Д.Хаянхярваа: Ерөнхий сайд ийм аймшгийн бодлоготой юм биш биз
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цагүеийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан хэвлэлүүдээр “Галын дүгнэлт”гэсэн цуврал материал гарсныг та уншсан уу?
-Хагас дутуу уншсан. Юу ч гэж хэлэх вэ дээ. Галын дүгнэлт гэхийн оронд галзуу хүний өдрийн тэмдэглэл гэвэл арай сонсголонтой болмоор санагдсан.
-Танай намын бүлгээс гаргасан “Эдийн засгийн бүх гал ассан” гэсэн дүгнэлтээс үүдэлтэй юм биш үү. Яагаад та бүхэн ийм дүгнэлтэд хүрэх болов гэдгийг эхэлж асуумаар байна?
-Өнөөдөр эдийн засагт болж байгаа юм байна уу гэж өөрөөс чинь асуумаар байна. Захиалсан, бичсэн хоёр ерөнхийдөө таарсан таар шуудайнууд гэвэл их л эгдүүцэх байх. Манай эдийн засаг сүүлийн жил гаруй хугацаанд маш хурдтайгаар уруудлаа шүү дээ. Одоо бизнес нь хэвийн байгаа ямар салбар, ямар компани байгаа юм бэ. Бизнесийн бүхий л салбарт ажлын байрны цомхотгол хийгдэж байна.
Валютын ханш уруудаж, манай орны экспорт , импорт буурлаа, гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогсонги байдалд орлоо. Үндэсний томоохон компаниудын чадавхи суларч эхэллээ. Энэ бүхэн нэг юм хэлээд байгаа юм биш үү. Эрх баригчдад илүү сайхан байгаа юм шиг байна. Эдийн засгаа тэтгэх гэж гадаад, дотоодын эх үүсвэрээс олон арван тэрбумаар нь зарцуулсан хөрөнгө нь тэднийг л тэтгэсэн байх. Өрөвдмөөр ч юм даа. Өөрсдөө ажил хэрэгч, зөв бодлоготой явж ирсэн гэж олон нийтэд ойлгуулах гэж ядах юм. Энэ бол сул дорой хүмүүсийн зан. Зөв буруу, үнэн худал хоёрыг ард түмэн ялгаж салгаж чадна. Ардын намыг муу муухайгийн үүр болгох гэж элдвийн юм сэдэж байхын оронд бид юун дээр алдаж байна, юу нь болж бүтэж байна гэдэгтээ дүгнэлт хийж урагшаа харж ажиллаасай. Тэгвэл улс оронд, ард түмэнд хэрэгтэй баймаар.
-МАН өнгөрсөн 20 жилд эдийн засагт цучил үлээж гал асаах үүрэг гүйцэтгэчихээд одоо ийм юм ярих нь зохимжгүй гэсэн байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Өнгөрсөн 20 гаруй жилд МАН найман жил дангаар, АН зургаан жил дангаар, найман жил хамтарч Засгийн газарт ажилласан байдаг. Улс оронд болж бүтэж, зөв зүйтэй байсан бүхэн нь АН-ын гавъяа, болохгүй бүтэхгүй байгаа бүхэн МАН-ын гай гэж хэлэх гэж ядаад байгаа юм. Энэ олон жил дангаар болон хамтарч Засаг барихдаа АН-ынхан маань өөрийн гэсэн бодлогогүй, толгойгүй явж ирсэн хэрэг үү. Би саяхан нэг сонинд ярилцлага өгөхдөө “ Хэрээ хэрээнийхээ харыг гайхна” гэж МАН, АН хоёроо хэлсэн юм. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд алдсан ч, оносон ч байгаа. Харин улс орны хувьд урагшилсан, өөдөлсөн нь хамтарч ажилласан он жилүүдэд илүү байсан юм билээ. Үүнд дүгнэлт хийх юм бол хэрэлдэж хэмлэлдэж биш, эвлэрч эвсэж ажиллах нь ач тусаа өгнө гэдгийг өнгөрсөн түүх хэлээд байна шүү дээ. Гэтэл эрх баригчид маань эсрэгээрээ хэт туйлшраад , өөрсдийнхөө хийж байгаа алдааг ололт амжилт болгоод , өнгөрсөн бүх алдаагаа нэг улс төрийн хүчин рүүгээ чихэж PR-даад, тэр хоосон хийрхэл PR-таа өөрсдөө элдэв дүрд тоглох нь ихсээд л байна. Ийм нөхцөлд бид алдаа оноог нь хэлэхгүй өөр яах ёстой юм бэ. Цучилаа үлээх, асаахад манай хоёр намын гүйцэтгэсэн үүргийг ялгаж салгах гэж элдэвлээд хэрэггүй. Алдаан дээрээ суралцаж, урагшаа тэмүүлж ажиллах л юу юунаас чухал болоод байгааг эрх баригчид ойлгоосойдоо гэхээс өөр хэлэх юм алга.
-Танай намыг эрх барьж байхад эдийн засагт гал гараагүй гэж үү. Энэ материалд таны нэр бас дурдагдсан учраас илүү тодруулж асуумаар байна?
-Ямар гал гарсан гэж. Хүнд бэрх үеүд зөндөө байсан. Түүнийг хамтын оюун ухаан , зөв бодлогын үрээр амжилттай даван туулж чадаж байсан. Хамгийн гол нь ямар ч үед сөрөг хүчнээ сонсож хамтарч ажиллаж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Картын бараатай хийгээд цалин хөлс тэтгэвэр тэтгэмжээ тавьж чаддаггүй байсан он жилүүд, Азийн хямрал, 2008-2009 оны хямрал гээд хүнд үеүд байсан ч эдийн засгаа урагшлуулж, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахаар тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байсан. Мэдээж алдаа их бий. Намайг сайд байж намынхандаа их мөнгө авах нөхцөл бүрдүүлсэн гэх утгатай юм бичсэн байна лээ. Миний гай, гавъяа гэж юу байхав дээ. Төсвийн хуулийг л хэрэгжүүлж ажилласан. УИХ-ын баталсан төсөв, шууд утгаар баталсан хуулиа хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх гэж л хичээсэн ухаантай. Ер нь би хувь хүнийхээ хувьд гавъяа байгуулдаггүй юм гэхэд гай болох ёсгүй гэсэн зарчим барьж ажилладаг.
Манай намын үед гал гарсан гэхээсээ урьд гарсан, гаргасан алдааг засаж улс орныхоо эдийн засгийн чадавхийг сайжруулах зөв бодлого барьж ажиллаж ирсэн гэж хэлмээр байна.
-Өмнөх Засгийн газрын үед Оюутолгойг барьцаалж 250 сая ам.доллар, Тавантолгойг барьцаалж 416.1 тэрбумтөгрөг, Засгийн газрын дотоод зээл 192.1 тэрбумд хүрсэн гэсэн тооцоог гаргажээ. Эндээс л гал асах бүхзүйл эхэлсэн гэж дүгнэсэн байна?
-Хамтарсан Засгийн газрын үед хүнийхээ хөгжлийг дэмжиж, ажил орлоготой байлгах тал дээр илүү анхаарч байсан. Хүний хөгжлийн сан байгуулж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан. Хэдийгээр мөнгө тараасан , халамжийн улс болгосон гэж элдвээр хэлж байгаа ч эдийн засгийн өсөлт хамгийн их, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ 2.5 дахин нэмэгдүүлсэн, нийт иргэд, оюутан залууст цалин урамшуулал олгож эхэлсэн, 1500 орчим км замын ажлыг эхлүүлсэн, Оюутолгой , Тавантолгой гээд том төслүүдээ эхлүүлсэн амжилт бүтээл ихтэй он жилүүд байсан гэдэгтэй хэн маргах юм бэ.
Гэтэл нэг жилийн дотор 1.5 тэрбум ам.доллар, гурван их наяд төгрөг, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Самурай бондын 30 тэрбум иен гээд улсын төсвөөсөө давсан хэмжээний мөнгийг зарцуулаад ямар үр дүн гарав. Дөрвөн жилд авсан зээл, нэг жилд авсан зээлийг харьцуулж гарсан үр дүнг нь хар л даа. Өнгөрсөн дөрвөн жилд зээл, урьдчилгаа авсан үедээ хариуцсан сайд нар юу ярьж байсныгаа мартчихдаг юм байх даа. Энэ бүхнийг манай нам дангаараа хийсэн үү. Тэр үед Засгийн газарт АН-аас ажиллаж байсан сайд нар болохгүй бүтэхгүй гэж яагаад хэлээгүй юм бэ. Албан тушаал нь улс эх орны эрх ашгаас илүү үнэтэй байсан хэрэг үү. Үнэхээр буруу юм хийж байна гэж тэр үеийн Тэргүүн шадар сайд буюу өнөөдрийн Ерөнхий сайд хэлээгүй шүү дээ. Гэтэл өнөөдөр тэнгэрээс унасан хүн шиг шал худал яриад л МАН-аас болоод бид, улс орон баларч байна, та нарын тарьсан гайг арилгах гээд зүдэрч байна гэж үлгэр ярьж яаж чадаж байна аа. Ганцхан жилийн дотор галаа асаадгаа асаачихаад, тавьчихсан түймрээ унтраах ухаанаа олохгүй баларч байна гэвэл ард түмэн ойлгоно. Бодлогоо зөв болгох тухай бодохын оронд, алдаагаа хэнд нялзаах вэ гэж толгойгоо гашилгаж суудаг эрх баригчид л гайхмаар байгаа юм биш үү.
-Сү.Батболд түүний багийнхан одоогийн Засгийн газарт эдийн засгийн дарамт, улс төрийн шахалт болсоор байгаа гэсэн байна. Та өмнөх Засгийн газрын сүүлийн хэдэн сар Сангийн сайд байсны хувьд энэ багт орно байх?
-Сү. Батболдын баг ямар дарамт, шахалт үзүүлээд байгаа юм бэ. Галын дүгнэлтэд бичсэнээр бол Сү.Батболд Хятадаас нүүрсний үнээ унагаач гэж гуйгаад, тэрийг нь одоогийн манай намын дарга дэмжээд байгаа гэсэн утгатай юм бичсэн байна. Улс орныхоо эдийн засаг , хөгжил цэцэглэлтийг дордоосой муудаасай гэж бодож суудаг улстөрч Монголд байдаг гэж огтхон ч бодохгүй байна. Өнөөдөр бид маргаж, мэтгэлцэж элдэв юм болдог ч хардана, харлуулна гэхэд дэндэж байна. Тэгвэл Ерөнхий сайд маань энэ багт байсан шүү дээ. Арай ийм аймшгийн бодлоготойгоор ажилладаг юм биш биз гэж бодогдмоор. Аливаа юманд хэмжээ байх ёстой байх. Намайг энэ Засгийн ажилд гай саад бол гэсэн хүн байхгүй, надад ч тийм бодол байхгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Үүнийг бичсэн хүн баримт материалтай байлгүй дээ. Нэг ёсондоо Сү.Батболд болон одоогийн Ерөнхий сайд тэр үед Засгийн газарт ажиллаж байсан бүх хүнийг л хамруулан хэлж байна гэж ойлгож байна. Сү.Батболдын багийнхан гал тавих эхлэл тавьсан гэвэл одоогийн Ерөнхий сайдаас эхлээд тэр үед сайд байсан хүмүүс бүгд л хамаатай болно.
-Бараг нэг их наяд хүрэхээр хэмжээний өрийг тавьсан хүмүүс нь та бүхнийг гэжээ. Энд бэлэн мөнгө тараасан зүйлийг хэлээд байх шиг.
Таныг сайд байхад ч гэсэн бэлэн мөнгөний сүүлчийн хэсгийг тараасан шүү дээ?
-Хоёр намын мөрийн хөтөлбөрийг нийлүүлж нэгтгэж байгаад л УИХ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан. Ер нь 2008 оны сонгууль популист амлалтын оргил үе байсан гэдгээрээ түүхэнд үлдэх байх. Би 21 мянган төгрөгийг ард түмний амьдралд маш их дэм болж байсан гэж одоо ч боддог. Энэ мөнгө хэрэггүй хүн байсан л байх. Гэхдээ нийт хүн амын цөөнх. УИХ-аараа баталсан хуулиа хэрэгжүүлэхгүй гээд яах юм бэ. Цаашдаа ийм хавтгайрсан халамж байж таарахгүй, ер нь сонгуулийн элдэв популист амлалтаас татгалзах нь зүйтэй гэж хоёр нам тохиролцоод сонгуулийн хуульдаа хүртэл өөрчлөлт оруулсан. Гэтэл одоо болохоор МАН-аас л боллоо гэсэн юм яриад л. Ийм шог юм ярихаасаа ичих булчирхайтай байх ёстой. Сая төгрөгийн сэдлийг аль нам нь эхэлж гаргалаа гээд түүх яривал одоогийн эрх баригчид анхдагч болно шүү. Цаашид ийм балай хэрүүл ч гэхэд хэцүү, хов ч гэхэд хэцүү юм ярьж улс төрийн хоёр том хүчин түмний нүдний булай болж байх хэрэггүй. Өнгөрснөөсөө сургамж авч дахиж алдаа гаргахгүй байх л чухал.
-МАН-ын Засгийн газар бэлэн мөнгө тараасан бол одоогийнх хөрөнгө оруулалтад зээл өгч буйгаараа ялгаатай гэдэг. Энэ хэр оновчтой дүгнэлт вэ?
-Ямар хөрөнгө оруулалт оруулав, ямар үр дүн гарав гэдэг л чухал. Өөрсдийн хүрээллийн цөөн тооны хэдэн компанидаа зээл нэрээр Чингис бонд болоод үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргаж байгаа зээлийг тарааж өгөөд өрийн дарамтаа нэмэгдүүлээд байгааг зөв бодлого гэж үзэхгүй байна. Зээл жинхэнэ очих цэгээ онохгүй байгаа болохоор энэ дүгнэлтийг оновчтой зөв гэж хэлэх боломжгүй. Эцсийн дүндээ улсын тавьсан өрийг ард түмэн, татвар төлөгчид л төлнө. Энэ Засгийн газар хэтэрхий их мөнгийг үр ашиг багатайгаар цацлаа. Энэ их өрийг буцааж төлөх үед л “ Би юу хийчихэв” гэдэг шиг л юм болно. Тэр үед л өнөөгийн улстөрчдийн жинхэнэ алдаа оноог дүгнэж цэгнэх байх. Сонгуулийн хугацаа талдаа орлоо, ямар үр дүн гарахыг нь харж байхаас өөр яах вэ. Нэгэнт тараадгаа тараасан. Ямар ч гоё тайлбар хийж болно хамгийн гол нь үр дүн чухал.
-Өнгөрсөн хоёр өдөр Монголын эдийн засгийн форум боллоо. Та оролцож санал бодлоо илэрхийлэв үү. Эндээс үр дүн хүлээж байна уу?
-Би хувийн гачигдал гараад оролцож чадаагүй. Хэвлэл мэдээллээс л харж байна. Тав дахь жилдээ зохиогдож байна. Өмнөх форумаас гаргасан шийдвэрээсээ юу нь болов, юу нь болсонгүй вэ гэдгээ сайн ярилцах ёстой юм болов уу гэж бодож байна. Энэ арга хэмжээн дээр улстөржих шаардлагагүй гэж ярьсан хүмүүстэй санал нэг байна. Одоогийн эдийн засгийн хүндрэлээс гарах арга замын талаар ярилцах ёстой байсан . Миний ойлгосноор бол энэ талаар бага яригдсан юм шиг санагдсан. Нийгэмд мэдэгдэхүйц үр дүн гарахгүй л болов уу даа.
-Форумд оролцогчид валютын ханш чангарсан, төгрөг суларсан гэх мэтийн бодит байдлыг илүү ярих шиг болсон?
-Өнөөдрийн эдийн засгийн хүндэрлийн нэг үндсэн шалтгаан нь учраас илүү ярьсан байх.
-Эдийн засгийн нөхцөл байдлыг судлаачид, улстөрчид янз бүрээр үнэлж байна. Сөрөг хүчний зүгээс ч олонудаа байр сууриа илэрхийлсэн. Цаашид хэрхэх вэ гэдэгт та ямар дүгнэлт өгөх вэ?
-Хүнд дүр зураг харагдаж байна. Хамгийн гол нь хоёр том хөрштэйгээ харьцах харьцаандаа зарчмын өөрчлөлт гаргах шаардлага байна. Оюутолгой, Тавантолгой төслийн ажлаа эрчимжүүлэх, төр хувийн хэвшлийн бизнесийг булаадаг, элдэв дарамт шахалт үзүүлдгээ зогсоохоос эхлээд эн тэргүүнд хийх ёстой олон ажил байна. Эцсийн дүндээ энэ Засгийн газар бодлогын алдаагаа хэр хурдан засахаас бүх юм хамаарна.
-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг ярих болов уу?
-Ярих ёстой гэж бодож байна. Засгийн газар болоод эрх баригчид юу бодож байгааг мэдэх юм алга. Эцэст нь хэлэхэд галын дүгнэлт ойлгомжтой байна шүү дээ. Засгийн газар гаргасан алдаагаа ойлгосон байна. Харин эзнээ буруу тийш нь хайгаад байна. Гал гарсан шалтгааныг бусдаас биш өөрөөсөө хайвал ассан галаа хурдан унтраана гэж хэлмээр байна.
URL: