явж байгаад өрөөлд алдчих вий дээ гэж сургамжилжээ. Очирбат тухайн үед найзыгаа маш нарийн арга зааж өглөө хэмээн олзуурхаж байсан аж.
Улсын баяр болох гээд хүмүүс наадамд бэлдэж байв. “Очирбатын аав хүүгээ наадамд унах морио барьж, дэлий нь засуул гэхэд хүү нь энэ жил наадамд ээж та хоёр яв. Дараа жил би явъя гэхэд аав ээж нь их л олзуурхан зөвшөөрсөн байна. Наадам болоход Должинсүрэн Очирбат нар ар гэрээ сахин үлджээ. Их үд өнгөрч байхад Должинсүрэн хонио услахаар гол руу явж буй харагдсан байна. Энэ алтан боломжийг алдаж болохгүй хэмээн өөртөө хэлсэн Очирбат Должинсүрэнгийн араас хүрч очсон бөгөөд тэд нараас зугтан бургасны сүүдэрт тухалжээ.
Очирбат хүслээ биелүүлэхээр Должсинсүрэнг өдөж эхлэхэд цаадах нь одоо болохгүй ээ. Миний биений юм ирчихсэн, дараа гэж учирласан боловч хуял тачаалаа дийлэхээ больсон Очирбат ганцхан удаа хэмээн давшилсаар, цаадах нь эсэргүүцсээр байсан бөгөөд хүний нүдэнд ил байсан учир хүнд харагдахааргүй газар очиж жаргахаар Должинсүрэнг хөтлөөд явах гэсэн боловч явж өгөхгүй байжээ. Өнөөх л ганц гэдгээ үглэсээр Должнсүрэнг хүчлэн толгойгоор нь тэврэн шигүү бургас руу чирч явжээ. Юунд татгалзсан юм бэ. Чи бол миний өмч, би ч чиний өмч гэж чирсээр хэнд ч харагдахгүй шигүү бургасны ёроолд аваачиж хүслээ гүйцэлдүүлэх гэтэл хайртай бүсгүй нь аль хэдийнэ амьсгал хураачихсан байжээ.
Хүнд шоконд орсон Очирбат хэсэг юу хийхээ мэдэхгүй зогсож байснаа сая жаахан ухаан орж Должсинсүрэнг бургасаар далдалж орхиод хонио туун гэрийн гадаа аваачиж хашаад мөн өөрийнхөө малыг хашсан байна. Тэр даруйдаа цэргийн анд Сугарынд очин чиний хэлснээр хийх гээд хүний аминд хүрчихлээ. Чи Должинсүрэнгийн болон манай малыг харж байгаарай. Би хаашаа ч хамаагүй явлаа. Баригдталаа явна. Намайг хэрэг хийснийг болон талийгаачийн цогцос хаана байгааг хэлж өгөөрэй гээд мориндоо ташуур өгөн тоос татуулан алга болсон аж. Явахынхаа өмнө гэрийнхэндээ болон Должинсүрэнгийн аав ээжид хэрэг хийснээ бичиж үлдээсэн байжээ. Очирбатаас болж аав ээж нь нутаг орондоо байж суухын аргагүй болсон байна.
Олны хэл ам, хараал зүхлээс болж бууриа сэлгэн өөр суманд шилжиж ирээд байх үеэр гэнэт Очирбат гэртээ ороод ирж. Үхтэл үр харам гэдэг тул аав ээж нь зэмлэн угтахын оронд үр минь гэсээр угтаж. Очирбат аав ээждээ хэлэхдээ “Айвал бүү хий гэдэг. Би алийн болгон зугтаж амьдрах вэ. Цагдаагийн газар өөрөө очихоор сэтгэл шулуудсан. Уг нь аавтай наадамд явсан бол яахан ийм юм болох билээ. Талийгаачийн хойноос буян сайн хийгээрэй гэж захиад гэртээ хоёр хоноод хэргээ хүлээхээр цагдаагийн газар өөрөө хүрч очсон байна. Шүүх хуралд оролцсон талийгаачийн аав гомдолтой гээд охин маань босоод ирэх биш. Гомдолгүй гэхийг нь сонсоод Очирбат өөрийгөө боомилохыг оролдож байсан аж.
Сүүлийн үед тэвчээргүйгээсээ болж санамсаргүй хүний аминд хүрэх явдал газар авах болжээ. Үүнийг бичиж дуусаагүй байхад бас л нэг залуу хайртынхаа аминд санамсаргүй хүрчээ гэсэн мэдээ чих дэлсэж байв. Хүн хэлэхээс нааш ухаардаггүй гэдэг. Гэмт хэргийн учир шалтгааны талаар ахлах ангийнханд тодорхой цаг гаргаж хичээл ордог болчихвол бага ч гэсэн муу зүйлээс хол байлгаж болох талтайг энд хэлье. Эс тэгвэл нэг нь шоронд, нөгөө нь шороон дор ороод дуусах нь байна. Дахиж л ийм золгүй явдал гарлаа гэсэн мэдээ чихэнд минь битгий сонсогдоосой доо.
М.Мягмар
URL: