Ахмадын орон сууцанд НИТХ-ын хамаатан саднууд л орсон гэнэ
“Ахмадын орон сууцыг судлах хэрэгтэй байна. Хэдийгээр Засаг дарга Э.Бат-Үүл хороодоос санал авч, дүүргээс судалж байж, ахмадууд орон сууцанд орж байгаа хэмээн хэлж буй ч үгүй бололтой” гэсэн мэдээлэл өчигдөр ирэв. Уг нь хэдхэн сарын өмнө баярын тууз хайчилж, нүдээ олсон сайхан ажил боллоо хэмээн дээр дооргүй магтаж байсан энэ бүтээн байгуулалтын эргэн тойронд чухам асуудал үүссэн болоод иргэд ийн бухимдсан талаар тодруулбат “Нийслэлийн удирдлагын зөвлөл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурал дээр энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн 45 төлөөлөгч, Засаг даргын зургаан орлогч, газар, хэлтсийн дарга нар гээд бүгд нэг нэг квот авчээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс тэрхүү квотоо өөрийн таньдаг мэддэг, хамаатан садан ахмадуудаа өгөөд орон сууцанд оруулчихсан аж. Гэтэл тэдний дунд энэ байрыг царай алдаад байхааргүй олон хүн байсан” гэдгийг тэд онцлон хэлж байгаа юм.
Ингэснээр ахмадын гэх тодотголтой орон сууцанд орохоор өргөдөл гомдлоо бичээд ном журмынх нь дагуу хөөцөлдсөн бас дээрээ татлаа түлхээгүй ахмадууд орон байргүй хоцорч Хотын даргын санаачилга болгон хэрэгжүүлсэн гоё ажлын ард үлдэж орхиж. Иймээс тэд ‘Та нар энэ асуудлыг заавал тодруулаарай. Бид ч гэсэн энэ орон сууцанд ормоор байна. Бас энэ асуудлыг Хотын даргад уламжлах хэрэгтэй байгаа. Үлдсэн 120 орон сууцанд орохын тулд яах ёстой вэ гэдгийг тодорхой мэдмээр байна” хэмээн бухимдаж байсан юм. Бид энэ мэдээллийн мөрөөр өчигдөр Ахмадын орон сууц хариуцсан мэргэжилтэн Шийтэртэй холбогдож мэдээлэл авах, уншигчдадаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэсэн ч боломж олдоогүй бөгөөд ямартай ч ахмадын орон сууцтай холбоотой бас нэг дуулиан дэгдэх нь тодорхой боллоо.
Түүнчлэн энэ үйл явдлаас манай дарга юуг ч ямар ч боломж алдалгүй өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг нь тодорхой болж байх шиг байна. Яагаад гэюл Ахмадын орон сууцыг манайхан нүдээ олсон ажил хэмээн баярлаж ядарсан олон хүнд буян боллоо хэмээн магтаж байсан. Гэтэл энэ орон сууцанд орсон 180 гаруй хүн бүгдээрээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын
төлөөлөгч болон хот тойрсон дарга нарын хамаатан садан гэхээр иргэд бухимдахаас аргагүй байгаа юм.
Мөн НИТХ-аас гарсан энэ шийдвэр Хотын даргын хийсэн ажил, имижид ч муугаар нөлөөлж мэдэх нь. Яагаад гэвэл Хотын даргын эргэн тойрны хүмүүс 300 ахмад настан орох ёстой байсан байрны 180-ыг нь лав авчихаж. Харин үлдсэн 120 нь эзнээ олж очих эсэх нь одоо анхаарал татаж байна. Эцэст хэлэхэд Хотын мээр Э.Бат-Үүлийн эхлүүсэн энэ мэт ажил ном журмаараа явсан бол нийслэлчүүд илүү их баярлах байсан ч ИТХ-ын гишүүд болон газар хэлтсийн дарга түүний ажлыг хараар будаж орхилоо. Харин энэ талаар албаныхан ямар хариулт өгөхийг бид эргэн мэдээлэх болно.
Т.ТАМИР
URL: