Обама, Ромын пап нар анх удаа уулзлаа
ВАТИКАН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ромын пап Фрэнсис нар анхны уулзалтынхаа үеэр ядууралтай холбоотой тулгамдсан асуудлыг хэлэлцжээ.
Пүрэв гарагт Ватиканд хоёр удирдагч 50 минут гаруй хувийн уулзалт хийсэн байна.
Уулзалтын эхэнд гар барихдаа маш их хүндэлдэг гэдгээ пап Фрэнсист Обама хэлжээ.
Ядуурал, орлогын тэгш бус байдал нэмэгдэж байгаа тухай бид голлон хэлэлцлээ гэж уулзалтын дараа сурвалжлагчдад Барак Обама мэдэгдсэн байна.
Мөн олон улсын асуудлууд, тухайлбал, Сирийн мөргөлдөөний тухай тэд хэлэлцжээ.
Обамагийн хэлснээр , аливаа мөргөлдөөн мэдрэмж (бусдын зовлонг ойлгох чанар) дутагдсаны улмаас үүсдэг. Асуудлуудыг нь сайн ойлгож, санаа тавьдаг учраас пап дэлхийн ард түмний хайр, хүндэтгэлийг хүлээсэн гэж Обама хэлсэн байна.
Тэрбээр папыг АНУ-д айлчлахыг урьжээ.
Г.Доржханд montsame
URL: