Оросын тэрбумтан С.Громовын “Монгол даатгал” компани нөөц хөрөнгөгүй болсон уу
Оросын тэрбумтан гэж нэрлэгддэг Сергей Громовын мэдэлд 100 хувь байдаг “Монгол даатгал” компанийг зарах гэж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр яригдаж байгаад нам гүм болж байсан. Тэгвэл одоо энэ тухай мэдээлэл дахин цацагдаж эхлээд байна.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн үнэтэй тоног төхөөрөмжийг даатгаж авахдаа гадаадын томоохон даатгагч компанитай “давхар” даатгалын гэрээ хийх ёстой байсан аж. Гэтэл тэд гэрээнд заагдсан “Давхар” даатгалын үүргээ биелүүлээгүйн улмаас томоохон эрсдэлд оржээ. Иймээс С.Громов компани зарах дээрээ тулаад байгаа аж. Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийн тоног төхөөрөмжид эвдрэл гарч, нөхөн төлбөр авахаар “Монгол Даатгал” компанид хандсан ч даатгалыг нь төлөхгүй луу унжиж байгаа аж.
Хэдийгээр тус компани “Эрдэнэт” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “давхар” даатгалд хамруулаагүйн улмаас эрсдэлд орсон гэж ярьж байгаа боловч нөгөө талаараа компанийн нөөц хөрөнгийн хувьд асуудал үүссэн байж болзошгүй гэх хардлага буйг учир мэдэх хүмүүс өгүүлж байна.
Учир нь тус компани зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 90 мянган жолоочийг “Жолоочийн хариуцлагын даатгалд” хамруулж 3.2 тэрбум төгрөг хуримтлуулсан. Мөн санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан мэдээгээр даатгалын зах зээлд 17 компани үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэдгээр даатгалын компаниудыг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаахад “Монгол даатгал” 24 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр даатгалын зах зээлд монополь гэдгээ харуулсан байна. Нөхцөл байдал ийм байхад Оросын тэрбумтан С.Громов хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй даатгалын компаниа зарахаар болсон нь эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг татаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл тус компани Монголын нийт даатгалын системийн 20 хувийг дангаараа эзэмшдэг гэсэн үг. Ингээд бид гарч буй мэдээллийг нягтлахаар тус даатгалын компанийн удирдлагуудтай уулзахыг хүссэн боловч хариулт өгөх хүн олдохгүй байсан.
Харин эх сурвалжууд даатгалын компаниудад зохицуулалт хийх үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудлыг судалж, олон мянган ард иргэдийнхээ өмч хөрөнгийн даатгалд санаа тавьж уг асуудлыг сайн шалгах хэрэгтэй гэж хэлж байсан. Хэдийгээр “Монгол даатгал” С.Громовын 100 хувийн өмч гэлээ ч олон мянган монголчууд итгэл үзүүлэн тус компанид хөрөнгөө даатгуулсанд хэргийн гол учир оршиж байгаа юм. Ер нь С.Громовтой холбоотой таагүй мэдээллүүд өмнө маш их гарч байсан.
Тухайлбал түүний мөнгө олох хамгийн хялбар салбар нь даатгалын компани байдаг гэсэн. Учир нь 2007 онд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн харьяа “Ган зам даатгал” компанийг С.Громов “Монгол даатгал” компанидаа хууль бусаар авсан байсныг нь шүүхээр шийдвэрлүүлэн буцаан авч байсан юм. Өөрөөр хэлбэл уг асуудалд хоёр талаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гарч “Ган зам даатгал”-ыг хууль бусаар шилжүүлсэн болохыг тогтоож, эргүүлэн төмөр замын мэдэлд буцааж авч байсан билээ. Мөн тэрбээр “АПУ” ХК-д 19.8 хувийн хувьцаа эзэмшигч байсан үүнийгээ Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад зарж байсан.
Түүнчлэн 2006 онд “Хадгаламж” банкийг хувьчлалаар авч дараа нь “Жаст”-ын С.Батхүүд зарж байсныг хүн бүр мэднэ. Мөн тэрбээр “Чингис хаан” банкны захирлын албыг хашиж байхдаа манай улсын төмрийн бизнесийг атгаж байсан сүйхээтэй нэгэн. Ямартай ч Монголын даатгалын салбарт 80 жилийн түүхтэй “Монгол даатгал” компанийг Оросын тэрбумтан С.Громов монгол хүнд зарах уу, аль эсвэл гадаадын мөнгөтэй эрхэмд зарах уу гэдгийг харах л үлдлээ.
http://www.yanaa.mn/news/?p=113718
URL: