Харийн хүний өвөр хүйтэн байдаг юм билээ

72046178Амьдрал, ахуйгаа сайжруулахын тулд мөнгө мөрөөдөж, хөдөлмөр эрхлэхээр харийн орныг зорих залуусын цуваа хөвөрсөөр байна. Үүний зэрэгцээ харийн хүнтэй дэр нэгтгэж буй монголчуудын тоо ч жилээс жилд өссөөр байна. Тэр дундаа эзэн Чингис хааны удам хөх толбот монголын удам угсаа, үр үндсийг залгуулах ариун үүрэгтэй бүсгүйчүүд маань харийн хүний өвөрт одож буй нь харамсалтай. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн гаргасан судалгаагаар монголчууд дэлхийн 76 орны иргэнтэй ураг барилдсан байх юм. Энэ бол гадаадын иргэнтэй гэрлэгсдийг тус төвд бүртгэж эхэлсэн 1998 оноос хойших тоо. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд манай иргэд гадны 76 орны 5139 иргэнтэй дэр нэгтгэжээ. ИБМУТ гадаадын иргэнтэй гэр булээ батлуулсныг буртгэх болсон эхний жилд 44 Монгол иргэнийг буртгэсэн бол өнгөрсөн жил 976 болж өссөн байна. Харин энэ онд 725 хүн харийн улсын бэргэн, хүргэн болсон судалгаа гарсан бөгөөд энэ дундаа гадаадын иргэнтэй ханилсан хүмүүсийн 95 хувь нь манай хацар гоо бүсгүйчүүд байдаг юм байна. Тэдний дийлэнх нь буюу нийт гадаадын иргэнтэй гэрлэгсдийн 3485 /67.8 хувь/ нь Солонгос улсын иргэнтэй гэр бул болжээ.

Эд нар өөрийнхөө хүсэлтээр, бусдаар зуучлуулж харийн хүнтэй гэрлэх нь олонхийг эзэлдэг ажээ.

Ингээд бид нэгэн зуучлах товчоогоор зуучлуулж Солонгос эртэй гэрлэсэн эмэгтэйн яриаг хүргэе. Тэрбээр нөхрийнхөө хамт саяхан монголд ирсэн. Түүний нөхрийн найз хоёр солонгос эр монгол бүсгүйтэй танилцахыг хүссэн бөгөөд энэ хүсэлтийн дагуу тэд дөрвүүлээ ирсэн нь энэ аж. Нэгэн найзын маань танил бүсгүй Солонгос эртэй суух сонирхолтой бөгөөд түүнийг дээрх хоёр солонгос эртэй уулзуулахаар боллоо. Энэ дашрамд миний бие тус болзоонд хамт явах боломж олдсон юм. Болзооны үеэр Солонгосоос ирсэн бүсгүйтэй ярилцах боломж олдсоныг сонирхуулъя. н.Туяа /нэрийг нь өөрчлөв/ бүсгүй багш мэргэжилтэй бөгөөд нэгэн дунд сургуульд нийгмийн ажилтан хийдэг байжээ. Одоо 38 настай. Тэрбээр одоогоос таван жилийн өмнө нэгэн зуучлуулах товчоогоор дамжуулж солонгос эртэй гэрлэсэн байна.

Энэ эмэгтэй амьдралын шаардлагаар л Солонгос эрийг сонгосоныг учирлая. Туяа Монголд байхдаа нэгэн монгол залуутай хэсэг хугацаанд амьдарсан ч бор дарс багагүй хүртэхийн зэрэгцээ үе үе ширүүхэн алганы амт үзүүлдэг байж. Тийм ч учраас тэр хүүхэдтэй болохыг хүсээгүй бөгөөд архи уусан үед нь. ээж дээрээ гүйж очоод хоночихдог байж. Заримдаа тэр залуу хойноос нь ирж, агсам согтуу тавихын дээр бүр сургууль дээр нь ирж агсардаг байсан гэнэ. Бүр сүүлдээ аргаа бараад салах тухай ярихад тэрбээр хэзээ ч салахгүй гэдэг байж. Өдөр хоногийг ингэж өнгөрүүлэх нь түүнд утгагүй мэт санагдаж, гадагшаа явах хүсэл төрсөн төдийгүй бүр солонгос эртэй дэр нэгтгэхэд хүрчээ. Өөр монгол хүнийг сонгоогүй шалтгаан нь гэвэл өөр хүнтэй суух юм бол “ална” гэж дарамталдаг байсантай нь холбоотой юм байна. Хүний орчлонд хэн нэг эртэй амьдрах нь хүний л жам шүү дээ гэж тэр хэлсэн юм.

Тэрбээр монгол эрчүүдээ учиргүй муулаад байхыг хүссэнгүй, “Хүн бүр янз бүр, гэхдээ л монголд эмэгтэйчүүд амьдралын гол үүргийг гүйцэтгэж байна шүү дээ” гэдгийг санууллаа. Одоо тэрбээр Солонгос нөхрийнхөө хоёр хүүхдийг төрүүлж өсгөөд Сөүл хотоос нэлээд зайдуу мужид цагаан будааны хувийн ферм эрхлэн амьдарч байгаа. Түүний хувьд хоёр хүүхдээ сургуульд нь машинаар хүргэж өгөх, авах мөн гэр орны ажил болон нөхөр хүүхдээ халамжлах, хоол ундыг нь хийх зэрэг ажлыг хийдэг. Харин тариа будаагаа тарих, услах, хураах гээд ихэнх ажлаа нөхөр нь хийдэг аж. Тэдний хувьд дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдардаг гэнэ. Солонгост очоод таван жил болж буй тэрбээр банкинд нэлээд их мөнгө хадгалуулсан бөгөөд очоод гурван жил болсныхоо дараа ээждээ Москва хороололд гурван өрөө байр худалдаж авч өгчээ.

Түүний нөхөр архи огт уудаггүй бөгөөд хоёр хүүхдийг минь төрүүлж өгсөн гээд түүнд их хайртай байдаг юм билээ. Очсон даруйдаа мэдээж түүнд хэцүү байсан бөгөөд ёстой л нөгөө “харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” гэж сэтгэл зүрхэндээ шимшрэн дуулдаг байсан. Одоо ч гэсэн элгән садан гэхээсээ илүү эх орноо л их санадаг юм. Хичнээн дарамт шахалтгүй, дутагдаж гачигдах зүйлгүй сайхан амьдарч байгаа ч харийн хүний өвөр цаанаа л хүйтэн байдаг гэдгийг нуулгүй ярьсан юм. Анх нөхрийнхөө зургийг хараад л шууд суухаар очсон түүнд танихгүй хүнтэй, тэр дундаа хэл амаа ойлголцохгүй харийн хүний өвөрт ороход үнэхээр хар хөлс нь гарах шиг болсон гэдэг. Гэхдээ л азаар би сайн хүнтэй учирсан гэж ярих энэ бүсгүйн хувьд өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлаж байгаа болохоор би ч гэсэн сэтгэлээрээ хандахыг хичээдэг юм гэлээ.

Түүнээс хэзээ нэгэн цагт эх орондоо ирж амьдрах уу? гэхэд “Одоохондоо мөнгө төгрөг хурааж, амьдралаа баталгаажуулж байгаа. Цаг хугацаа л харуулах байх” гэлээ. Гэхдээ эх орноо санаж, тэвчихийн аргагүй болсон үедээ нөхөртөө хэлэхэд намайг эх орон руугаа яваад ирэхийг минь зөвшөөрдөгт баярладаг гэв. Түүнээс монгол улс өөр болж уу? гэхэд Солонгост байсаар байгаад дассан юм байлгүй нэг л шороо тоос хог новш хөглөрсөн орчин нь муухай хэвээрээ байна гэсэн юм. Түүний амьдардаг тосгонд түүнтэй адил Солонгос эртэй гэр бүл болсон тав зургаан монгол бүсгүй байдаг бөгөөд хааяа уулзацгаадаг гэнэ. Тэдний амьдрал сайн, муу хүнтэй таарснаасаа шалтгаалж янз бүр л байдаг гэнэ. Гэхдээ л тэрбээр ярианыхаа дунд Солонгос эрчүүдийн ажилсаг байдлыг магтан ярьж байлаа. Түүнээс харийн хүнтэй суусандаа сэтгэл дундуур байдаг уу? гэхэд “Хүн сайхан л амьдарч чадаж байвал энэ бөөрөнхий дэлхийн хаана ч байсан яахав дээ” хэмээн хариулсан юм.

Харьд одсон бүcгүй буюу өөрийгөө золиослогч

Түүний нөхрийн найз болох хоёр Солонгосын нэг нь 36-тай, нөгөө нь 61-тэй. Тэдний хувьд амьдрал нь жигдэрсэн, өөрөөр хэлбэл амьдралынхаа баталгааг бий болгоод одоо эхнэр авч сайхан амьдрахаар шийдсэн гэнэ. 36-тай солонгос эр, архи тааруулж хэрэглэдэг, тамхи татдаггүй бөгөөд монгол эмэгтэйтэй гэрлэхээр шийджээ. Учир Түүнд монгол бүсгүйчүүд их халамжтай, ажилсаг санагддаг гэнэ. Солонгос бүсгүйчүүд ямар вэ? гэхэд ажил муутай, эд мөнгөний шуналтай гэсэн бөгөөд тэрээр өөрийгөө ойлгож, халамжилж чадах ухаалаг, ажилсаг, нүдэнд дулаахан 25-аас дээш насны монгол бүсгүйг хайж байгаа гэнэ. Түүний хувьд айлын бага хүү, нэг эгч, нэг ахтай. Тэд нар нь тусдаа гарсан учир аав, ээжтэйгээ гурвуулаа амьдардаг, ирээдүйдээ дэлгүүр нээх юмуу хувиараа ямар нэгэн биз¬нес эрхлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүнээс “Солонгос эрчүүд монгол бүсгүйтэй зуучлуулж суугаад, очсон хойно нь янз бүрээр дарамтлах зүйл их гардаг гэсэн. Тэр битгий хэл бэлгийн гаж донтой, эсвэл бэлгийн сулралтай хүмүүс байдаг гэж дуулсан? гэж асуухад “Миний хувьд бие эрүүл. Ямар нэгэн гаж буруу зуршил байхгүй. Бүх юм хууль номын дагуу байх учраас тийм зүйл гарахгүй” гэлээ. Түүнтэй уулзахаар очсон бүсгүй 25-тай бөгөөд амьдралын хувьд хүнд хэцүү. Группт байдаг аав болон нэг эрэгтэй дүүгийнхээ хамт амьдардаг. Ээжийн оронд ээж болж дүүгээ болон аавыгаа асрах үүрэг түүнд оногдсон байна. Тусалж дэмжээд байх ах дүүгүй тэрбээр хар бор ажил хийж аав, дүү хоёртоо хоногийн хоол залгуулдаг ч авдаг цалин нь амьдралд нь хаана нь ч хүрдэггүй аж. Тиймээс ганц дүүгээ ядаж нэг сургуулийн бараа харуулчих юмсан гэсэн санаа өвөрлөн явдаг тэрбээр Солонгос явж ажил хийхийг боддог.

Гэсэн ч хоногийн хоолоо яая даа гэж байгаа түүнд энэ нь мөрөөдөл гэнэ. Юутай ч монетон гинжээр бэлэг авсан бүсгүйн хувьд харийн хүнийг сонгох нь тодорхой болсон бололтой. Ядуу тарчиг гэр бүлийнхээ амьдралыг өөдлөхийн төлөө биеэ золиосолж буй бүсгүйн заяа хөөрхий. Энд өгүүлэгдэж буй охид бүсгүйчүүдийг буруутгах аргагүй. Тэдэн дунд үнэхээр амьдралын ядуу тарчиг байдлаас аав, ээж ахан дүүгээ тэжээхийн тулд өөрийнхөө биеийг золиосолж буй нь ч байдаг бол мөнгөний шуналдаа хөтлөгдөн халаас зузаантай харийн хүнийг сонгох нэг нь ч бий. Бас Монгол эрчүүдийн мунхаглалаас болж сайхан монгол охид харийн газрыг зорин одож байна. Гадаадын иргэнтэй зуучлуулах маягаар гэрлэсэн эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хохирсон тухай мэдээлэл гарсаар байгаа нь харийн хүнтэй л суувал дардан сайхан амьдарна гэсэн бодолдоо хөтлөгдсөн охид бүсгүйчүүдийн чихний дэргэдүүр дэмий өнгөрөөгүй биз ээ.

эх сурвалж: Дээдсийн хүрээлэн сонин


URL:

Сэтгэгдэл бичих