“Бридж” объектоо суллаж эхэлсний учир вэ
УИХ-ын гишүүн асан Ц.Сэдваанчигийн удирдах болсон “Бридж” групп хямралын байдалтай багагүй хугацаа туулсныг хэвлэлээр мэдээлж байсан билээ. Тиймээс шинэхэн захирал маань хямралын эсрэг тэмцэл өрнүүлсэн нь чухам нүдээ олсон эсэхийг мэдэхгүй. Ажилчид нь лав ам муутай байх болсон. Юутай ч тэрээр эхний ээлжинд олон салбар компаниудыг татан буулгаж, нэгтгэсэн төдийгүй зарим ажилчдаа халж, цалинг нь хассан билээ. “Бридж” группийн нэгтгэлд чамгүй олон охин компаниуд байдаг. Компани бүхний захирлууд нь тусгай машин унадаг, сар бүр шатахуун түлшний мөнгийг албан байгууллагаас гаргуулдаг байжээ. Харин Ц.Сэдваанчиг захирал дараагийн ээлжинд эдгээр эрхмүүдийн машиныг журамлаж, шатахуун түлшнийх нь эрхийг хасчээ.
Арга ч үгүй. Ерөнхийдөө улс орны эдийн засаг уруудаж байгаа энэ үед хаа хаанаа хэмнэлт хийж байгаа. Айл өрхөөс эхлээд хувийн хэвшил, төрийн байгууллага хүртэл шат шатандаа хэмнэлт хийж байгаа. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл “Бридж” группийн нэг хэсэг нь байрладаг Баянзүрх дүүрэг, Жуковын музейн өмнөх объектыг суллаж эхэлжээ. Хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар тус газарт барилга барихаар суллаж байгаа гэдгийг дуулгасан. Эдийн засгийн бэрхшээлтэй үед чамгүй хөдөлгөөн хийсэн “Бридж” гурпп бас л нэг хөдөлгөөн өрнүүлж байгаа бололтой. Үүсгэн байгуулагч Д.Ганхуяг сайдын хувьд ч тэр өөрийн нь удирдаж байгаа салбар уналтын байдалд чамгүй урт хугацааг өнгөрөөсөн гэдгийг бид бүхэн мэдэх.
Тухайлбал, Оюутолгой төрийн өмчит компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл 2000 орчим ажилчдаа халаад буй. Нөгөө талаар гэвэл Оюутолгой компанийн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсож, хэзээ сэхэх эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Ерөөсөө хөрөнгө оруулалтын эсрэг зогсдог Д.Ганхуяг уул уурхайн салбарыг унтуулчихсан. Үнэн хэрэгтээ хөрөнгө оруулагчид Д.Ганхуяг сайдад итгэж мөнгө хаяхгүй. Ийнхүү Д.Ганхуяг сайд хувийн болон төрийн салбарыг хамтад нь самарсан гэхэд болно. Нөгөө талаар түүний бизнесийн хамтрагч Ц.Сэдваанчиг “Оюутолгой” компанийн захирлаар томилогдсон ч “Рио Тинто”-д дур мэдэн захидал бичиж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хувийнхаа үзэл бодлын үүднээс илэрхийлсэн. Тиймийн учир тэрээр ажлаасаа халагдаж, хамтрагчийнхаа хувийн бизнесийг тэргүүлэх болсон юм.
URL: