МАН-ын генсек Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчилж байна
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Намын нарийн бичгийн дарга О.Содбилэг, “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Ганбат, МАХН-ын Сургалт хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяр нар Германы Социалдемократ нам, Фридрих-Эбертийн сангийн урилгаар ХБНГУ-д айлчилж байна. Түүнчлэн энэ үеэр Германы парламентын гишүүд төдийгүй Засгийн газрын гишүүдтэй уулзаж туршлага солилцож байгаа бөгөөд бүтэн долоо хоногийн хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байгаа юм байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мөн энэ үеэр нийгмийн ардчилсан үзлийн гол онолч доктор Thomas Meyer-тай уулзаж, туршлага солилцож байгаа билээ. Ерөнхийдөө айлчлалын хүрээнд улс төрийн боловсрол ба зөвлөгөө, Социалдемократ нийгмийн бодлогын үндэс, Нийгмийн ардчиллын академийн үүрэг даалгавар, Нийгмийн ардчиллын архив: Түүх болон өнөөгийн дүр төрхийг олоход оруулсан хувь нэмэр, Орчин цагийн Социалдемократ бодлогод тулгарч буй сорилтууд, Герман болоод Европын орнуудад нийгмийн ардчиллыг түгээхэд тулгарч буй сорилтууд ба боломж зэрэг сэдвийн хүрээнд туршлага солилцож, санал бодлоо илэрхийллээ. Мөн Герман Улсын Социалдемократ намын гадаад харилцааны нарийн бичгийн дарга ноён Феликс Поркерт болон олон улсын бодлого хариуцсан ноён Франц Даннертай уулзаж санал солилцсон.
Дээрх айлчлалд зөвхөн зүүний үзэл баримтлалтай улс төрийн намуудын төлөөлөл оролцож байгаа нь айлчлалын гол онцлог юм.
URL: