Биеэ мартсан Монгол хүн
Таарсан айлдаа хонож, олдсон юмаа ходоодныхоо мухар луу шидчихдэг бадарчин амьдрал үлгэрт л үлдэж хүн төрөлхтний соёл, иргэншлийн ололттой Монгол хүн хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж байна. Гэтэл энэ соёлт ертөнцөд Монгол хүний үнэ цэнэ хаахна явааг хэлэхэд хэцүү.
Үндсэн хуулиараа амьд явах эрхээ баталгаажуулсан бид амьдрал дээр хууль хэрэгжихгүй байгаагийн жишээг өөрсдийн сонголтоороо, өөрсдийн хандлагаараа үзүүлдэг.
Манай улсад зөвхөн архинаас шалтгаалсан осол гэмтэл, өвчин эмгэгийн шалтгаанаар жил бүр 2000 гаруй хүн нас барж байгаа нь “аймшгийн” тоо юм. Монголчуудын 20 орчим хувь нь архинд донтох өвчтэй болсон гэж судлаачид, мэргэжлийн хүмүүс мэдээлж байна. Чанар муутай, “1000-ын найрка” гэгдэх хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, “буцах мөр, буух эзэн”-гүй хэрэглээнээс болж өвчин эмгэгт баригдаж тахир дутуу болох, бүр амь насаа алдана гэдэг харамсалтай.
Хэрэглээ, сонголтоо зөв тодорхойлж чадаагүйгээс өөрийн болоод ойр дотныхныхоо амьдралын аз жаргалыг хулгайлж, эрүүл мэндээрээ хохирдог. Хуурамч, хортой архинаас болж хүний амь нас сүйдсэн жишээг Багануурын “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хэрэг бидэнд сануулна.
Анх бензиний октан дээшлүүлэгч бодис болгохоор оруулж ирсэн техникийн спирт ашиг хонжоо хайсан хүмүүсийн гараар дамжсаар эцэстээ хэрэглэгчдэд “Бугатхангай”, “Аньст”, “Хэрлэн”, “Чингэс” нэртэй архи болон очсоноор 15 хүн амь насаа алдаж, 22 хүн хүнд хөнгөн ямар нэг байдлаар эрүүл мэндээрээ хохирсон гашуун түүх Монголчууд бидэнд бий. Энэ түүх бидэнд баталгаатай, чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийн чухлыг сануулж өгсөн.
Монголчууд эртнээс бэлгэшээж ирсэн “идээний дээж” архиа баяр ёслол, найр хуримын үедээ зүй зохистой хэрэглэлгүй л яахав. Гэвч хуурамч, найдваргүй хэрэглээнээс татгалзаж, аль болох чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг сонгож байх нь өлзийтэй гэдгийг анхаарч хэрэглээндээ хэвшүүлсэн нь дээр санагдана.
Архи үүссэн түүхийг ч чанартай холбож ярьдаг. Хүмүүс олон мянган жилийн өмнөөс спирт агуулсан ундааг практик хэрэглээний зориулалттай хийж эхэлжээ. Эртний Египетүүд усан үзэм амархан мууддаг ч гэсэн түүний иссэн шүүс нь огт муудахгүй дарс болдгийг анх мэдсэн байна. Харин тэдний хувьд хамгийн бэрхшээлтэй байсан ганц зүйл бол чанар муутай бохир ус байсан ажээ. Муудахгүй иссэн чанартай дарсыг уусан хүн огт өвчлөхгүй байхад чанаргүй бохир усаар хийсэн дарсыг хүртэгсэд гол төлөв өвчилж байгааг ажиглажээ. Ийнхүү спирт агуулсан шингэнүүд анх практик хэрэглээний зориулалттайгаар үүссэн ч яваандаа түүнийг хэрэглэх байдал өөрчлөгдсөн байна.
Хүмүүс ийм шингэнүүдийг янз бүрээр туршиж, архийг ууж хэрэглэх явдал Сэргэн мандалтын үеэс Европын зан заншлын нэг хэсэг болж Европын соёлд нэвтэрчээ. Энэ дэлхий дээр худалдаж авч болох бүх зүйлийг дуурайлгаж эсвэл хуурамчаар хийж байгаа нөхцөлд өөрийн эрүүл мэнд, бие махбодоо хэрхэн аюулгүй байлгах вэ? гэдэг асуудал хүн төрөлхтний хувьд нэгдүгээрт бичигдэх асуудал болоод байна. Үүнийг улс орнуудын Засгийн газар тодорхой бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэн шийдэх нь зүйтэй ч хувь хүн бүр өөрийн эрүүл мэндийн төлөө анхаарч хэрэглээндээ анхаарч баталгаатай бүтээгдэхүүн сонгож байх нь аминд өлзийтэй.
Монгол улсад өнөөдрийн байдлаар 200 гаруй архи, спиртийн үйлдвэр бий. Спирт, архи, шар айраг үйлдвэрлэдэг энэ олон аж ахуйн нэгжүүд жилдээ 50-60 сая литр архийг зах зээлд нийлүүлдэг. Үүний 10 хүрэхгүй хувь нь л экспортоор гардаг юм. Харин 20-25 сая литр согтууруулах ундаа хил, гаалиар импортлогдон орж ирдэг байна. Энэ бол хил гаалийн мэдүүлэгт тусгагдсан ердийн ил тоо. Татвараас нууж хаасан олон сая литр архины асуудал үүнээс далд бий гэж харддаг.
2008 онд одоогийн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд байхдаа энэ олон архи, спиртийн үйлдвэрүүдэд шалгалт оруулсан байдаг юм. Шалгалтын зорилго нь архи, спиртийн үйлдвэрүүдийн технологийн горим, бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн байр, лабораторийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, технологийн урсгал шугамын тоолууржуулалт, татвар ногдуулалт, төлөлт, онцгой албан татварын тэмдгийн зарцуулалтын байдал зэргийг хэр байгааг нягтлахад чиглэгджээ.
Энэ шалгалтад тухайн үедээ нийт 184 аж ахуйн нэгж хамрагдсан ч ердөө 31-хэн компани нь шаардлага хангасан үзүүлэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, энэ тоо Монгол улсад байгаа спирт, архины үйлдвэрүүдийн 20 хүрэхгүй хувь нь л чанартай бүтээгдэхүүн хийж байна. Бас нөгөө өнцгөөс нь харвал Монголчуудын хэрэглэж байгаа энэ төрлийн бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй бүтээгдэхүүн болохыг гэрчилж байна.
Энэ шалгалтаар бүтээгдэхүүний нэр төрлийн жагсаалтгүй хэрнээ олон нэр төрлийн архи үйлдвэрлэдэг газрууд ч гарсан байдаг. Шилэн дээрээ худлаа өөр өөр нэр тавьчихаад, таарсан савандаа архиа савлачихдаг ийм үйлдвэрийн нэг нь нөгөө олон хүний амийг авч одоог “Азийн чоно” ХХК-ний “Гүн галуут” үйлдвэр байсан.
Бас нэг шалгалтын баримт. Өнгөрсөн жил Татварын Ерөнхий Газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу “Нарантуул” зах, “Бөмбөгөр” болон “Барс” зэрэг 50 орчим зах, дэлгүүр, бөөний худалдааны цэг, салбар, агуулахуудад согтууруулах ундаа, тамхины бөөний болон жижиглэнгийн худалдаа хэрхэн явагдаж байгаад шалгалт хийжээ. Энэ үеэр Онцгой албан татварын хуурамч тэмдэгтэй согтууруулах ундаа үйлдвэрлэж байсан 16 аж ахуйн нэгжийг илрүүлсэн байна. Тэдний хуурамчаар үйлдвэрлэн борлуулж байсан 20 нэр төрлийн 3500 шил согтууруулах ундааг устгасан удаатай. Энэ шалгалтын буянаар 3500 Монгол хүн хордож, эрүүл мэндээрээ хохирох аюулаас холуур өнгөрчээ.
Ойрмогхоны нэг жишээ. Сар гаруйн өмнө УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдав. Үндэсний Татварын Ерөнхий Газрын даргын “Онцгой албан татварын тухай” болон “Онцгой албан татварын тэмдгийн тухай” хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, хэлэлцжээ. Манайд шар айраг ямар ч онцгой албан татварын тэмдэгжүүлэлтгүй борлогддогийг бүгд шүүмжилж тэмдэгжүүлэх асуудлыг цаашид тавина гэдгээ зарчмын хувьд тохиролцоод авсан. Энэ үед шалгалтаар илэрдэг зөрчлийн тухай мэдээлэл анхаарал татаж байв. Онцгой албан татварын тэмдэггүй, эсвэл хуурамч тэмдэгтэй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй шил савтай бүтээгдэхүүнийг олноор нь хурааж устгасан тухай мэдээллийн ард энэ бүхнээс дунджаар 245 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжийг алддаг гэсэн мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоолол дагаж байсныг санаж байна.
“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн үгийг мэдэхгүй Монгол хүн үгүй биз ээ. Үнэхээр худалдаж авч болох бүх зүйлийг хуурамчаар хийж, дуурайлгаж байгаа энэ цаг үед Монгол хүн та бүхнээс түрүүнд энэ биеэ марталгүй, өөрийнхөө эрүүл мэндийг бодож сонголт хийж байгаарай. Б.Эрдэнэ
URL: