Өнөө үед болдог эртний аймшигт 11 зан үйл
Орчин үеийг хүртэл хадгалагдан үлдсэн эртний зан үйл нь голдуу гэм хоргүй зан заншил байдаг боловч, зарим нэг нь маш харгис хэрцгий, бүр аюултай байдаг аж. Дэлхийн өнцөг булан бүрд ийм зан үйлтэй тааралдаж болно. Эдгээрийн заримыг танилцуулъя.
Хүний мах идэх ёсон
Энэтхэгийн Варанаси хотод амьдрах Агхори Бабчууд үхэгсдийн махыг иддэгээрээ алдартай. Хүн үхлээс хамгийн их айдаг бөгөөд энэ айдас нь сүнс амарлихад саад болдог гэж тэд үздэг байна. Иймд үхсэн хүнийг идсэнээр сүнсийг нь чөлөөлж нөгөө ертөнцөд саадгүй хүрэхэд нь тусладаг гэнэ.
Энэтхэгт зохих ёсоор чандарлаж болохгүй 5 төрлийн хүмүүс байдаг нь: гэгээнтнүүд, хүүхдүүд, жирэмсэн болон эрд гараагүй эмэгтэйчүүд, уяман өвчнөөр буюу могойд хатгуулж нас барагсад гэнэ. Эдгээр хүмүүсийг Ариун Ганга мөрөнд даатган өгдөг бөгөөд эндээс агхоричууд татан гаргаж зохих зан үйлийг гүйцэтгэсний дараа амтархан зооглодог ажээ.
Нарны бүжиг
Уугуул америкчууд газар дэлхийн лус савдгуудад зориулсан олон янзын зан үйлээрээ цуутай ард түмэн билээ. Тэдний дунд Амьдралын модонд өөрийн биеэр тахил өргөх ёс байдаг. Энэ ёслолд оролцогчдын цээжний арьсыг цоолон шорлож тусгай уяагаар Амьдралын модыг бэлгэдсэн шонтой холбоно. Оролцогчид хойш урагш хөдөлж мултрахыг оролдовч арьс нь шонтой бат холбогдсон тул яах ч аргагүй. Ийм бүжиг удаан үргэлж чадахгүй, хэдхэн цагийн дотор бүх зүйл дуусдаг байна.
Өөрийгөө ташуурдах ёс
Жил бүрийн ариун Мухаррам сард шиитийн исламын шашинтнууд зөнч Мухаммедийн ач хүү Хусейны зовлонт үхлийн дурсгалд зориулан өөрсдийгөө цээрлүүлэх зан үйлийг бөөнөөр үйлддэг ажээ. Эрчүүд төмөр утсанд бэхэлсэн сахлын хутгаар өөрсдийгөө гуяддаг байна. Сүсэг бишрэлийн онгод нь орсон хүмүүс өвдөлтийг бараг мэдэрдэггүй гэнэ.
Модноос үсрэх заншил
Номхон далайд орших нэгэн арлын Бунлап тосгоны хүмүүс Гкол нэртэй зан үйлийг гүйцэтгэдэг байна. Тосгоны оршин суугчдын дуу бүжиг, бөмбөрийн чимээн дор эрчүүд аюултай ёслолд бэлдэнэ. Тэд усан үзмийн ороонго өвсийг шагайгаараа уяад энэ ёслолд зориулан бэлтгэсэн маш өндөр модон цамхагаас үсрэх аж. Оролцогчдын хэн нь ч бэртэж гэмтэх тухай санааширдаггүй, зүгээр л үсрээд доошоо нисдэг гэнэ. Хэдийчинээ өндрөөс үсэрнэ, төдий чинээ ихээр бурхдын тааллыг хүртэнэ гэж үздэг байна.
Вуду буюу сүнс шүглэх
Баруун Африкийн зарим хэсгээр Вудуг дагагчид амьдардаг. Тэдний гүйцэтгэдэг зан үйлийн нэг нь өөрсдийн биед ямар нэгэн сүнс буюу хий үзэгдлийг орогнуулах ёслол юм. Зураг дээрх хүн Газрын сүнс Сакпаттай холбогдож байна. Сүнс биеийг нь эзэмдсэн ч хүн ухаанаа алддаггүй гэдэг. Нэгэнт ирсэн сүнс хүний биеийг лав 3 хоног орхидоггүй гэнэ.
Тэнгэрийн оршуулга
Түвдэд Тэнгэрийн оршуулга нэртэй зан үйл одоо ч мөрдөгдсөөр байна. Хүн нас бармагц сүнс нь шинэ төрөл олохоор нөгөө ертөнц рүү явчихдаг тул биеийг нь хадгалах шаардлагагүй гэж тэд үздэг ажээ. Үхэгсдийн биеийг тас зэрэг шувуунд өргөж буян хийдэг байна. Энэ явдлыг түргэсгэхийн тулд тусгай мэргэжлийн хүн цогцосыг тасчин эвдэж шувууд цуглардаг газраар тараан орхидог гэнэ.
Гал дундуур зугаалах ёс
Улайссан нүүрсний цогон дээгүүр алхах нь өөрийгөө ариутгах зан үйлийн нэг юм. Галын дөл муу зүйлийг хөөн зайлуулж, муу бодлыг таягдан хаяхад тусалдаг ба эр хүний хүч чадлыг ихэсгэдэг гэж үздэг байна. Өнөө үед хэдэн зуун хүн гал дундуур алхдаг ажээ.
Үхэгсэдтэй бүжиглэх заншил
Famadihana буюу “ Ясан эргүүлэг “ нь Мадагаскарт болдог уламжлалт фестиваль юм. Хүүр хичнээн хурдан бээж илжирнэ, сүнс нь төдийчинээ түргэн амарлих болно гэж үздэг байна. Иймээс ойр дотныхоо хүмүүсийн цогцсыг ухан гаргаж, гар дээрээ өргөн хөгжмийн аянд тойрон бүжиглэсний дараа дахин оршуулдаг гэнэ. Энэ хачин заншил 2-7 жилд нэг удаа болдог аж.
Тэсвэр хатуужлын үзүүлбэр
Жил бүр Таиландын Пхукет хотод явагддаг фестивалийн үеэр нэгэн аймшигт зан үйл болдог байна. Энд оролцогчид хацар амаа хутга, сэлэм, жад, дэгээ гэх мэт зүйлсээр нэвт хатгаж үзүүлдэг ажээ. Энэ ёслолын үеэр бурхад тэднийг трансад оруулж, муу зүйлээс хамгаалан, аз хийморийг өгдөг гэнэ.
Үхлийн дараах амьдрал
Амазоны Яномами омог бол дэлхийн хамгийн зэрлэг омгуудын нэг юм. Тэд үхлийг жам ёсны зүйл гэж үздэггүй байна. Омгийнхон нас барсан хүнийг шатааж, үнсийг нь гадилтай холин иддэг бөгөөд ингэснээр нас барагсдын сүнс омгийнхонтойгоо хамт амьдарсаар байна гэж үздэг гэнэ.
Тамгалалт
Шинэ Гвинейн Канингар омгийнхон ер бусын нэгэн заншлыг мөрдсөөр иржээ. Өсвөр насны хөвгүүд “ Сүнсний байшин “-д 2 сар орчим хугацаанд тусгаарлагдан амьдардаг. Үүний дараа насанд хүрсний ёслолд бэлтгэж эхэлнэ. Ёслолын үеэр хөвгүүдийн нуруунд хулсны үзүүрээр зүслэг хийнэ. Гарсан мөр нь матрын арьсыг санагдуулам аж. Энэ омгийнхон хүн матраас бий болсон гэж үздэг байна. Бие дээрх өвөрмөгц хээ нь матар жаал хүүг идээд эр хүнийг үлдээсэн гэсэн санаа юм байна.
URL: