Хар тамхи, мөрийтэй тоглоомын гэмт хэрэгт ерөнхийдөө томчууд, болоод томчуудын хүүхдүүд нэр холбогддог. Мөн урлаг соёлын одууд л энэ хэрэгт холбогддог гэх ерөнхий ойлголт бий. Энд томчууд гээд онцлоод байгаа нь мэдээж мөнгөтэй холбоотой. Мөнгө төгрөг асуудал биш болсон залуус хар тамхийг сонирхож хэрэглэдэг. Яагаад гэвэл хар тамхи нь тийм ч бага хэмжээний мөнгөөр олдоод байдаггүй эд. Тэгэхээр төрийн өндөр албан тушаал хашдаг, бизнесмен хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгт холбогдох нь ойлгомжтой.
Саяхны жишээ гэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж, ирэх сарын 1-нийг хүртэл хойшилсон. Уг нь шүүх хурал өнгөрсөн баасан гарагг товлосон цагтаа эхэлсэн ч сэжигтнүүдийн нэгийнх нь өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар тодорхой хугацаагаар хойшилсон юм. С.Цог нь бусдын хамт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-ны баасан гарагт УЕПГ-т хянаж буй зарим хэргийн талаар мэдээлэхдээ энэ талаар хэвлэлийнхэнд анх дуулгасан.
Тодруулбал, С.Цог нарын 12 иргэнд холбогдох хар тамхины хэргийг Эрүүгийн хуулийн 192.2 буюу хар тамхи хууль бусаар авч хадгалсан, хэрэглэсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн. Үүний дараахан иргэн С.Цог нь Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын төрсөн хүү болох нь ил болсноор энэ хэргийг илүү олон нийт анхааралдаа авсан. Тиймээс өнөөдөр энэхүү хэргийг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт олны дунд байна. Учир нь төрийн өндөр албан тушаал хашдаг эрхмүүд өөрсдөө төдийгүй гэр бүлийнх нь хүмүүс аливаа хэрэгт холбогдвол асуудлыг хялбархан шийдчихдэг. Үүнтэй адил Д.Сугарын хүүгийн хэрэг энэ мэтээр шийдэгдэх вий гэсэн хардлага ч нийгэмд байна. Д.Сугар зарим нэг алдартай хэргээс мултарч чадсан сүүхээтэй эр.
Алдарт МИАТ-ын хэрэгт холбогдсон ч түүнийг цагдаагийнхан шалгаж чадаагүй. Учир нь тэрбээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн учраас халдашгүй дархан эрхтэй. Угаас Д.Сугарыг МИАТ-ын хэрэг хэзээ нэгэн цагт ил болно гэдгийг мэдэж зориуд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд очсон хэмээн ярьдаг юм билээ. Тэгэхээр энэ удаа Д.Сугар ямар тактикаар хүүгээ хэргээс мултлах бол. Ямартай ч энэ удаа хүүгээ ялаас мултлах төлөвлөгөөг боловсруулсан л байж таараа. Шүүх хурлын шийдвэр Д.Сугарын хүү С.Цог энэ хэрэгт хамаагүй гэж гарч магадгүй л байх шүү.
Д.Анар