Жүжигчин С.Өлзийхүү “Есөн хуруу өндөр эртэй явж байхаар хичээлдээ анхаар” гэж сануулга авч байжээ

0a78055d77f14cd4bigХамтлагийнхаа нэрийг “Шилдэг өнгө” болгон өөрчилсөн хошин урлагийн анхдагчдын нэг жүжигчин С.Өлзийхүү продакшныхаа дэд захирлын албыг хашдаг ч  нярав, жолооч, зургийн дарга, найруулагч, хэвлэлийн төлөөлөгч гээд олон ажил нугалдаг хөдөлмөрч нэгэн.

Гал морин жилтэй учраас улаан өнгийг дээдэлж ихэвчлэн энэ өнгийг сонгон гоёдог тэрээр Драмын театрт арав гаруй жил ажиллахдаа “Ромео Жульетта”, “Хүслийн трамвай”, “Буудлын авхай”, “Өглөөний тэнгэрийн одод”, “Хаан түүх”, “Би эрчүүдийг хүснэ” зэрэг олон жүжгийг амилуулахад авьяасаа шавхсан.

Гэнэт цоорно гэгчээр сувилагчийн сургуулиас төрсөн шинэхэн боловсон хүчин олон арван сонгодог дүрийн эзэн байх юм гэж хэн саналаа.  1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч нарт “чангалуулж”, судсыг нь олохгүй сандарсан үедээ өвчтөнийхөө дэргэд ч хамаагүй уйлчихдаг бүсгүй нэг л өдөр найз нөхдийнхөө хамт СУИС-ийг зорьж амьдралаа өөрчилсөн гэдэг.

Бас болоогүй, “Эргээд эрүүл мэндийн салбартаа очвол таарна” гэж зэмлүүлэх энүүхэнд. Ямартаа ч урлаг түүний амьдралыг 180 хэмээр эргүүлж, амьдралынх нь ханьтай ч учруулсан гэх юм билээ. Драмын театрын жүжигчин байсан Хүсэлбаатар уран чадварын хичээл бүрт нь ирж, ирээдүйн ханиа балмагдуулдаг байсан гэдэг. Багш нь нь хүртэл хамт явахыг нь харчихаад “Есөн хуруу өндөр эртэй явж байхаар хичээлдээ анхаар” гэж сануулга өгч байсан гэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих