Уяач

3-26-6Ц.ГАЛБАДРАХ

Үүрээр адуу цангинатал янцгаах ямар ер бусын эгшиглэнтэй сонсогддог гэж санана…

Адууны дэргэд, адууны салхинд төрж өсч, морин дэл дээр салхи цуулан давхиж монгол хүн жинхэнэ монгол хүн болон бойждог бөлгөө.

Морь бол монгол хүний хамгийн дотно анд билээ. Морь бол Монгол Улсын бэлгэ тэмдэг билээ. Монголын ард түмэн зочин гийчнээ урин залахдаа “Та дээшээ морилно уу” гэлцдэг. Дээрх үгийн уг үндэс нь морь.

Эрт цагт жонон хар хэмээх гайхамшигт хурдан хүлэг Монголын говь тал нутагт байжээ хэмээн домогт гардаг. Гэгээн тунгалаг өдөр өргөн талаар цахилж яваа жонон харыг харсан хүмүүс “хар цахилгаан” цахихыг үзэв хэмээн өөр хоорондоо хэлэлцдэг байв. Жонон хар тулааны морьдын бүх хүч, чин зоригийг биедээ шингээсэн мэт хүчирхэг хүлэг байв. Жонон хар өөрийг нь өсгөж, гайхамшигт ажнай болгосон эзэндээ хязгааргүй үнэнч байв.

Тэр тэнхээ ихт хүлэг морин олон жил цайдам талаар хялгана долгилуулан хөндлөн гулд цахилан давхисан агаад ертөнцийн жамаар нэг л өдөр тэнгэрт хальжээ. Эзэн нь эрэмгий ялгуун хүлэгтээ зориулж туульс зохиож. Гэсэн ч уг туульсыг хөгжмийн зэмсэггүйгээр хайлж болохгүй байсан тул зандан модоор алдарт жонон харынхаа сүр жавхланг дүрсэлсэн морин толгойтой хуур бүтээж, аялгуулан дуурсгажээ. Тэр цагаас армаг хурдан хүлгийн тухай дуун ард олны дунд тархан чин зоригийг нь хөглөж, эрэлхэг агаад нинжин халуун сэтгэлийг тэдэнд шингээж өгдөг болсон гэнэм.

Монгол хүн орос хүнээс юугаараа өөр юм. Монгол хүн хятад хүнээс юугаараа өөр юм. Морьтойгоороо л өөр. Өөдрөг тэнхлүүн яваагаа морьтой, хийморьтойг нь гайхаж биширнэ. Хойморьтоо залж хүндэлнэ. “Морьтын хишиг явгандаа” гэж зүйрлэн хэлцэнэ.

“Амархаан залгичих хоёр их гүрний дунд

Аргамагийн дэлэн дээр улаан залаатай ноцож…” явж ирсэндээ л өнөөдөр Монгол Монголоороо байгаа бус уу.

Ноднинхон доо. Монголчууд 4249 морины уралдаан, 10 мянган морьтны сүрт жагсаалаараа Дэлхийн гиннесийн дээд амжилтад бүртгүүлж, морьтойгоо, хийморьтойгоо байгаа шүү гэдгээ харуулж, “яах аргагүй дэлхийг донсолгож явсан ард түмэн юм аа” гэсэн бахархал бишрэлийн салхийг бөмбөрцөг даяар дахин дэгдээж шагшаан шуугиан болсон билээ. Тэр өдрүүдэд дээд үйл бүтээсэндээ хүний өөрийнгүй бие биеэ тэврэн баяр хүргэж байгаа монголчуудыг харсан Дэлхийн гиннесийн холбооны ерөнхий шүүгч итали эмэгтэй “Манай италичууд монголчууд та нар шиг чин сэтгэлээсээ бие биеэ тэвэрч ингэж үнсэх юм бол одоогийнх шигээ улс төрийн хямралтай байхгүй байсан” хэмээн шогширч “Ийм хүчирхэг, ийм эв нэгдэлтэй, ийм гоё сэтгэлтэй ард түмэн учраас л монголчууд хоёр том гүрний дунд цөөхүүлээ ч оршин тогтносоор байдаг юм байна” гэж магтах үгээ олохгүй дуу алдаж байсан гэдэг ээ.

Өвөг эцэг минь уяач, өвөө минь уяач, аав минь уяач. Маргах аргагүй уяач удмын хүү юм, би. Уяач хүмүүнд жаргал их буй. Зовлон ч их буй. Хурдан буяны тоосыг дээд тэнгэр бурханд өргөх хувь гагцхүү уяач хүмүүнд олддог гэж ярилцах. Морьтой цогиж яваа хүн нэг өөр. Морь уяад уралдуулж байгаа хүн бүүр өөр өө.

Наадам дөхөхийн хэрээр аав минь гэртээ орж ирэх нь цөөрдөг сөн. Уяан дээрээ л өдрийг барна. Гэрээс, хүнээс улам холдоно. Морьтойгоо ярина. Өөртэйгөө ярина. Морио ажна, шинжинэ. Зогсолт, алхалт, давхилт… хөдөлгөөн болгоныг нь, гаргах ааш авир болгоныг нь анзаарна. Засал хийнэ. Гүн шөнийн хилэн хар тэнгэр дор, оддын дор морио манаж хээр хононо. Нүдний хор гаргахаа ч мартана.

Нарийн ярихад уяач хүн наадам үзэж амждаггүй.

Тэнд бөх барилдаад, харваачид уухайлаад л наадам ид дундаа байхад юун түүнийг анзаарах. Морио мордуулна. Тэр хооронд дараагийн мориндоо санаа тавина. Бороо шорооноос, бас бус элдвээс хамгаалж нэмнэнэ. Морь ирүүт хүүхдэдээ хярам балгуулах гэж гүйнэ. Давхисан морио хөдөлгөнө.

Морь цоллох, бай шагнал гардуулах, түрүү булаалдах бөхийг хараад л уяач хүний наадам өндөрлөж байгаа юм даа.

Улирагч зууны наян нэгэн он. Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор Өмнөговийн Баян-Овоо сумынхаа наадмын дөрвөн түрүүг аавын минь уяасан хүлгүүд “хамчихаж” билээ. Энэ тухай их уяач, хөдөлмөрийн баатар Данзаннямын Даваахүү манлайд нэгэнтээ сонирхуулсан удаатай. Тэгэхэд манлай “Сумын наадмын дэнж хатуу шүү. Түрүүлэх л морь түрүүлдэг юм. Дуртай хүний морь өнгөлөхгүй. Аав чинь, Цээнзэн гуай ч мундаг хүлэгч хүн юм” гээд барагтайд хөдөлдөггүй байх даа гэмээр толгойгоо их л бишрэлтэйгээр сэгсэрч билээ.

-Нэг наадмаар дөрвөн морио түрүүлүүлчихээд улс амьтнаас санаа зовж байлаа.

-Яагаад вэ. Харин бахархмаар юм биш үү?

-Ганцаараа би ямар морь уясан биш дээ гэж санаа их зовж байв…

Ная хол гарсан настай аав минь саяхан “Тод магнай” сэтгүүлийн сурвалжлагчид ийн ярьсан байсан…

Хүмүүний дуртгал дунд билгийн дөрвөн улирал нь ээлжилдэг орон билээ, миний Монгол.

Улирал, улиралдаа зохицсон хувцастай. Улирал, улиралдаа таарсан хоол ундтай. Улирал улирал­даа тохирсон тоглоом наадгайтай.

Урин дулаанд хурдан морины хүүхэд хөнгөн нимгэн хувцас л өмсөнө шүү дээ, мэдээж. Хавар намар, цагийнхаа хатуу зөөлөнд таарсан хүрэм, малгайтай. Хаврын цагт, тухайлбал “Дүнжингаравын хурд” ч юм уу уралдаан болуут түүнийг үзэхээр олон хүн хот, суурин газраас, “паартай” өрөөнөөсөө сугаран гарч давхиад ирцгээдэг. Хөдөөгийн эрүүл цэнгэг жавар салхи үзүүтээ жигтэйхэн даарч дагждаг.

Унаа тэрэгтэй бид ингэж байхад энэ хурдан морь унаж байгаа хүүхдүүд хөлдүүс болсоон гэж ирээд л “өрөвч сэтгэл” дэвсдэг. Энэ нь “сайн санааны төөрөгдөл”, эндүүрэл байдаг аа.

Морьтой хүн даардаггүй. Морьтой явж байгаад осгож үхсэн хүний тухай лав дуулаагүй.

Таван настайдаа морь унаж сурч, зургаатай хурдны морь анх унажээ, би. Дунд сургуульд орсон цагаасаа Октябрийн баяр хүртэл, өөрөөр хэлбэл айлууд өвөлжөөндөө буутал сургуульдаа мориор давхидаг сан, арван хэдэн км газраас. Ах эгчтэйгээ, дараа нь дүү нартайгаа. Өдөр хичээлээ тараад буцаад л гэрийн зүг “гэдэн годон”. Тувт уралдаастай.

Намрын жихүүн өглөө зэврүүн. Уяж хоносон морь биеэ хурааж бөмбөлзөөд эвгүй. Эхэндээ суран жолоо цулбуур гар хуруу хайраад амаргүй ч жаахан давхиад л төдхөнөө морины амьсгаанд халуу дүүгээд явчихна…

Одоо тэр, хурдан морины хүүхдүүдэд өмсүүлээд байгаа хуяг дуулга малгайг би нэг их таалдаггүй. Мориныхоо илчинд халууцаж дулаацсан хүүхдэд бараг дараа болохоор тээртэй харагддаг юм. Халууцсан хүүхэд малгайгаа дээш доош нь болгох гэж оролдоод нүдээ таглачихна. Мориноосоо унаж мэдэх ч аюултай.

“Хүүхдийн” нэр барьж амьдардаг олон байгууллагын, олон хүний нэр дуулддаг. Тэдний л өвөр, халаасыг зузаалах сайхан шалтаг болж дээ гэж бодогддог, нуулгүй үнэнийг хэлэхэд.

Наадмын морь будилжээ гэж байнга л яригддаг байв. Будилдаг л байсан юм чинь дээ. Харин одоо ямар ч будлиангүй сайхан уралдаад сурчихлаа, монголчууд минь. Морин уралдааныг сайхан ч зохион байгуулдаг боллоо, бахархмаар нь.

Морины хүүхэд эндлээ л гэнэ. Миний л мэдэхийн дээрээсээ зөвшөөрөлтэй, зохион байгуулалттай уралдаануудад хүүхэдгүй морь ирэхээ больсон л дог. Замыг нь үзэж хараад бэлдчихсэн, гарааны зурхайгаас бүх морь эгнэж байгаад зэрэг эргэж байгаа юм чинь хүүхэд унаж бэртэх ямар ч нөхцөлгүй болсон шиг ээ.

Мянгат малчин боллоо л гэнэ. Улсын аварга боллоо л гэнэ. Хөөрцөглөнө өө. Бас сум орон нутагтаа нэг их сайн хүн болж харагдах гэсэн улс байна. Нэр төр олж авах гэсэн  ганц нэг хүн байна. Тэд л ямар ч зөвшөөрөлгүй, зохион байгуулалтгүй, хулгайгаар шахуу, зам харгуй нь бүдэг, бартаа ихтэй газар хэдэн морь давхиулаад элдэв явдал гаргаад байгаам аа, үнэндээ. Буруутан нь сүүлдээ Уяачдын холбоо болж хувираад дуусдаг нь жаахан тийм л санагддаг. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр.

Манай говьд, ерөөсөө говьд юмгүй хөдөөд хятад “ява” гэж нэг “айхтар” унаа байна. Байсгээ л “яватай явж байгаад…” гэж дуулдах болсон. Хотод авто машины ослоос болж хэчнээн хүүхэд эндэж байнам. Монголд автын ослоос болж өдөрт нэг хүүхэд “бурхан болж” байгаа тухай мэдээлэл дуулдсан. Мөнөөх хүүхдийн нэр барьсан олон хүн, олон газар энэ талаар ер дуугарахгүй юм. Мэдэхгүй байна гэвэл худлаа л даа. Тэгсэн атлаа хүүхдийг хурдан морины уралдааны золиос болгож байна гэж мөн ч чанга хашгирах юм аа.

Адуу бол хэтийдсэн ухаантай амьтан. Олон хоног сойгдоод ирэхээрээ өөрийгөө унадаг хүүхэдтэй ижилсчихдэг. Хараад танина. Үнэрлээд мэднэ. Маажуулна, илж таалуулах гэнэ.

Гадны хүн, эсвэл том хүн барих гээд очиход цаашаа дөлөх хэрнээ унадаг хүүхдээ ногт бариад наанаас нь гүйхээр эргэж хараад зогсох жишээний. Дөхөөд очиход нь хүзүү сунган толгой хаялсан шиг, тэрүүхэндээ “эрхлэх” маягтай.

…Хүүхэд багачуудын гийнгоолох дуу

Хөндий талд яруу

Хурдан морины яралзан ирэх нь

Хүн бүхний бахдал…

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нэгэнтээ ийн бичсэн нь бий. Ерөөс морин уралдааны үр дүн нь хүүхэд, морь эсэн мэнд уралдах, наадамч олон сэтгэлийн их цэнгэл эдлэх хоёрт л буй.

Төгөлдөр их, энэ өв соёл олон зүйлээс цогцлон бүрэлддэг. Мордохоос эхлээд хүүхдүүдийн гийнгоолох, зээ татах, гарааны зурхай руу хөдлөх, уралдах, морь барих, дараа нь өнгөлж, айрагдсан морины цолыг дуудах, байлах гээд.

Хамгийн оргил хэсэг, өнгө нь, өрөм нь морины цол дуудах үе гэж би боддог. Наадамч олон цолоо дуудуулж байгаа ижилгүй хурдан тэр ажнай хүлгүүдийн хийц галбир, хавирганы матаас, хонго гуяны зураа, агаар хайчлах уран чих, дун бүрээ хамар, цавчилсан тунгалаг алаг нүд… тэргүүтнийг харж нүд хужирлан сэтгэлийн их цэнгэл эдлэх юутай бахтай.

Нэн харамсалтай нь наадмаар, бүсийн уралдааны үеэр ингэж цэнгэл эдлэх хувь үргэлж дутдаг. Цол дуудах нь уу гэсэн шиг хэлхгэр хэлхгэр дээлтэй эзэд нь мориныхоо өмнө гарч ирээд таглаад зогсчихыг нь яана. Морь цоллож байгаа, уяач цоллож байгаа алин болох нь бүү мэд. Уг нь морины цол дуудах л гэж байдгаас уяачийн цол дуудах гэж ярьдаггүй. Тийм юм байдаггүй.

Үүнд уяачийг буруутгах аргагүй. Хэдэн арван жил, хэдэн мянган өдөр хоног морь дагаж, морь хөтөлж, хөлсөлж, өөрөө морь “болох” шахсан хүн наадмаас түрүү авах, айраг амсах шиг их жаргал цэнгэл өөр хаана байхав. Нэгэн насных нь чинхүү хүсэл, мөрөөдөл биелж байхад…

Харин наадам зохион байгуулагчид, наадмын комисс гэж хаа газар нэг тийм элгийн хүмүүс байх. Морь мэдэхгүй, уяачаа танихгүй, хүний хувцас өмссөн аятай, өөртөө зохиогүй дээл, гуталтай, пээдгэр пээдгэр улс.

…Төрийнхөө наадмаар морь нь түрүүлж айрагдчихаад байхад уяач хүн хуучин дээлтэй, маажиг гуталтай явж байж болохгүй биз дээ. Олон түмэн наадамчдаа хүндлээд аятайхан хувцаслахыг бодно. Тэгэхэд Цэнгэлдэх рүү орох гэж бөөн юм болно. Цэрэг цагдаад чичлүүлнэ. Бороохойдуулна. Морьдоо хурдан гарга, бааж шээгээд… гэж наадмын комиссынхонд хөөгдөнө. Зовлон их ээ… гэж манай нэртэй хоёр манлай уяач ам нэгтэй гомдоллож байсан. Юу гэсэн үг вэ, энэ чинь.

Бодоход, улсын наадмаар гэхэд Цэнгэлдэхэд, түрүүлж айрагдсан морьдыг тусад нь зогсоогоод цоллосон шиг цоллож байхад эздийг нь тусгайлан дэвссэн олбог хивс ч юм уу, тусгайлан зассан суудалд суулгачихсан байвал мөн гоё харагдана даа.

Наадмын тайлбарлагч түрүүлсэн морины эзэн тэр сууж байна гэж түмэн олонд зарлан танилцуулаад л.

Манай сумын наадмаар л гэхэд морь нь айраг түрүү хүртсэн уяачид тусгайлан дэвссэн олбог хивсэн дээр хултай “хар нүдэн” айраг мэлтэлзүүлсэн шигээ л сууцгааж байдаг. Тэнд морийг нь цоллож л байдаг.

Харин ч наадамч олон аль алийг нь хайж, харж баясан цэнгэж сууцгаадаг. Монгол ахуй, монгол хэв маяг, монгол өв, монгол наадмын гайхамшигт мөн чанар нь энэ юм…

Хурдан морины цолонд дурайж байдаг даа.

..Хөвөн нимгэн тохомтой

Хөнгөн жаахан хүүхэдтэй… гээд.

Хүний эрхийн комиссынхон 14-өөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэсэн шийд гаргаад бүх аймаг, сум руу илгээсэн сурагтай. УИХ-аас нь батлаад гаргасан хуульд хурдан морийг долоогоос дээш насны хүүхдээр унуулна гээд заачихсан байдаг шиг санагдана. Хууль нь том юм уу, Хүний эрхийн комиссийн шийдвэр нь том юм уу. Эргэлзэх юм. Эрх зүйн чадамж гэсэн хэллэг хуульчдын дунд их тэнэж явдаг. Тэр эрх зүйн чадамж нь хаанаа явдаг юм бол доо, хөөрхий.

Мөн чанартаа бол долоон нас нь ч чухал биш, хүүхэд нь ч чухал биш, хурдан морины уралдаан нь ч чухал биш юм шигээ. Санаачилгаараа хуулийн төсөл өргөн баривал тэдэн төгрөг, хуульд оруулах нэмэлт өөрчлөлт өргөн баривал тэдэн төгрөг… Ээ, энэ бүтэхгүй байна, өөрчлөе, тэр ч болохгүй байна, тэгье… хэдэн төгрөг авах л гэсэн  “монголоо алдсан”, “монголоо байсан” хүмүүсийн явдал цаана нь яваад байгаа юм шиг.

Морьтон монголчууд гайхалтай торгон мэдрэмж, зөн билэгт ард түмэн.

Улирагч жил Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр шүү дээ. Хэдэн цөлх өвгөн хуучилж суухдаа Б.Бат-Эрдэнэ, Ц.Элбэгдорж хоёрын зургийг хараад хэлсэн байдаг. Аварга маань морио бариад газар сууж байх юм. Харин Элбэгээ хос морьтой давхиж явах юм. Хос морьтой хүн хол явна даа…гэж.

Ийм л зөнч, билэг дэмбэрэл боддог ард түмэн хурдан морь сайн унадаг хүүхдэдээ тариа хийгээд өсөлтийг нь зогсоох тухай бодож чадах уу, таминь. Морины хүүхдэд тариа хийж “өсөлтийг нь зогсоодог” тухай алдуул үг энгийн “нохойтол”-оос үүссэн юм.

Манай нэр зартай хэдэн уяачийн цугласан газар морины хүүхдийн тухай яриа амнаас ам дамжин цай шиг даргиж байхгүй юу. Тэгтэл хэн нь ч юм, нэг нь “Манай энэ хэн нас хорь гарчихлаа. Арван хэдтэй ид сайн унаж байх үед нь өсөлтийг нь зогсоодог тариа будаа байдаг бол хийчихдэг байж. Үүнд хүрч унах сайн хүүхэд олдохгүй хэцүү байна…” гэж туусан байдаг. “Урт хэл хүзүү орооно” гэгчийн үлгэрээр өнөө тоглоомын дэмий үг нь шоглоомын явдал болоод “газар авчихаа” юм биз дээ.

Хүчит тэжээл, допингийн тухай эртнээс л ярих болсон. Бүр Баянхонгорын нэг нөхрийн барин тавин ярьсныг дуулж явлаа.

Энэ хотын ойролцоох нэртэй уяачид мориндоо допинг хэрэглэдэг болсон гэнэ. Гарааны зурхай руу явж байх замд хүүхэд нь унаж яваа мориныхоо хүзүү рүү тариа хийдэг гэнэ. Хэсэг яваад нөгөө мориных нь хөл хөнгөрөөд эргээд тэр эрчээрээ түрүүлээд ирдэг юм байна.

Маргааш нь нөгөө допинг тариулсан морь ямар байдаг юм байна гээд үзэхээр очлоо. Хөөрхий дөрвөн хөл дээрээ тогтож чадахгүй хамраараа газар хатгачихсан чүү чамай зогсч байна лээ… гэж “наасан” байдаг.

Цагаан өвсний морь давхих аргагүй болсон тухай хөдөөний уяачид ярьж байна. Хурдан байтугай морь мэдэхгүй суурин газрын нэг нөхөр ийн мэдэмхийрэхийг сонсох яасан хэцүү байсан гээ. Хүний болоод агаар сансрын олон хүчин зүйлсээс улбаалан байгаль цаг уур өөрчлөгдөж байнам. Монгол хөрс шороон дээр ургаж цэцэглэдэг олон олон төрлийн ургамал ногоо сэм сэмхэн үгүй болж байнам.

Дамбадаржаагийн Онон манлай хэлж байна лээ. Тэр Төв аймгийн Сэргэлэн сумын, тодотгох юм бол Богдхан уулын өвөр бэлийн хүн.

Улирагч зууны далаад оны сүүлч, наяад оны эхээр адуунд ид хорхойссон залуу хархүү адууны бэлчээрээс холддоггүй явж. Гэрийн буйран чинээн газарт гуч гаруй төрлийн ургамал ургаж байгааг, түүний хэдийг нь адуу идэж байгааг, ямар үед идэж байгааг ажиглаж суудаг байж. Одоо тэр газраа очоод ажихад ердөө арав гаруйхан төрөл нь л байна гэнэ.

Тод манлайн адуу өдгөө Дорнод аймгийн нутагт байдаг санж. Харин тэнд гэрийн буйран чинээн газарт хорин тав, зургаан төрлийн ургамал ургадгийг манлай ажигласан байна.

Ийм ялгаа зааг бий болоод байгааг ясны малч хүн л олж харж, голтой дуугарна буй за.

Үржил шимт ургамал цөөрөөд байдаг. Үржил шимт ургамал цөөрөхийн хэрээр адуу мал тарга хүч авч, тамирч тэнхээ суух нь үгүй болоод байдаг. Яанам бэ. Бэлчээрт байгаа ургамлаас авч чадахгүй байгаа зүйлийг нь нөхөхийн тулд малд ямар ч хор хөнөөлгүй нэмэлт тэжээл, шимт ургамлыг орлуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс өөр яалтай.

Ялгаагүй энэ цаг дор хүн ч гэсэн үй түмэн төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг зооглож л байгаа билээ…

Уяачид морьдоо тэжээх өвс ногоог монголоосоо, монголчуудаасаа л худалдан авч байна. Энэ хөрөнгө оруулалт мөн үү. Мориныхоо хүүхдийн ар гэр, адуу малаа малладаг олон олон айлын амжиргааг боломжийн залгуулж байна. Энэ хөрөнгө оруулалт мөн үү. Өвөг дээдсийнхээ бүтээж бий болгосон адууны их өв соёлыг нэгэн үед нуруундаа үүрч, хойч үедээ өвлүүлэхээр чармайж явна. Энэ Монголдоо хийж буй хөрөнгө оруулалт мөн үү.

Мөнгөтэй болгон л хурдан морь уяж, тэдний морь дандаа түрүүлж байна гэж ярих. Яагаад жаахан хөрөнгө мөнгөтэй болсон хүн адуу руу зүтгэж, хурдан морь сонирхоод байна. Тэр хэрээр ажил үйл, ахуй амьдрал нь бүтэмжтэй, дэлгэр дүүрэн,  сайхан яваад байна.

Угтаа адууны тэнгэр харж, адууны тэнгэр ивээж, адууны хийморь, хишиг буяныг өөртөө шингээж чадаад байгаа хэрэг шүү дээ.

Монгол нутгийг хүн эхэлж үүссэн газар гэдэг. Монгол нутгийг амьд амьтан, адуу эхэлж үүссэн газар гэдэг. Гадна дотнын эрдэмт мэргэд, аянчин жуулчид энэ тухай түмэнтээ бичиж, мянгантаа ярьсан нь бий.

“Уяхан замбативийн наран” дор адуу хүн хоёр нэг дор, нэг нутагт үүсч. Алсдаа хүн нь адуугаа гэрийн тэжээмэл амьтан болгон гаршуулж. Энэ бол өвөг монголчуудын хүн төрөлтний өмнө хийсэн үлэмжийн том гавьяа. Адууг гаршуулаад зогсохгүй адуу эдлэх төгөлдөр өв соёлыг буй болгожээ. Адуу эдлэх өв соёлын оргил нь хурдан морины уралдаан болой. Хурдан морины уралдааны гол чиг зүгч нь эрдэмт уяач болой.

Мянган малтай хүн

Хонхортоо нэртэй

Ганц хурдтай хүн

Хошуундаа нэртэй

Ийм нэгэн ялгуун хэлц буй.

…Монгол хүн орос хүнээс юугаараа өөр юм. Монгол хүн хятад хүнээс юугаараа өөр юм. Морьтойгоороо л өөр.

Зууны мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих