“Univision” киночдыг нэг л элэг бариад байх шигээ

e31c9d1bb3b4b49ca906baf803a2b9d5Сонин юм шүү. “Хоттой хонь мянга хүрэхээр алж идэх юм олдохоо байдаг” гэдэг шиг телевизийн сувгийн тоо 90 хол давчихаад байхад эргүүлээд эргүүлээд үзэх юм олдохгүй үе олонтой тохиолдоно. Ийм үед яах вэ гэдгийг Univision, Skymedia бидэнд шийдэж өгөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Түрээсийн кино, Браво!

Кино театрт тэр бүр хүн болгон кино үзэж амжихгүй үе бий. Цаг таарахгүй, эсвэл тэгтлээ театраар хэрэн хэсэх нас нь биш, эсвэл нялх хүүхдээ гэртээ хардаг ээжүүд гэхчлэн нэрлээд байвал олон хүн театрын гадна үлдэнэ. Одоо бол гэртээ IPTV тавиад л бүх юм ОК. Дуу дүрсний өндөр нягтрал сүүлийн үеийн хавтгай зурагтаар бол эгээ л кино театрт мэт сэтгэгдэл төрөхүйц сайхан мөч бидний амьдралд нэвтрэв ээ. Эхэндээ ч нөгөөхөөрөө гайхуулдаг байлаа. Гэрт зочин ирвэл “Манайх IPTV-тэй шүү дээ, танай тэнд тавигдаагүй гэлүү? Миний найз шинэ монгол кино үзэх үү, Bloomberg ” үзэх үү гэж ирээд л. Заримдаа гэр бүлээрээ амралтын өдрөөр үзэж амжаагүй шинэ монгол кинонуудыг үзэж өдөржин тухлаад л.

Гэтэл хэрэг бишдэв ээ. Сарын төлбөр тамтаггүй их гарч сүүлдээ яг хэн ямар кино үзээд байгаа нь хяналтнаас гарав. Мэдээж IPTV-тэй гээд өдөржин гэртээ хэвтээд байлтай биш ажил төрөлдөө явна. Эзгүй байх хойгуур балчир дүү маань найз нартайгаа найрладаг, эсвэл бид хэт догдолсондоо өөрсдөө ч анзааралгүй лимитээ хэтрүүлдэг. Нэг сар, хоёр сар өнгөрөхөд хүмүүс “-Танайх ямар кабельтай билээ?” гэж асуухад ”Univision” гэж хэлэхээс айдаг болов. Урьдныхаасаа арай дууны өнгөө намсаад дуулдах төдий “IPTV” гэж амандаа бувтнана.

Монголын уран бүтээлчид театраас киногоо буумагц IPTV-д өгдөг болсон нь үзэгчдийн дунд бас хүлээлт үүсгэнэ. “-Тэр киног үзсэн үү?”, “-Өө IPTV-д тавигдахаар нь гэртээ л үзчихье. Театрт үзсэнээс хямд шүү дээ” гэж хариулах хүн олон таарна. Нээрээ л хямд.

Гэтэл ачир дээрээ хөөрхий муу кино уран бүтээлчид ер нь кино театрууд болон IPTV-д ямар гэм хийв ээ?

Театрт бүтээлээ гаргахдаа ашгийнхаа 55, IPTV-д тавихдаа 50-70 хувийг татаасанд өгдөг байна. Тэгээд бас болоогүй ээ. Киногоо миалуулж, миалуулж видео санд тавигдсан АНУ ч юм уу гадаад кино 4500 байхад монгол нь 1500-4000 төгрөгийн үнэлгээнд ёстой чардайж байж хүрнэ. Манайхан киночдыг ам л ангайвал өөдөөс нь хэлдэг ганц үгтэй. “За та нар Америк шиг мундаг уран бүтээл хийдэг болчихоод мөнгө нэхээч” гэнэ. 300 сая хүн амтай улсыг, зах зээлийг гурван сая хүн амтай оронтой харьцуулж ижил жингийн туухай тавих нь хачирхам.

Бодоод байхад бид дандаа бие биенээ элэг барина. Тэгснээ гадны юм, гадаад хүн гэхээр зангиагаа тэгшилж, царайгаа төв болгон харцаар нь бөмбөрөхөө хэзээ болих юм бол? Ингэснээрээ өндөр өртгөөр бүтсэн гадаад киног хямд гаргаад өг гэж байгаа юм биш. Монгол уран бүтээлчдээ ч гэсэн адилхан дэмжээч гэх гэсэн юм. Яг үнэндээ видео санд орж байгаа ихэнх үзэгчид шинэ монгол кинонуудыг үзэх гэж нэгдүгээр хайлтаа хийдэг. Харин шууд гадаад киногоор хайлтаа эхэлдэг нь харьцангуй цөөн байх шүү.
Эцсийн эцэст хаа байсан Европын киночдод их ашиг гаргаж үнэнчээр төллөө гээд тэд биднийг нэг их үнэлж хүндлээд “Дараа Монголд л киногоо хямд нийлүүлье. Хөөрхий амьтад манай бүтээлийг үнэхээр сайн гаргаад байна. Ядаж нэг ч гэсэн жүжигчнийг нь авья” гэх нь юу л бол. Ёстой нөгөө “Дорноговь Симба хамтлаг туршлага солилцохоор ирлээ” гэхэд үл тоодог шиг “гошин” шог болох биз.

Монголын кино урлаг нэг үеэ бодвол хөгжиж, сэргэж байна. Бид бүгдээрээ нэгэн сэтгэлээр өөрийн юмаа өөд нь татах, үнэлэх сэтгэлтэй байхын төлөө хумсын толион чинээ сэтгэл ядахдаа гаргамаар. Монгол кино, европ киноны үнэлгээг адил тэнцүү тавья. Таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг шүү дээ. Ямартай ч гэрээр нэг CD бөмбөрч, “DVD дээр энэ CD унших болов уу яах бол” гэж толгойгоо ажиллуулан байж CD авдаг байсан тэр үеийг халсан IPTV-д баярлалаа. Гэхдээ монгол киночдынхоо үнэлгээг эргэж нэг хараасай.

Нийтэлсэн: У.Цахирмаа


URL:

Сэтгэгдэл бичих