АМЖИЛТ МИНИЙХ АЛДАА БҮХЭН ХҮНИЙХ

засгийн газарӨнөөгийн Монголын улс төрд ийм бичигдээгүй лоозонцор үйлчилж байна. Төр, засгийн эрх мэдлийг атгаж байгаа Ардчилсан Намынхан бид асар их өөрчлөлт, шинэчлэлийг хийж байна. Энэ Засгийн газрын нэрний өмнө шинэчлэлийн гэдэг үг дагалдах болсон нь учиртай. Бүхнийг шинэчлэхийг зорьж байна. Энэ амжилт биднийх бас минийх гэх. Гэтэл эдийн засаг олигтой өөдлөхгүй, уул уурхайн гэрээ хэлэлцээр асуудалд орж гадаадын хөрөнгө оруулалт татарсан, юмны үнэ өсч иргэдийн амьдрал доройтож байгаа энэ бүхэн өмнөх засгийн газрын балаг гээд байгаа.

УИХ-ын танхимд болдог хэрүүл маргааны талцал ч ийм л байна шүү дээ. Ер нь элдэв маргаан хэлцлийн цаад өнгийг хараад байвал сонгуулийн хугацаа талдаа орчихлоо гэсэн санаа л харагдаад байна. Улс төрййн намуудын идэвхжил ч нэмэгдээд дарга нар нь сав л хийвэл уулзаж учраад нэг л биш. Гаднаас нь харвал зүгээр л сонгуулийн хуулийг өөрчлөх эсэх тухай санал солилцож байгаа юм шиг ч. Гэвч тийм биш. Ямар нэгэн юмны чимээ сонсож, үнэр авсан бололтой байгаа. Улс төрчдийн хоорондын “жиг жуг”-аас сонсоход нөгөө өөрийн болгох дуртай амжилт ололт нь багасч, улсаараа өрийн дороос яаж босохыг шийдвэрлэхэд бэрх байгаа энэ үед эрх баригчид яаж ажиллаж байна гэвэл. Хамгийн муу арга, заль зохиохоор “сценар”-аа биччихээд байгаа дуулдах юм.

Тэр нь юу вэ? гэвэл засгийн газраа тараагаад их эвслийн гэсэн тодотголтой тархай бутархай шинэ Засгийн газар байгуулах гээд байгаа юм гэнэ л дээ. Жирийн иргэдийн өмнө эрх мэдэлтнүүд, улс төрчид болгох зүтгэх юм шигээр сайхан юм ярьж заримдаа яаж байгаа юм бэ гэмээр маргаж “жүжиглээд” байдаг. Гэтэл цаана нь тийм хачин санаа сэдэж муу арга залиа боловсруулж суудаг байх нь. Гол нь АН, МАН хоёр. Тэд уг нь нэг нь ялагч нам нөгөө нь сөрөг хүчин шүү дээ. Тэдний хооронд бас түрүүвч нэг хүмүүс олон байдаг болохоор хамаатан биш байж чаддаггүй л дээ.

Өмнөх засгийн газар л гэнэ. Уг хоёр нам хамтдаа л улс орны хувь заяаг шийдэж, шийдэлцэж явсан даа. Тийм болохоор амжилт ололт, алдаа онооны эзэд бүгдээрээ л мөн. Үүнийгээ ч дотроо бодолцож байдаг нь нууц биш. Одоо харин бүр ил болох нь уу. Улс төрийг шатрын хөлөг гэж боддог эрхмүүд мөн ч хатуу тоглох юм даа. Тэдний төлөвлөсөн шинэ засгийн газар гэж үхрийн бөөр шиг юм бүрэлдэх гэж байгаа нь үнэн бол улс орны хөгжил зогсоно гэсэн үг. “Шударга ёс” эвслийг эгнээнээсээ хөөж гаргачихаад МАН болоод парламентад суудалгүй намуудаас “хүч сэлбэж” Засгийн газраа байгуулах прогнозтой гэнэ үү.

Даанч ойрдоо БНН-ын Б.Жаргалсайханаас эхлээд ичээндээ орсон мэт байсан нөхөд үг хэл нь хачин болоод байсан юм. Саяхан болсон намын дарга нарын цуглаан дээр Б.Жаргалсайхан, ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлд,
-Чи ажлаа хийхгүй байна шүү дээ. Би оронд чинь очноо гэсэн үг цухуйлгах биш ил цагаан хэлсэн байна лээ шүү дээ.
Энэ нь Жагаад шинэ засгийн газрын нэг яаманд дэд сайд болоорой гээд хэн нэг нь хэлчихсэн байж магадгүй нь. Үүнийг өөрөө сул амтайдаа ил хэлчихсэн биз. АН зөвхөн МАН-тай нэгдэж Засгийн газар байгуулах нь өмнөх алдаа давтагдана гэсэн үг. Нөгөө “МАНАН” татна. Хэрэлдэж хэлцсэн ч одоогийнхтой адил байсаар сонгуультай золгоно…

Амжилт минийх, алдаа чинийх гэсэн үг шидэлцэх төрх бахь байдгаараа дуусна. Тэгэхээр улс орны нийгэм, эдийн засагт учирсан хохирлын буруутанг хэн ч биш болгохын тул тийм их эвсэл нэртэй Засгийн газар байгуулах зальжин бодлого “босч иржээ”, Одоогийн Засгийн газар унах юм бол дараагийн тэр эрээвэр хураавар Засгийн газар юу хийх вэ? Учраа ч олохгүй байсаар 2016 оны сонгуультай золгоно гэсэн үг. Чаддаг юм нь юу байхав гэвэл нөгөө л албан тушаалтны солио холио л биелэлээ олж магадгүй. Улс орноо бүрэн тийш хөтөлбөн буруутан гэж байхгүйгээр бүгдээрээ нэр цэвэр сонгуульдана гэж бодож байна юмсан уу.

Ер нь Засгийн газрыг огцруулна гэдэг амархан биз. Үүнээс үүдэн гарах хохирол, эдийн засгийн уруудлын хор уршиг нь ард олны нуруун дээр жин дарж бууна. Улстөрчид бол юу ч болоогүй юм шиг “покердоод” л сууж байх болов уу. Гэхдээ өнөөгийн олон түмэн юмны наад цаадахыг бүрэн мэдэх болсон цаг. “Их эвсэл” гэдэг тоглоомыг хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Тэнгэрээр тоглосон бөө хүн сахиусныхаа шийтгэлийг амсдаг гэдэг. Тэгвэл улс төрөөр тоглогсод буруутан биш байж хэзээ ч чадахгүй шүү дээ.

 

Д.БИЧЭЭЧХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих