Түлш ховордоод байвал түгжрэхгүй аятайхан юм биш үү

Орой ажлаас тараад харих гэхээр түгжрээд хэцүү байдаг байлаа. Ойрхон газар л цаг гаруй “мөлхөнө”. Ур чадвар нь сайжирчихсан, урдуур хойгуур дайрахдаа сайн микроавтобусны жолооч л ингэж удаан явдаг гээд бодохоор түгжрэл ямар их гэдэг нь мэдэгдэж байгаа биз. Жаахан болхи жолооч бол хоёр цаг явах байлгүй. Гэтэл ойрноос харихдаа 30 минут л зарцуулах болов. Зайгүй түгжирчихдэг машин, хөндөлсч зогсдог автобус, чихэнд чийртэй микроавтобуснуудын тал нь алга болчихсон болохоор тэр. Сүүлийн хэдэн жил хайгаад олдохгүй байсан түгжрэл сааруулах арга нэг л өглөө өөрөө ургаад гараад ирдэг юм байна.
Ердөө л бензин үнэд орж, дизель ховордсоноос шалтгаалаад замын түгжрэл 40 хувиар буурчихлаа. Энэ янзаараа жаахан удвал 50 хувиар ч буух боломж байгаа юм, уг нь. Зөвхөн дизель гэлтгүй АИ92 ч гэсэн жаахан хомсдоод, татраад ирвэл хүмүүс машинаа хашаандаа тавиад дээрх хувьд хүрэх боломж байгаа шүү дээ. Автобус, микроны тоо ч гэсэн улам багасна. Ингээд бодохоор Орос ах нарт баярламаар байна. Зарим хүмүүс оросуудыг зүхээд байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Наад зах нь замын түгжрэлийг сааруулж өглөө. Зам түгжрээд байгаагийн шалтгаан нь ердөө л зам дээрээ багтахгүй их машин байгаагаас болж буйг ойлгууллаа. Хараат байна гэдэг ямар их аюултайг мэдрүүллээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барихгүй бол болохгүй юм байна гэдгийг ухаарууллаа. Тийм байхад баярлахгүй яадаг юм. Тэр дундаа УИХ-ын гишүүд бага ч болов ухаараад, зарим нэг авууштай юм яриад байгааг сонсоход хүртэл хойд хөршдөө баярлаад байгаа юм. Одоо дизель түлш ирсэн ч улсын хэдэн автобус, газар тариалан, зам засварын хэддээ өгчихөөд л бусдад талон, картаар зарахгүй юу, яадаг юм.
Дураараа дургидаг микро, хувийн автобусууд түлшгүй болоод зогсоно биз. Бүр нөгөө төрөөс өгдөг татаасаа ч болих хэрэгтэй. Төмөр нүүр гэж юу байдгийг харуул. Хэдэн микро зогслоо гээд иргэд ажилдаа явж чадахгүй байна гэж юу байдаг юм. Яаж ийж байгаад л болгоно. Улсын автобусандаа суугаад ч болов яваад л байна. Хамгийн гол нь түгжрэлгүй л байна гэдэг чинь сайхан байхгүй юу. Машин тэрэг замаар хөндөлсөөд байхгүй бол дугуй унаад давхисан ч яадаг юм. Ядаж л эрүүл мэндэд тустай.
Хөдөлгөөнгүй суугаад таргалаад байгаа нөхдүүдийн өөх, тос нь хайлж, булчин сууна биз дээ. Тэгээд ч автобусанд “тасалбараа нэмлээ, мөнгөө өгсөнгүй, буугаарай” гэж хэрэлдэж эд эсээ алахгүй. Хуучин муу микроноос гардаг утаа агаарын бохирдолд “хандив” өргөхгүй гээд л сайн талыг нь дурьдаад байвал дуусах шинж алга. Тиймээс түлш ховордоход санаа зовоод байх хэрэг байна уу. Дээр хэлсэнчлэн гол салбаруудаа л хөдөлгөж байвал барав. “Бензин 10 мянган төгрөг болоосой. Тэгвэл хорооллын замаар ганцаараа давхихгүй юу” гэж нэг баяны эрх хүү хэлсэн юм гэсэн. Тэгвэл ч би дугуйгаа унаад уралдана даа. Гэрээсээ гараад 15 минутын дотор ажилдаа ирэх байлгүй. Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих