ТЕНДЕР НЭРЭЭР ТӨСВИЙН МӨНГӨ ЗАВШИГЧДАД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА БАЙНА УУ?
Сүүлийн үед мөнгө нэмж хийхээр улам л сорж, алга болгодог барилгууд олон болжээ. Үүнийг авлигажсан тендер гэж нэрлэж байгаа ч ард нь дандаа л албан тушаалтнуудтай холбоотой ноцтой хэрэг нуугдаж байгаа учраас илэрч гарч ирэхгүй байгаа гэнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4-т заасан “Тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо тухайн бараа ажил үйлчилгээний нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно” гэснийг зөрчиж, иж бүрнээр нь бус хэсэгчилсэн байдлаар тендер зарлах, төсвийн тухай хуульд ажил эхлүүлэх байдлаар тусгуулсан бага өртөг, тухайн жилийн төсвийн хуульд батлагдсан санхүүжилтийн дүнгээр гэрээ байгуулсан тохиолдол 67 объектод гарсан гэдгийг аудитын дүгнэлт батлаж байна.
Тухайлбал, ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт батлагдсан дүнтэй уялдуулан таван удаа зарлажээ. Анх батлагдсан төсөвт өртөг нь энэ хугацаанд 5,2 дахин өсөж,
12,892,0 сая төгрөг болж хувирчээ. Үүнээс гадна геронотологийн эмнэлгийн барилга гэдэг асар их мөнгө уудаг газар шинээр бий болов. Үндсэн барилгын зарим хэсгийг үлдээж төндер зарласан бөгөөд 3-4 жил үргэлжилсэн ба уг барилга нь 4 блоктой, анхны төсөвт өртөг нь 4.724.6 сая төгрөгөөр экспертизээр баталгаажсан хэдий ч энэ тоо бас л хоёр дахин өсчээ. Мөн Алтай чуулгын барилгыг зураг төсөвгүйгээр 2007 оны төсвийн тухай хуульд 1.000.0 сая төгрөгөөр баталсан бөгөөд хэсэгчилсэн газрын зураг, төсвийг 3 удаа баталгаажуулан тухай бүрд нь төндер зарлан төсөвт өртөг 6.295.9 сая төгрөг болсон ч барилгын ажил бахь байдгаараа балгас болон хэдэн жилийн нүүр үзэж байна. Дархан-Уул аймгийн Дархан суманд 2200 хүнии суудалтай спорт цогцолбор барихаар 2011 онд шийдвэр нь гарчээ. Анх 2011 онд 11.052.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдаж байсан бол 2013 онд 21.495.9 сая төгрөг болж хоёр дахин үнэ нь өссөн байх юм. Завхан аймгийн Улиастай сумын Хөгжимт жүжгийн театрын барилгын инженер геологийн дүгнэлтийг “Гурван тэс” компани гаргахдаа 3.5 метрийн гүнд хөрсний ус илэрсэн гэж анх тусгажээ. Гэтэл барилгын суурийн ажил эхлэх үед 1.5 метрийн гүнээс хөрсний ус гарч барилгын ажлыг зогссон байх юм.
Үүнээс гадна Ховд аймгийн төвийн цэвэр усны шугам, өргөтгөлин станцын шинэчлэлийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгч “Хүчит чулуу” ХХК нь гэрээний хугацаанд ажлаа дуусгаагүй, гэрээний хугацааг 3 удаа сунгасан, цутгасан усан сангийн хананд цууралт үүссэн гэх зэргээр барилгын ажлын чанар муу байсан учраас үргэлжүүлэх боломжгүй болжээ. Хэнтий аймгийн Биндэр сумын 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын сууринд ан цав гарсан учраас шинэ барилгад нэмэлт ажил хийх болж, бас л ажил нь зогсжээ. Сүхбаатар аймгийн 700 суудалтай спорт цогцолборын барилгыг барих явцад технологийн горим зөрчиж, хучилтыг хөлдөөснөөс барилгын ажлыг нам зогсож, төсвийн баахан мөнгө үр дүнгүй үрэгдээд л дуусчээ. Хэнтийн аймгийн Хан Хэнтий чуулгын барилгыг зургийн дагуу хийгээгүйгээс чанарын шаардлага хангаагүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын үйлчилгээний төвийн барилгын суурийн цутгалтын чанар хангалтгүй учраас цаашид ажил явуулах боломжгүй болоод байна.
Иймэрхүү байдлаа нэг нь тендер зарласан болж, нөгөөдөх нь тендер авсан болж, төрөөс их хэмжээний мөнгө авчихаад жаахан газар ухаж, шавар овоолоод хаячихсан хүмүүс цөөнгүй байна. Харамсалтай нь тендер нэрээр төсвийн хөрөнгөөр тоглож байгаа энэ хүмүүст хүлээлгэх хариуцлага гэж алга байна.
URL: