Ч.Энхээ: Э.Бат-Үүл бол Монголын шинэ коммунист намын л дарга шүү дээ

Энэ удаагийн “Иргэний индэр” буландаа Ч.Энхээг урьж ярилцлаа.
-Нийгэм нэлээд бухимдалтай байгааг хаа сайгүй л хүлээн зөвшөөрч байна. Ингэхэд энэ их бухимдлын цөм нь юунд байна вэ. Бид хаана алдаад байна вэ?
-Өнөөдөр ардчилсан төрийн утга алдагдчихсан учраас хүмүүс бухимдаад байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан ард түмэн төлөөллөөрөө дамжуулан төрийн эрхийг барина, төлөөлөгч нь 76 гишүүн байна гэсэн заалт утгаа алдсан. Нэг үгээр бол УИХ-ын 76 гишүүн ард түмний төлөөлөл болж чадахаа больсон.
Ямар нэг асуудлаар маргаан гарахад аль кнопыг дарахыг намын дарга нь зааж өгдөг. Дарахгүй эсэргүүцэх юм бол дараагийн сонгуульд чи гарахгүй шүү гэж айлгадаг болсон. Өөрөөр хэлбэл ард түмнийг төлөөлөх ёстой 76 гишүүн нь нэр дэвшихгүй байх гэж айснаасаа болоод ард түмний бус намынхаа хүсэл зоригийг илэрхийлж кноп дардаг. Гэхдээ намын дарга нар тийм ч их эрх мэдэлтэй улсууд бас биш. Намын даргын цаана тухайн намдаа маш их нөлөөтэй, эдийн засгийн хувьд боомилж чадах бүлэг хүмүүс байгаа.
Тэр нь намд олон жил ажилласан, намын даргыг өөрчлөх хор найруулж чадахуйц нэр хүндтэй улс төрчид. Түүнээс гадна намыг санхүүжүүлдэг хэдэн том компанийн эзэд бий. Үндсэндээ Монголын төр засгийн эрх энэ хүмүүсийн гарт орсон гэж ойлгож болно. Тэр хүмүүс л ямар хууль гаргах, шинэ намыг бүртгэх эсэхийг шийдэж байна. Энийг л бид олигархи гэж нэрлээд байгаа юм.
-Олигархи гээд 15 хүнийг тодруулсан. Үнэхээр толгой 15 олигархи байж чадах уу?
-Хүмүүс олигархи гэхээр зөвхөн эдийн засгийн ойлголт гэж ярьдаг. Хөрөнгө хураах гэдэг талаараа зөв ч, хөрөнгийг хоёр аргаар хураадаг юм. Тодруулбал, нэгд материаллаг баялгийг хураадаг бол хоёрт, улс төрийн капитал хурааж бас болдог. Улстөрийн нэр хүндийг капитал болгож хураадаг гэсэн үг л дээ. Манай улсад улстөрийн нэр хүнд нь өөрөө эдийн засгийн хөрөнгө болж хувирахдаа амархан байдаг.
Улстөрийн тавцан дээр нэр нөлөөтэй болсноор төрийн өндөр албан тушаалд очиж, баяжиж хөлжих зам нь амархан нээгддэг учраас сүүлийн үед улстөрийн капитал хураах явдал элбэгшсэн. Энэ бол олигархийн шинж. Үүнийг өөрөөр тайлбарлах боломжгүй. Монголын төр олигархжсан гэж яригдах болсон шалтгаан нь энэ. Хамаг бухимдал эндээс л үүдэлтэй. Үүнийг засах тухай асуудал маш тодорхойгүй.
Сонгуулийн тогтолцоог өөрчилснөөр өөрчлөж болох юм гэх санаа явж буй ч гарц биш. Ерөнхийдөө манай Монгол Улс эзэнгүй айл шиг болсон. Дурын гадаадын хүн орж ирээд Монголын авдар савыг уудлаад дуртай юмаа аваад гардаг. Тэрийг харж хандаж байгаа хүн ч гэж алга.
Оюутолгой, Тавантолгой гэж ярихаасаа өмнө Монголын өөр бусад баялгууд болох хар өвс, үлэг гүрвэлийн өндөг, чулуужсан мод гэхчлэн олигархиудаас болоод Монгол хүн Монгол нутагтаа эзэн байж чадахаа больсон нь өнөөгийн нийгмийн бүх бухимдлын эх үүсвэр тавигдаж байгаа гэж би ойлгож байгаа. Тийм ч учраас би удаан хугацаанд улстөрийг хаяад зургаа зурж, өмгөөллөө хийж явлаа. Гэвч өөрийн эрхгүй улс төрд орж ирэхээс өөр аргагүй болж байна даа.
-Таныг ийм гоё зурдаг гэж мэдээгүй байсан юм байна. Уран бүтээлчийн хувьд улстөрд ороход жаахан харам юм биш үү?
-Хэцүү нь бол хэцүү. Гэлээ гээд яахав дээ. Би ардчилсан хувьсгалын эх үүсвэр дээр зогсож байсан хүн. Ардчилсан төр миний оролцож, төрүүлсэн төр. Энэ төрийг ардчилалд ямар хамаагүй, ардчилал гэж чухам юу байдгийг сайн ойлгоогүй хүмүүс булааж авчихаад улсууд булааж авчихаад олигархижуулаад байхаар надад аль аль талдаа төвөгтэй байна. Нэг бодлын зургаа зурж үзэсгэлэнгээ гаргаад явахад болмоорч юм шиг.
Нөгөөтэйгүүр бусад жирийн хүмүүс миний хэмжээний орлоготой болоосой гэж би хүсч байна. Тэр хүмүүсийн дунд миний ах дүү хамаатан садан, найз нөхөд байгаа шүү дээ. Би ганцаараа хөрөнгө мөнгө хураагаад нэр хүнд олоод яавал гэж дээ.
-Таныг ардчилсан хувьсгалыг санаачлагчдын нэг гэдгийг мэдэх хүн олон нэг. Гэтэл саяхан Монгол Улсын баатар Э.Бат-Үүл та нарыг хуучнаа санагалзсан большевикууд гэж хэлсэн байсан. Та тэр үгийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Э.Бат-Үүл өөрөө Монголын шинэ коммунист намын л дарга шүү дээ. Бид анх ардчилсан хувьсгалыг бий болгохдоо коммунист тогтолцооны эсрэг тэмцэж гарч ирсэн. Гэтэл дараа нь Э.Бат-Үүл Монголын ардчилсан намыг байгуулахдаа шинэ коммунист нам байгуулсан.
Марксист, ленинист арга зүйг бид бүтээлчээр хэрэгжүүлнэ, социализм, коммунизмыг өндөр хөгжилтэй капитализмаас дээгүүр нийгмийн шат гэж ойлгож байна. Тэрний төлөө тэмцэнэ гэж тэр өөрөө л анх ярьсан. Тухайн үед нь би эсэргүүцэж байгаад л Ардчилсан намаас хөөгдсөн. Би коммунистуудтай санаа нийлээгүй учраас хөөгдсөн хүн. Шуудхан хэлчихэд коммунист дэглэмийг хамгийн их санагалзах хүн бол Бат-Үүл. Яагаад гэвэл Бат-Үүлийн яс маханд шингэсэн үзэл бодол нь коммунист үзэл бодол.
Үүнийг нуух аргагүй. Анхны Ардчилсан намын бүх баримт бичиг, түүний тухайн үед өгч байсан ярилцлагуудаас харахад час улаан биш ч жаахан цайвардуу коммунист байсан нь анзаарагдана. С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гурав Хятад маягийн коммунист нийгмийг Монголд байгуулахыг зорьж явсан хүн.
-Та МАХН-ын удирдах зөвлөлд ажиллаж байгаа. Нэгэн үе Н.Энхбаяр та хоёр тэс өөр үзэл бодолтой явсан. Нөгөөтэйгүүр Н.Энхбаярыг авилгын загалмайлсан эцэг гэдэг. Монголын төрийн гурван өндөрлөгт сууж явсан энэ хүн хүсвэл их зүйл хийх боломж байсан. Гэсэн ч хийгээгүй. Тэгсэн атлаа өнөөдөр хийх юм их байна. Бид буруу зүйл хийгээд байна гэх нь жаахан хачин санагдаад байгаа. Энэ хүнтэй хамтарч ажиллахад ямархан сэтгэгдэл төрж байна даа?
-Н.Энхбаярыг юм хийгээгүй гэж хэлж буй хүмүүсээс би, та нар яг юу хийсэн юм бэ гэж асуумаар санагдаад байдаг юм. Би өмгөөллийн ажлаар хөдөө гадаа их явдаг. Хотоос гараад Өвөрхангай ороход 5-6 цаг, Чойр ороход хоёр цаг гаруй давхиад л орчихож байна. Энийг хэн хийсэн юм бэ.
Анх мянганы зам асуудлыг хэн дэвшүүлж, хөрөнгө хүч татсан юм бэ. Монголын нийгэмд бодитой юм хийсэн гурван хүн байна гэж би хардаг. Тухайлбал, МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очирбат. П.Очирбат Ерөнхийлөгч байхдаа алт, газрын тос гэж хоёр хөтөлбөр эхлүүлсэн. Газрын тос хөтөлбөр яваагүй ч алт хөтөлбер сайн явсан. Бид дээр үед дөрөвхөн тонн алтаа Лондонгийн банкинд алдчихаад алт диллерийн-хэрэг гээд уйлах инээх дээрээ тулж байсан үеэ бодвол жилдээ 40-50 тонныг олборлодог үеийг үзлээ.
Байгаль орчин сүйдэж байгаа нь өөр асуудал. Хоёр дахь хүн Н.Энхбаяр. Түүний үед мянганы зам мянгуужингийн үлгэр гээд л шоолж байсан. Миний санаж буйгаар Хэнтий ороход 15-16 цаг болдог байсан бол өдгөө 4-5 цаг болдог болж. Энэнээс илүү үр дүнтэй ажил гэж хаана байна. Гурав дахь хүн нь Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан.
Уйлж орилж өчнөөн юм болсон ч өнөөдөр ахмадуудад орон сууц олгож буй ажил Г.Баасангийн тэмцлээс эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Батлан хамгаалахын сайд Л.Болд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нар бид өгч байгаа юм гэж мянга яриад нэмэргүй.
Өөр барьцтай юм хийсэн хүн алга. С.Баяр “Атрын III” аяныг эхлүүлсэн ч атраа хагалах хураах асуудлынхаа хүрээнд анхаарсан учраас хураасан үр тариагаа хаана хадгалах, яах вэ гэдэг тал дээр анхаараагүйгээс үнэ ханш дээр нь онц өөрчлөлт гараагүй. Өөрөөр хэлбэл ард түмэнд ашигтай байдлаар эцэслэн шийдвэрлэгдэж чадаагүй. Бусад хүмүүс…
Н.Багабанди гэхэд л айл бүр морин хуур, Монголын нууц товчоог зал гэсэн зарлиг гаргаснаас өөр юм хийгээгүй. Ц.Элбэгдорж ч гэсэн мод тарь, цагаан сараар сүү уу гэж телевизээр харагдсанаас өөр яг юу хийсэн юм бэ. Тэгэхээр өнөөдөр Н.Энхбаярыгөөрөө юу ч хийж чадаагүй хэмээж буй хүмүүс ядаж энэ дайны юм хийчихсэн гэж хэлвэл тохиромжтой байна л даа. Энэ бол миний хувийн л бодол.
-Монголд хууль жинхэнэ утгаараа үйлдвэрлэгддэг. Гэвч хуулийн цоорхой их. Ямартаа л иргэд гишүүдийг хуулийг өөрсдийн эрх ашигтаа нийцүүлэн батлаад байгаа юм биш үү гэж хардаж суухав. Энэ талаар таны бодол?
-Манай хуулиуд нэг их муу биш ээ, гайгүй шүү. Мушгин гуйвуулах боломжийг нь тавиад өгчихсөн энэ тэр гэвэл би өөр талаас нь хэлнэ. Гагцхүү шүүх, хуулийн байгууллага улс төржиж, улстөрийн нөлөөнд автаад байгаа учраас л тийм байдал үүсээд байгаа юм. Яг хуулиа ягштал бариад явах юм бол боломжийн хуулиудтай.
Жишээ нь би Хэнтий аймагт нэг хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Нэг хүний амь хохирсон. Хэн хохироосон яасан ийсэн тодорхойгүй. Маргааш нь нэг нинжа хийдэг хүн, тогтоол усанд хувцсаа угаасан. Гэтэл тэр хүнийг энэ хүн алчихаад цусаа угаасан байж магадгүй гэсэн таамаглалын үндсэн дээр 10 хэдэн жилийн ялтай шүүхэд шилжүүлчихээд байж байна.
Тэр хүн үнэхээр цус болсон хувцсаа угаасан гэх ямар ч нотолгоо, баримт байхгүй. Хүн ямар ч тохиолдолд хувцсаа угааж болно шүү дээ. Гэтэл хувцсаа угаасан гэх тэр үйлдэл нь цагдаагийнханд хүн алсан байх хамгийн гол нотлох баримт гэж үзэгдээд ирэхээр үнэхээр хэлэх үг олдохгүй байна.  Манай  хуулинд “… шүүх хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ёстой” гэж чухал заалт байдаг юм.
Өөрөөр хэлбэл аль ч газар байгаа хэргүүд шийтгэгдсэн шийтгэгдээгүй байдал нь адил байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ бол шүүгчдийн дурын хэрэг болчихсон. Яг ижил хэргийг тэнд хэрэгсэхгүй болгож байхад энд 10 жилийн ял өгч байх жишээтэй. Шүүгч хуулийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож хэрэглэж байна уу, үгүй юу гэдэгт хяналт тавих газар байхгүй гэхчлэн олон асуудал бий.
-Шүүх хараат бус байх ёстой. Ингэхэд хэн шүүх хуулийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож хэрэглэж буй эсэхэд хяналт тавих юм бэ?
-Нэгд, шүүхийг шүүх хянах ёстой. Хоёрт, ард түмний хяналтан доор бүх үйл ажиллагаа явагдах ёстой. Харамсалтай нь өнөөдөр ард түмэн хянах эрхээ алдчихсан. Өнөө хэдэн олигархиудын хяналтан дор орчихсон учраас олигархиуд дуртай шийдвэрээ гаргуулж чаддаг болчихсон байна.
Өнөөдөр жишээ нь улсын болон хувийн томоохон компаниудын хоорондын маргаанд хувийн компанийн талд нааштайгаар асуудал шийдэгдэх магадлал илүү өндөр. Баян, ядуу хүний хоорондын маргаанд баян нь жийп, эксель хоёр мөргөлдөхөд жийп машины жолоочиин талд шийдэгдэх боломж өндөр болж. Хэлсэн үг болгоны дараа жишээ хэлж чадахаар байгаа учраас би үүнийг хэлж байгаа юм шүү.
Яг ингэж шийдэгддэг, ийм тогтолцоо манайд бий.
-Сүүлийн үед МАХН-ын нэрийг бүртгэх асуудал гацаанд орчихлоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Өгөх дургүйдээ л гол нь байна. Дээд шүүхэд ажиладаг миний танилууд ч “танай нам энэ нэрийг авч болохгүй байсан бол гурав хоногийн дараа л хариуг нь өгчих байсан” гэж хэлсэн. Өнөөдөр нэг л хэцүү юм байна. Намуудын тухай нэг л хуулинд хоёр эсрэг заалт орчихсон. Нэг нь 6.3 буюу татан буугдсан намын нэрийгхэрэглэж болно гэсэн заалт.
Цаана нь намын нэрийг хэрэглэж болохгүй гэх заалт. Уг нь бол Үндсэн хуульд намын нэрийг хэрэглэж болно гэдэг нь нийцээд нөгөөх нь зөрчилдөөд байгаа нь хэнд ч ойлгомжтой асуудал. Шийдэж чадахгүй учраас бие бие рүүгээ түлхээд,… айгаад байхгүй юу эд нар чинь. Өнөө олигархиудын зуултанд орчих вий гэж айгаад тал тал руу хөөгөөд байгаа юм.
-Сүүлийн үед Үндсэн хуулинд гар хүрэх нь зөв буруу гэх маргаан нэлээд гарах болсон. Та хуулийн хүн учраас асууж байна л даа. Үндсэн хуулинд гар хүрэх нь буруу зүйл үү?
-Хуулинд гар хүрэх тухай асуудлыг ярихаасаа өмнө Үндсэн хууль болон бусад хуулиа хэрэгжүүлээд сурчих л хэрэгтэй байгаа юм. Дараа ньэнэ тухай ярь. Өнөөдөр одоо байгаа Монголын байгалийн баялаг ард түмний өмч, засгийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг нь хэрэгжүүлж чадахгүй байж Үндсэн хуулиа өөрчлөөд яах юм бэ.
Би нэг зүйлийг баталгаатай гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл хуулинд ямар ч өөрчлөлт орж болно. Ямар ч өөрчлөлт орсон ард түмэнд бус, зөвхөн олигархиудад ашигтай тийм л заалт орно. Өөрөөр шийдэгдэх арга байхгүй.
-Японд газар хөдлөхөд манайхан нэг аймгаа өгчихье гэж байсан. Гэтэл саяхан дэлхийн монголчуудын тухай нэвтрүүлгийг үзээд Казакстан шиг бодлого явуулж, дэлхийн энгээр тарсан Монгол угсаатнаа татаад энд төвлөрүүлчихэж болохгүй гэж үү гэх бодол төрсөн. Таныг Монгол хүн учраас энэ талаар ямар бодолтой явдаг бол гэж сонирхоод асууж байна л даа?
-Болох нь болно л доо. Гэхдээ энэ олигархиудын гарт засгийн эрх орчих нь их зовлонтой асуудлыг үүсгэчихээд байгаа юм. Олигархиуд бүх хуулийг өөрсдийнхөө эрх ашигг нийцүүлээд гаргачихдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс хөгжиж байна. Эдийн засаг 60 хэдэн хувиар өслөө, уул уурхайн салбарт хөренгө оруулалт ихэслээ гэж яриад байгаа ч энэ нь ард түмэнд огт хүртээлгүй болчихоод байгаа юм.
Энэ хөрөнгийн ихэнхийг олигархиуд хүртдэг. Дараагийнх нь олигархиудад үйлчилдэг бага албан тушаалтнууд хүртдэг. Эцсийн дүндээ орж ирж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлтийн 20 хүрэхгүй хувь нь л ард түмэнд үлддэг. Сүүгээр жишвэл өрмийг нь олигархиуд идээд, сүүг нь олигархиуд төрийн албан хаагчдад өгчихөөд ард түмэн хусмыг нь 20 мянган төгрөг маягаар өгөөд байгаа байхгүй юу.
Аль ч улсад эрх мэдлээ ашиглах явдал байдгийг би хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ ядаж 20 хувийг өөрсдөө авч, 80 хувийг нь ард түмэндээ үлдээх юм бол гадаадад ажиллаж буй монголчууд өөрсдөө ороод ирнэ, амьдрал дээшлэх учраас… Өнөөдөр гадаадад амьдрахад Монголд амьдарснаас хамаагүй илүү ашигтай байна.
Монголд дээд мэргэжлийн инженерээр ажилласнаас Солонгост цемент зуурсан нь илүү өндөр цалинтай учраас хүмүүс яваад байна. Херөнгө мөнгө оруулаад үйлдвэр байгуулах гэхээр татвар энэ тэр гээд янз бүрийн байдлаар дарамтлаад, тэр мөнгийг нь хэдэн олигархи идээд байхыг хүн хараад суухад хэцүү шүү дээ.
Би л лав Монголд зургуудаа нэг их зардаггүй. Татвар төлнө. Татварын мөнгө хэний халаасанд орох нь ойлгомжтой. Тэгснээс гадаадад үзэсгэлэнгээ гаргаад, татвараа төлчих нь дээр л байдаг байхгүй юу.
-Та удахгүй үзэсгэлэнгээ гаргана гэж байсан. Үзэсгэлэнгээ эх орондоо гаргана биз дээ?
-Би олон жил зураг зурж байна. 2008 онд бие даасан үзэсгэлэн гаргасан. Жижиг сажиг үзэсгэлэнд зургаа тавьдаг, оролцдог.
Манайх чинь үзэсгэлэнгийн зориулалтын хувьд нэлээд маргаантай л даа. Үзэсгэлэнг уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа гэж ангилдаг. Манай улсад энэ гурвын ялгаа байхгүй учраас үзэсгэлэнгээр зургаа борлуулж, хэд гурван төгрөг болгох нь л давамгай байдаг юм. Миний хувьд арван хэдэн жил цаас, бийр нийлүүлснийх өөрийгөө ард түмэнд өөрийгөө танилцуулах зорилгоор тайлан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн юм.
2012 оны тайлан үзэсгэлэнд орохоор бэлдэж байна даа.

З.Урсгал


URL:

Сэтгэгдэл бичих