Хяналтгуй олон замууд байгаа цагт модны хулгай багасахгүй гэв
“Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав.
Монгол орны ойн сан бүхий газар нутгийг нийт талбай 18.5 сая га аж. Энэ нь манай улсын нутаг дэвсгэрийн 11.79 хувийг
эзэлдэг байна. Хууль бус мод бэлтгэлийн хэмжээ сүүлийн таван жилийн байдлаар 31.5 хувиар буурсан ч хууль бусаар мод бэлтгэхийг таслан зогсоох арга хэмжээг улам эрчимжүүлэх шаардлагатай талаар албаны хумүүс хэлж байв. Харин хууль бус мод бэлтгэл буурч байгаатай санал нийлэхгүй гэдгээ эдийн засагч Н.Дашзэвэг мэдэгдсэн юм.
Тэрбээр “Хяналтгүй олон замууд байгаа цагт модны хулгай багасч байна гэж хэлж болохгүй. Өдөр, шөнөгүй явагдаж байгаа модны хулгайтай жилд нэгээс хоёр удаа шалгалт явуулах замаар тэмцэж байгаа нь хангалтгүй” гэх шүүмжлэлийг хэлж байсан.
Тиймээс хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх сан байгуулах шаардлагатайг хэлсэн юм. Ингэхдээ сангийн эх үүсвэрийг Байгаль орчныг хамгаалах сангийн болон ойн нөөцийг ашигласны төлбөрийн тодорхой хувь, Ойн тухай хууль зөрчсөнөөс үүдсэн орлого, торгууль, гадаад, дотоодын болон хувийн байгууллагын хандив, тусламж зэргээс бүрдүүлэх шаардлага зайлшгүй гарч байгаа хэмээн саналаа хэлсэн.
Б.СЭЛЭНГЭ
URL: