ГССҮТ-ийн эм хангамж тасарч эхэлжээ

gemtel-1(1)Гэмтэл согог судлалын үндэсний төв удирдах захиралгүй болоод долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Уг нь тус төвийн захирлын сонгон шалгаруулалтаас А.Мөнхтайван шалгарч, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар батламжлагдсан. Гэсэн ч өмнө нь ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөөгүйгээс тус эмнэлэг удирдлагагүй болж, энэ нь араасаа олон асуудал дагуулаад байна.

Гуравдугаар сарын 20-нд Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэр тэргүүтэй албаны хүмүүс Ц.Энхбаяраас А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ГССҮТ-д очсон. Гэтэл Ц.Энхбаяр ажилдаа ирээгүй, утас нь холбогдохгүй байсан учир Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид ажлаа амжуулж чадалгүй буцсан юм. Харин маргааш нь Ц.Энхбаяр ирснээр дахин А.Мөнхтайванд ажлыг албан ёсоор хүлээлгэх ажил өрнөсөн боловч даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр гэнэтхэн дахиад л “алга болчихсон” гэдэг.

Ийнхүү толгойгүй болсон ГССҮТ-ийн эмч, ажилчид цалингаа ч авч чадалгүй яваа гэнэ. Учир нь байгууллагын захирал ажилчдын цалин олгох бичигт гарын үсэг зурах ёстой. Эрүүл мэндийн сайдын тушаал ёсоор А.Мөнхтайван ГССҮТ-ийн захирал болох ёстой байдаг, гэтэл ажлаа, тамга тэмдгээ албан ёсоор хүлээж аваагүй болохоор шийдвэр гаргах төвшинд эрх мэдэлгүй болчихож. Ингээд л эмнэлгийн эмч, ажилтнууд цалин хөлсөө авч чадахгүй байдалд хүрсэн байна. Түүнээс гадна эмнэлгийн эм тарианы хангамж ч тасарч эхэлжээ.

Нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн эмч, ажилтнууд эмнэлгийнхээ Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан Эрүүл мэндийн сайдад хандсан ч одоогоор хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Эрүүл мэндийн яам асуудлыг яаралтай нэг мөр шийдэхгүй бол ГССҮТ-ийн эмч, ажилтнууд албан ёсоор мэдээлэл хийнэ гэдгээ ч хэлж байна.

ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярын тухайд утас нь холбогдохгүй байгаа тул түүнтэй холбогдож чадсангүй.

Сануулахад, ГССҮТ-ийн даргын төлөө тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Энхбаяр болон Стратеги, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б.Батмагнай, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байсан Р.Энхсайхан, Түлэнхийн төвийн захирал асан Хишигсүрэн, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван сонгон шалгаруулалтад орсон. Ингээд сонгон шалгаруулалтын шалгуурыг Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхсайхан хангаж, ГССҮТ-ийн захирлаар ажиллахаар болсон юм. Сонгон шалгаруулалтад захирал доктороос дээш эрдмийн зэрэг цолтой байна гэсэн шалгуурыг тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр хангаагүй юм. Харин А.Мөнхтайваны докторын диплом хуурамч гэсэн гомдлыг Ц.Энхбаяр гаргаад байгаа аж. Ийнхүү захирал хэмээх суудал, сандлын төлөөх маргаанаас үүдэн өвчтөн, жирийн иргэд хохирч байна гэдгийг ГССҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Бүргэд хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих