Эрүүл, саруул охиныг хуруугүй болгосон хариуцлагаа Н.Удвал та өөрөө хүлээ

Medeenii-zurag-680x300Монгол хүний эрүүл амьд явах эрхэнд ноцтойгоор халдаж байгаа хүмүүс эмч нар болсоор удаж байна. Учир юу гэвэл чадваргүй, мэдлэггүй хайнга, хариуцлагагүй эмч нарын балгаар байнга шахуу эрдэнэт хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Тодруулбал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ЕБС-ийн долоо настай сурагч охин эрүүл саруул эцэг эхдээ аз жаргал бэлэглэн гүйж явсан ч өдгөө хилийн чанадад гарынхаа хуруунуудыг тайруулан зардал мөнгөний асуудлаас болж хямд эмнэлэг хайн нүдээ бүлтэлзүүлэн хэвтэж байна.

Сургууль дээрээ сахуу татрангийн вакцин тариулсанаас хойш түүний бие өвдөж муудан нийслэл хотод яаралтай хүргэгдэн иржээ. Төв суурин газар ирсэн ч түүний бие дээрдсэнгүй. Эмч нар түүний биеийн байдалд онош тавьж чадахгүй байв. Хөөрхий эцэг эх нь вакцин тариулаад л ийм болсон хэмээн учирласаар байв. Харамсалтай нь манай эрүүл мэндийн салбарынхан дээр дооргүй бүгд түүнийг Монголд байтугай энэ дэлхийд байхгүй ховор тохиолдох өвчтэй хэмээж байлаа. Ингээд өвчнөө ч оношлуулж чадахгүй дэлхийд ховор тохиолдох өвчтэй хэмээгдэх болсон хөөрхий охины бие улам дордсоор харлаж үхжсэн нэг хуруугаа тайрууллаа.

Ингээд нилээд хугацааг хий дэмий эмнэлгийн орон дээр энэлэн шаналж өнгөрүүлсэн охин сайхан сэтгэлт Монголчуудынхаа ачаар БНСУ-д эмчилгээнд явах зардлаа олсоноор ээжийнхээ хамт Солонгосыг зорьсон. Харийн оронд очсон ээж охин хоёр чихэнд чимэгтэй мэдээ сонсохын хажуугаар ёстой л нөгөө Монгол хүн болж Монголд төрсөндөө харамсмаар мэдээ сонссон нь вакцин тарихдаа цусанд нь бохир оруулсанаас үүдэн хуруунууд нь үхжсэн гэх онош байсан юм. Эмчилгээгээ сайн хийлгэвэл бүрэн эдгэрнэ хэмээн Солонгос эмч нар охинд яаралтай хордлого тайлах эмчилгээ хийснээр охины бие эрс сайжирчээ. Гэвч хордлого тайлах эмчилгээг яаралтай хийлгэлгүй цаг алдсаны улмаас хуруунууд нь үхжсэн тул дахин долоон хурууг нь тайрахаар болжээ.

Энд байхдаа нэг хуруугаа тайруулсан охин дахин долоон хуруугаа тайруулах болсон нь манай эмч нар, энэ салбарын албан тушаалтнуудын 100 хувийн буруу. Тэдэнд хөөрхий охины эрүүл мэнд бус ажилдаа үлдэх нэр төр чухал байсан. Тиймдээ ч өнөөдөр эрүүл саруул гүйж явсан охин вакцин тариулаад хэвтэрт орсон байхад дэлхийд ховор тохиолдох хүнд өвчтэй хэмээх онош тавиад эмчилгээ хийж мэдэхгүй сууж байсан нь үнэндээ манай эрүүл мэндийн салбарын эмгэнэл гэлтэй. Түүгээр ч барахгүй салбар хариуцсан дэд сайд Ж.Амарсанаа, ХӨСҮТ-ийн захирал Г.Нямхүү гэх мэт хүмүүс охиныг хүнд өвчтэй тэр нь вакцин хийлгэснээр сэдэрсэн тиймээс манай эмч, сувилагчдын буруу биш хэмээн хэвлэлээр яриад сууж байсан нь даанч дээ гэмээр харагдаж байсан.

Харин хилийн дээс алхаж Солонгос эмч нараар үнэн зөв оношлуулсан хөөрхий охины жинхэнэ оношыг сонссон албаныхан нүдэн балай чихэн дүлий таг чимээгүй сууж байна. Бүхэл бүтэн нэг улсын эрүүл мэндийн салбарынхан долоон настай охин вакцин тариулах үед цусанд бохир орж бие эрхтэн нь муудаж байхыг оношилж чадахгүй байна гэдэг байж боломгүй асуудал. Аль эсвэл тэд өөрсдийгөө асуудалд оруулахгүйн тулд үнэн зөвөөр оношлохыг хүсээгүй юм болов уу.

Ямартай ч хот хөдөөгйин бүх шатлалын эмнэлэгт түүний өвчнийг оношилж, эмчилжиж чадаагүйн улмаас ээж аавынхаа эрдэнэ болсон нэгэн хөөрхөн охин долоохон насандаа найман хуруугаа тайруулах боллоо. Эрүүл мэндийн салбарынхны хүн ардын эрүүл мэндээр тоглодог, хохироодог байдал удаа дараа гарсаар байна. Гэвч энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээхгүй явсаар. Тэгвэл энэ олон дотроос Н.Энхбилэг охины хэрэг салбараа удирдаж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалуулж чадахгүй байгаа Н.Удвал сайдыг огцруулахад хангалттай шалтгаан болно.

Б.Сансартуяа
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих