Төрийн албан хаагчид интернэтээр зугаалахыг хязгаарлана

1a11d5f2d9c963cf8455fc51097d2872_LТөрийн байгууллагуудын мэдээллийн технологийн газрын удирдлага, мэргэжилтнүүдийн чуулга уулзалтыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Үндэсний Дата төвтэй хамтран Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.

Мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх зорилготой уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон юм. Тэрбээр төрийн байгууллагуудаас мэдээлэл болон холбооны технологи дээр суурилан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний нэр төрөл олширч, чанар, хүртээмж сайжирч байгааг онцлоод энэ салбарын ажилтнуудын чадавхи чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг анхаарууллаа.
Монгол Улсад цахим засаглал хөгжүүлэх нэгдсэн ойлголтод хүрэхэд төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн энэхүү чуулга уулзалт чухал нөлөө үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд хэлээд Гүрж, Эстони, БНСУ зэрэг цахим засаглал өндөр хөгжсөн орнуудын туршлагыг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Цахим засаглалд шилжих ажлын хүрээнд технологийн сүүлийн үеийн ололтыг ашиглан хийсэн ажлуудаас дурдвал Засгийн газрын “1111 төв”-ийн техникийн шийдэл, Төрийн үйлчилгээний цахим машин, Замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем зэрэг ашиглалтад ороод байгаа. Харин одоо эхний ээлжинд төлбөр тооцооны нэгдсэн систем үйлчилгээнд нэвтрэхээр бэлтгэгдэж байна. Тухайлбал энэ оны 11 дүгээр сард нийтийн тээврийн үйлчилгээний системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Нийтийн тээврийн үйлчилгээг “ухаалаг” болгосноор автобусны тухайн буудалд ирэх цагийг үйлчлүүлэгчид программ ашиглан хянадаг болж, автобусны билетийг бэлэн бусаар төлдөг болох юм.
Түүнчлэн төлбөр тооцооны нэгдсэн системийн хүрээнд харилцагч зөвхөн тухайн нэг банктай бус бүх банктай харилцдаг болж, гар утасны хэрэглэгч мөн зөвхөн тухайн оператораа биш Монгол Улсад нэвтэрсэн бүх операторын үйлчилгээг ашигладаг болох аж. Жишээлбэл орон нутагт, цаашлаад алслагдсан суманд нэвтэрсэн операторыг л ашиглаж, бусад сүлжээ барихгүй байх тохиолдол элбэг байдаг. Харин ирэх наймдугаар сард “Нэйшнл роаминг” буюу “Үндэсний сүлжээ”-г нэвтрүүлж, ямар ч операторын хэрэглэгч байсан бусад сүлжээг ашиглан гар утсаараа холбогдох боломжтой болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн Төрийн өндөр нууцлалын дотоод сүлжээ ашиглалтад ороод байгаа юм. Энэ сүлжээ нь төрийн албан хаагчид ажлын цагаар интернэтээр “зугаалж”, цагаа үр ашиггүй өнгөрөөдөг байдлыг болон төрийн албан бичиг интернэтээр дамжих замдаа алдагдах эрсдлийг хязгаарлах юм. Тиймээс төрийн байгууллагуудыг шууд интернетэд холбогдохгүй, харин дотоод сүлжээнд холбогдон, ажлын шаардлагатай бичиг баримтаа солилцож байх болсон. Энэхүү дотоод сүлжээ нь харин өндөр нууцлалтай байхаар бэлтгэгдэж байгаа. Энэ сүлжээнд нийт 80 гаруй байгууллага холбогдохоос өнөөдрийн байдлаар 20-ийг нь холбож эхлээд байгаа юм.
Энэ мэтчилэн цахим засаглалд шилжих, иргэдэд хүрэх үйлчилгээг улам бүр хөнгөвчлөхөд зориулсан олон систем, сүлжээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлэхэд техник, технологийг сайжруулахаас гадна мэдээлэл, технологийн мэргэжилтнүүдийн ажлын үр дүн чухал нөлөөтэй гэдгийг өнөөдрийн уулзалтаар онцолж байлаа.

Н.Туяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих