USA-RANGER тусгай дайчид

Армийн Ranger-үүд гэж яг ямар хүмүүс вэ? Яагаад, юу тэднийг ийм алдартай болгов?
Уламжлалаа дагах юм бол Ranger-үүд АНУ-ын ЗХ-ний хамгийн ууган элементүүдийн нэг юм. Тэдний түүх бүр аль 17, 18 зууны үеийн умард америкийн индианчуудын эсрэг хийж байсан Британий колончлогчдын эзлэн түрэмгийлэх дайнуудаас эхлээд АНУ-ын Тусгаар тогтнолын дайн, 1812 оны дайн, иргэний дайн цаашлаад дэлхийн 2-р дайн хүртэл үргэлжилдэг. Ranger гэдэг нэрний тухайд “Range” буюу эрж, хайх, тагнан турших гэсэн үгнээс гаралтай бөгөөд шинэ нутагт ирсэн колончлогчдын тулааны тактикууд нь Европын цэргийн сонгодог тактикууд болох нээлттэй талбайд байлддаг Наполеоны тактикууд гэгддэг Infantry square, line formation гэх мэтээс эрс ялгаатай байсан ба тэд эзгүй, зэлүүд нутагт дайснаа нууцаар тагнан гэнэдүүлэн дайрдаг одоогийнхоор бол партизаны тулаан хийдэг байснаас энэ нэр үүсчээ.

Орчин үеийн Армийн Ranger-үүдийг дэлхийн 2-р дайны үед бий болсон гэж үздэг бөгөөд тэд 1944 оны холбоотны нэгдсэн давшилт буюу Нормандын довтолгоонд (D-Day) хамгийн гол үүргүүдийг гүйцэтгэсэн байдаг. Номхон далайн аянууд АНУ-ын ТЯЦ-ийг алдартай болгосонтой адил Ranger-үүдийг баруун Европын аянууд тэр дундаа Omaha эрэг, Point du Hoc хавцлын ширүүн тулаанууд алдар, нэртэй болгосон. 5-р Ranger-ын батальоны Omaha эрэг дээр хийсэн цуст тулааныг Цэрэг Райныг аварсан нь кинонд тод харуулдаг.

Харин өнөөгийн жинхэнэ Ranger-үүдийн тухайд?
Тэдний уг гарал нь дэлхийн 2-р дайны үеэс эхтэй ч 1974 онд генерал Creighton Abrams (*Энэ нэр танил сонсогдож байна уу? Түүний нэрээр Abrams танкыг нэрлэсэн шүү дээ!) өнөөгийн 75th Ranger Reginemt буюу 75-р Ranger-ын хороог албан ёсоор байгуулсан байдаг. Тус хороо нь 3 батальоноос бүрдэх бөгөөд АНУ-ын тусгай команд буюу USSOCOM, АНУ-ын Армийн тусгай команд буюу USASOC-д тус, тус харъяалагддаг тиймээ тэд бол албан ёсны тусгай хүчин. Rapidly-deployed, combat-ready light infantry гэгдэх Ranger-үүд нь армийн хөнгөн явган цэргүүд юм. Тэд бүтэн батальоноороо 17-хон цагийн дотор дэлхийн хаана ч томилогдон тусгай ажиллагаа явуулах чадвартай.

Ranger-үүдийн бусад элит хүчнүүдээс (Delta, Army SF, SEALs) ялгарах гол онцлог нь тэд бичил нэгжүүд болох squad, багийн бүрэлдэхүүнээр ажиллагаа явуулахаас илүү салаа, рот бүр цаашлаад бүтэн батальоноороо тусгай ажиллагаа явуулдагт оршиж байгаа юм. Энгийн хүчнүүдийн гүйцэтгэх боломжгүй хэт аюултай тулааны DA ажиллагаанд ротоороо оролцон бүхэл бүтэн хотыг дайны талбар болгон хувиргаж байсныг бид Могадишу-ын тулаанаас сайн мэдэх билээ. Яг үнэндээ АНУ-ын ЗХ-ний бүх нэгжүүдээс хамгийн их тулаан хийж DA ажиллагаа явуулдаг жинхэнэ дарийн утаа үнэрлэсэн хашир дайчид бол Ranger-үүд гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Буу барьж байлдмаар байвал Ranger бол гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй байх, гэхдээ хүссэн цэрэг бүр Ranger болж мэдээж чадахгүй АНУ-ын Армийн бусад нэгжүүдээс бие хаа, сахилга батаар өв тэгш хамгийн шилдэг гэсэн залуус Ranger-ын сонгон шалгаруулалтанд өрсөлддөг ба хүнд, хэцүү шалгаруулалтын явцад ихэнх нь хасагдан тэдний 40 хүрэхгүй хувь нь л жинхэнэ Ranger болдог. Ranger-ын шалгаруулалтыг маш хүнд гэдэг бөгөөд хүн үхсэн тохиолдол хэд, хэд гарч байсан.

Мөн сонирхуулахад АНУ-ын Армийн элит хүчнүүд болох Ногоон малгайтнууд болон Delta-ын операторуудын дийлэнх нь буюу 70 орчим хувь нь 75-р Ranger-ын хорооноос орж ирдэг юм билээ.
USSOCOM-ын тусгай хүчний зэрэглэлээр тэд (Tier 3) 3-р түвшин гэж явдаг Delta мэдээж 1, Ногоон малгайтнууд харин 2 юм.


URL:

Сэтгэгдэл бичих