Хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэв үү?

Сонгуулийн хууль дуншсаар. Энэ парламент байгуулагдсан цагаасаа хойш УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэсээр гурван жилийг ардаа үдлээ. УИХ-ын сонгууль хэрхэн явагдах, ард түмний дуу хоолойг сонсдог, шударга болж чадах эсэх нь одоогийн хууль тогтоогчидтой
шууд холбоотой болж байгаа юм. Гэсэн хэдий ч уг хууль батлагдах эсэх, ялангуяа олон түмний эрх ашигт нийцсэн хэлбэрээр шинээр төрөх нь эргэлзээтэй байна. Арга ч үгүй биз. Учир нь УИХ-ын гишүүд өөрөө өөрсдийхөө тухай тэр тусмаа зөөлөн сандалдаа яавал үлдэх тухайгаа хуульчлах гэж байгаа юм.
Юутай ч хоёр нам олон жил өөр хоорондоо, өвөр түрийндээ орж маргаж буй дүр эсгэсний эцэст сонгуулийн холимог тогтолцоон дээр тогтож байгаагаар харагдах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Үүнийхээ дагуу пропорциональ хэлбэрээр өргөн барьсан хоёр ч хуулийн төслийг холимог болгохоор зарчмын зөрүүтэй саналыг Төрийн байгуулалтын байнгын хороон хуралдаанаар хурааж байгаа.
Шууд л саналыг хэрхэн тоолох, телевизийн сурталчилгааг нэг цагаас хэтрүүлэхгүй байх, төрийн албан хаагчийг сурталчилгаанд оруулна, оруулахгүй гээд л “но”-той ноцтойгоосоо эхлээд санал хураалтаа үргэлжлүүлсээр.
Үнэндээ бол Сонгуулийн тухай хууль батлагдахгүй байх магадлал өндөр байгаа юм. Учир нь энэ мэт жижиг сажиг зүйлтэйгээ худлаа үнэн зууралдсаар байгаад чуулганы завсарлагатай золгохыг хэн байг гэхэв. Тухайлбал, санал тоолох явц бол сонгууль будлиантуулдаг гол хүчин зүйл.
Тиймээс санал тоолох автомат машин л хэрэгтэй. Ийм машинтай болчихвол сонгууль сайхан болно гэж ярьсаар байгаад 30 тэрбум төгрөг улсын төсвөөс гаргаж санал тоолох автомат машин авахаар болсон. Тэгсэн одоо автомат машинаар санал хураасан ч дахин гар аргаар тоолно.
Машин эвдэрчихвэл яах юм гэсэн “хүүхдийн тоглоом” шиг зүйл яриад сууж байх нь тэр. Тэгээд л тоолно, тоолохгүй гээд маргана. Байнгын хорооны хурал дуусна. Нэг ёсондоо Сонгуулийн хууль хэмээх жүжгийг нэг үзэгдэл амжилттай өндөрлөж байгаа хэлбэр.
Үүнээс гадна эрх барьж байгаа хоёр нам энэ хэвээр 2016 онтой золгохоор гэрээ хийсэн гэсэн “бор шувуу” нисч явна. Энэ бор шувууны “жиргээг” үнэмшилтэй болгохын тулд бүр 60:40 гэсэн хувь тогтоож, парламент нь байгуулагдаагүй байхад Засгийн газрын тэргүүнээ тодруулчихаад албан тушаалаа хуваарилж байгаа гэх.
Дараагийн Ерөнхий сайд АН-аас ч гарч магадгүй бололтой. Хоёр, хоёр жилээр ээлжлэн засаг барих талаар тохирсон гэж байна. Жинхэнэ ханцуй доторх улс төрийн “хөгжил”-ийн гаарал. Сөрөг хүчингүй тохиролцооны улс төрийн завхрал. Энэ “жиргэлт” үнэн байж мэдэх юм шүү.
Учир нь хоёр намынхан хаа сайгүй очиж, бид нэг Засгийн газартай хэрүүл уруулгүй, сайхан ажиллаж байна, их зүйл ч бүтээлээ хэмээн сурталдаж байгаа нь нэгийг хэлээд байгаа бус уу. Ард түмэн ч үүнд тун их итгэж, нээрээ ч хоёр нам хамтраад ажиллавал зүгээр ч юм уу хэмээн уулга алдах нь халаг байгаа. Оюутолгой, Тавантолгой, за тэгээд бүтээн байгуулалтуудыг хоёр нам хамтарсны хүчинд л хийж байна гэх суртал ихсэх вий.
Энэ мэт “бор шувуу” нисч явахад Сонгуулийн тухай хууль гэж ямар балай зүйл ярьж ард түмнээ хуурч сууна вэ гэмээр. Үнэндээ холимог ч биш пропорциональ ч биш бүр мажоритор тогтолцоон дээр сэмхэн тохирч сонгуулийн шоу эхэлчихсэн нь нууц биш.
Зам барих ажилд гишүүд анхаарал хандуулах нь элбэгшиж. Хонь ямаанд олгох мөнгөн дүн нь ихэсч, сургуулийн засвар, тэр бүү хэл бэлэн мөнгөний амлалтаа цэвэрхэн шиг амлаж, бүх зүйл сонгуулийн үеийн сайхан амлалтаар үргэлжилж байна.
Тэтгэвэрт суугаа эрэгтэй 60, эмэгтэй 55 насныханд өмнөх амлалтынхаа сая төгрөгийг бэлэн мөнгөөр олгоно хэмээн УИХ дахь МАН-ьш бүлгийнхэн ярьжээ. Инээдтэй юм. Одоо бүр тэтгэврийн насаар нь хүнийг ялгаварладаг болох нь. Хоёр сонгууль дамнасан мөнгөний амлалт. Уг нь улс төрийн намууд ирэх сонгуульд мөнгө амлахгүй гэсэн ч иймэрхүү янзаар бантан чанаж сууна.
Нэг хэсэг нь ийнхүү бантагнаж суух зуур нөгөө хэсэг нь төрсөн нутаг төрөл садан, дэмжигч сонгогчдоо эргэж сонгуулийн сурталчилгаагаа улаан цайм хийж яваа сурагтай. Нэр дэвших тойрог нь өөрчлөгдөж зарим гишүүд сандарч суугаа нь тодорхой байна.
Тухайлбал, Хэнтий аймагт МАН-ын генсек У.Хүрэлсүх өрсөлдөх болохоор Д.Арвин Чингэлтэй рүү шилжиж байгаа гэх. Хан хэнтийн “эрх хатагтай” хэмээн нутагтаа алдаршсан энэ эрхэм Чингэлтэй дүүргээс гарахад амаргүй л байж таарна.
Энэ мэтчилэн 2012 оны ээлжит сонгуулийн ажил эхэлсэн байхад Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө, хэлэлцэж байгаа гэж хэнийг хуураад байна аа. Тэгээд бас хоёр нам 2016 он хүртэл хэн нь сайдаар ажиллахаа бараг тохирчихоод юунд жүжиг тавиад байнаа гэмээр харагдаж байна шүү.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих