Чоно борооноор, автобус дүйвээнээр

Нэг хэсэг монголчууд “Орос шиг л бай л даа” гэдэг үгийг их хэрэглэдэг байлаа. Оросууд нэг удаа нүнжигтэй загнасан болохоор л тэгж хэлсэн байгаа юм. Хошин шогийнхон түүнийг нь мэдчихээд нийтэд тараасан. Гэтэл ойрноос Орос ах нар Орос шиг байж чадахгүй дизель түлшээ хязгаарлаж, новширдог байна ш дээ. Гэтэл “чоно борооноор” гэгчээр өнөөх хэдэн автобус чинь үнээ нэмж новширдог байна шүү. Бүр хэдэн автобус нийлж хэвлэлийн хурал хийсэн.
Нэг нэг л шалтаг тоочиж байгаа юм. Нэг нь “Миний дугуй муудаад удаж байна. Нийтийн тээвэрт яваад ашиг олж чадахгүй болохоор дугуйгаа сольж чадахгүй байсан юм. Одоо л нэг боломж гарч байна” гэж ирээд л шалтагласан. Гэтэл нөгөөх нь “Миний мотор муудаад удаж байна. Өөр орлох автобус байхгүй болохоор хар утаа хаяж, муухай бахирсан ч гэсэн яваад л байгаа. Дээрээс нь жолооч, билет таслагчийн маань цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа. Бааз маань алдагдалтай ажиллаж байна. Тэгэхээр тасалбарынхаа үнийг нэмэхгүй бол болохгүй нь” гэж ирээд зовлон тоочив.
Дизель нэмэгдээгүй байхад зүгээр л яваад байсан автобусууд дизель хомсдсон дүйвээний үеэр бэртэж гэмтээд, дугуй, мотороо элээж л дээ. Тэгээд үнээ нэмж, ашиг олохгүй бол болохгүй болоод байгаа юм байх. Тэр ч бүү хэл хурал ахалж байгаа автобус нь “Манай жолооч, тасалбар түгээгчид ажил хаяна гээд байна. Тэгвэл бид чинь яаж хөдлөх билээ. Жолоочгүй байна гэдэг түлшгүй байснаас дор.
Тэгэхээр тасалбарынхаа үнийг нэмж, тэднийхээ цалинг өсгөхгүй бол ард иргэд хэцүүдэх нь. Бид яах вэ эвдэрч хэмхэрсэн, мөргөлдсөн, хөлдсөн ч зүтгээд л байна. Хамгийн гол нь ард түмэн, жолооч, ажиллагсдаа бодох хэрэгтэй байгаа юм. Үүнийг эрхэм сэтгүүлчид болгооно биз” гэж ирээд л учирлаж байсан. Энэ автобуснууд уу, завшааныг ер андахгүй юм. Түрүүнд яасан билээ, 300 төгрөг болгохгүй бол болохгүй байна гэж үглэсээр нэмсэн. Одоо дахиад л энэ мэт шалтгаанаар нэмлээ. Дизель түлш элбэгшиж, үнэ өртөг нь буурсан ч үнээ буулгахгүй дээ. Нөгөө “бандан тас” гэдэг шиг гүрийх байлгүй.

Н.Пунцаг


URL:

Сэтгэгдэл бичих