Иргэд Улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хорооноос авах боллоо
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор өчигдөр Нийслэлийн Засаг дарга болон УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж нар хамтран санамж бичигт гарын үсэг зурлав.
Нийслэлийн Засаг дарга, УБЕГ-ын даргын хамтарсан захирамж, тушаалаар улсын бүртгэлийн зарим үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсэг нийслэлийн хороодыг үе шаттайгаар шилэн кабелиар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ажлыг хийж байгаа бөгөөд эхний ээлжинд холбогдсон 42 хороонд улсын бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг хийх боллоо.
Хорооны улсын бүртгэгч өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, төрсний гэрчилгээний нөхөн олголтыг хийж байгаа юм. Харин Нийслэл, УБЕГ-ын хамтын ажиллагааны дүнд 4 дүгээр сараас гэрлэсний, гэрлэлт цуцалсаны, гэрлэлт сэргээсний, иргэний үнэмлэх дахин олголтын, нас барсны бүртгэлийг хорооноос олгоно. Нийслэлийн 152 хороог энэ ондоо багтааж Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох аж.
Ч.Ариунболд МОНЦАМЭ
URL: