Бие даагч гишүүдийн Вант улс

527-139579923953jansqga8slj3sd9ndo96c8k5Засгийн газрын хэрэгжүүлэгч 30 агентлаг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйгаас бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ жин дарах нь Иргэний нисэхийн ерөнхий газар. Харамсалтай нь, улсын нүүр царайг тодорхойлдог гэгддэг ИНЕГ өнөөдөр “Бие даагчдын бүлэг”-ийн вант улс болжээ.

ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнхийг төлөөлж, ИНЕГ-ын Сургалт, дадлагын цогцолборт бүсийн багшаар ажиллаж байсан С.Буяндалайг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон бие дааж нэр дэвшин УИХ-д суусан С.Ганбаатар, Х.Болорчулуун нарын шахаагаар ИНЕГ-ын даргаар томилсон гэдэг.

Аливаа татаас, шахаа ардаа заавал хариу нэхэж байдаг. Тиймээс С.Буяндалай энэхүү өрөө цайруулахын тулд ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх нэрийдлээр 50 хүнийг халж, 120 гаруй хүнийг ажилд шинээр авсан нь тухайн үедээ л шуугиан дэгдээж байв.

Тэдгээр нь мэдээж бие даагч гурвын шахааны итгэлт хүмүүс болон ах дүү, найз нөхөд юм. Мэргэжлийн бус эдгээр хүнийг багтааж шингээхийн тулд ИНЕГ-ын данхайсан бүтэц дээр санхүү төлөвлөлтийн, нягтлан бодох бүртгэлийн, тамгын, хуулийн гэсэн чиг үүрэг нь давхардсан дөрвөн хэлтсийг нэмж байгуулсан гэж байгаа.

Ц.Даваасүрэн гишүүн гэхэд л ИНЕГ-ын харьяа Мөрөн нисэх буудалд олон жил ажилласан туршлагатай ажилтнуудыг халж арван жилийн ангийнхнаа хүүхдүүдийг ажилтай болгосон бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хамт морь уядаг, нутгийн найз Л.Нэргүйг ИНЕГ-ын Санхүү эдийн засгийн газрын дарга болгожээ.

Мөн ХААИС-д хамт сурч байсан оюутан цагийн найз Б.Ган-Очирыг Захиргаа удирдлагын газрын даргаар тавьсан бол эрхэм гишүүний охин Б.Хэрлэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын гадаад VIP танхимд, дүү Ч.Сэргэлэнбаатар нь теле мэдээлэл холбооны албанд мэргэжилтнээр ажилладаг байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудалд ч энэ байдал давтагджээ. Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн Мөрөн нисэх буудлын даргаар автозамын байцаагчаар ажиллаж байсан ангийн анд М.Амарбаясгаланг, нягтлан бодогчоор нь Д.Алтантуяа, сантехникийн механикаар Б.Батхуяг, уурын зуухны машинистаар Р.Юра, өөрийн төрсөн дүү цаг уурч мэргэжилтэй Ц.Пүрэв-Очирыг тус буудлын нисэхийн холбоонд техникчээр, сонгуульд нэр дэвшихэд нь ажиллаж байсан Г.Адъяаг аэродромын инженерээр, Н.Доржпүрэвийг Хатгал нисэх буудлын эрхлэгч, Ц.Доржпаламыг уурын зуухны машинистын ажилд оруулжээ.

Ц.Даваасүрэн гишүүнийг тойрогтоо ажиллахад нь ИНЕГ унаа, шатахууныг нь даадаг

Эдгээрээс хамгийн том бялуу хүртсэн нь М.Амарбаясгалан. Мөрөнгийн нисэх буудлын даргаар томилогдсон тэрбээр дарга болсон даруйдаа найз Р.Батдэлгэрээ цахилгаанчин, Ё.Даваа-Очирыг жолоочоор авсан байна. Харамсалтай нь, 2014 оны гуравдугаар сарын 4-ний өдөр тус нисэх буудлын хоёр ажилтан машинаас унаж хүнд гэмтсэний нэг нь Ё.Даваа-Очир юм байна.

Одоогоор хоёр ажилтны бие тааруухан байгаа бөгөөд тэднийг Улаанбаатарт авчран эмчилж байгаа аж. Асуудал үүгээр дуусахгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Мөрөнгийн нисэх буудлаас хөөрсөн “Изинис Эйрвайз” компанийн “Q 450″ онгоц шувуутай мөргөлдсөн ноцтой осол гарсан байна.

Тус онгоцонд нийт 74 зорчигч явсан бөгөөд М.Амарбаясгалан дарга энэ асуудлыг нууцлах гэж ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа гэнэ. Мөн нисэх буудлын дарга ажлаа мэдэхгүйн хар гайгаар тус буудлын хамгаалалтын бүсэд оготно элбэгшиж, түүгээр хооллогч махчин шувууд олширсноос нислэгт ноцтой аюул занал учруулахуйц хэмжээнд хүрээд байгааг мэргэжлийн хүмүүс халаглан ярьж байна.

Хамгийн гол нь гишүүний хаялгаар ажилд орсон хүмүүс эргээд хариу барих нь бичигдээгүй хууль гэлтэй. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сонгогдсон тойрог болох Хөвсгөл аймгийн бүх сумаар явж ажиллахад нь ИНЕГ-аас унаа машин гарган өгч шатахуунаар нь бүрэн хангадаг ажээ. Бие даагчид нь эрх баригчидтайгаа нийлэн засаг барьдаг, бялуу хуваадаг гаж тогтолцоо бий болсны тод жишээ энэ юм.

Шахааны хүмүүсээр дүүрсэн ИНЕГ-т сахилга бат алдагджээ

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ИНЕГ энэ үүргээ биелүүлж чадаж байна уу. Тэгвэл үгүй гэж хэлмээр байна. Учир нь, шахааны олон хүнээр дүүрсэн энэ газарт хариуцлага, сахилга бат алдагдсаар ирснийг доорх жишээнээс харж болно. 2013 он болоод 2014 оны эхээр гарсан ноцтой зөрчил, ослыг хүргэе.

♦ Японы Наритагаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ийн ОМ-0502 дугаарын рейсээр Боинг-737 онгоцны энгийн ангиллын аравдугаар эгнээнд суусан зорчигчид /Шинэчлэлийн засгийн газраас томилогдсон өндөр албан тушаалын эрхмүүд/ архидан согтуурч нисэх багийн гишүүдийг дуудуулан архи нэхэж улмаар гадаад дотоодын зорчигчдын тав тухыг алдагдуулсан байдаг. Зорчигчид энэ талаараа ИНЕГ болоод холбогдох яаманд гомдол гаргасан ч хэрэгсээгүй байна.

♦ Хонгонк-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн МИАТ ХК-ийн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардахаар доошлох үед буух зурвасыг чөлөөлөөгүйгээс цэвэрлэгээний машин бууж байгаа онгоцтой мөргөлдөх шахжээ. Энэ ноцтой зөрчлийг ИНЕГ-ын удирдлага нуун дарагдуулсан нь шалгалтаар илэрсэн юм.

♦ МИАТ-ийн Боинг 737 онгоцны дугуй ОХУ-ын Москва хотын Шерметевь нисэх буудалд буух үед дугуй хагарсны улмаас 160 гаруй зорчигчдыг гурван өдөр хоол, байргүйгээр тав тухгүй орчинд байлгаж бухимдуулсан. Агаарын хөлгийг нислэгт гаргахаас өмнө аюулгүйн үзлэгийг дутуу хийснээс үүдэн гарсан зөрчил энэ байлаа.

♦    “Аэромонголиа” компанийн JU-8251 дугаартай Фокер-50 онгоцны гурван сэнс, мөн их бие хэсэгт гэмтэл гарсныг ИНЕГ-ын удирдлагууд нуун дарагдуулсан байна.

♦    Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдсэн ОМ-136 рейсийн МИАТ ХК-ийн “Боинг” агаарын хөлгийн Берлинээс-Улаанбаатар чиглэлд нислэгийн үүрэг гүйцэтгэх ээлжтэй нисэхийн багийн борт инженер согтуурхснаас үүрэг гүйцэтгэх чадваргүй болсон байжээ. Үүний улмаас Улаанбаатараас Берлиний чиглэлд нислэг үйлдсэн борт инженерийг амраалгүй буцаан үүрэг гүйцэтгүүлсэн нь нислэгийн аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

♦    “Изинис Эйрвейз” компанийн SAAB-340 онгоц “Чингис хаан” нисэх буудалд газардах үед үндсэн дугуй нь мултарч унаж онгоц сүйрэх ноцтой байдал үүссэн.

♦    “Изинис Эйрвейз” компанийн Улаанбаатар-Дорнотын чиглэлд нислэг үйлдэхээр агаарт хөөрсөн СААБ онгоцны өрөөсөн хөдөлгүүр унтарч Буянт-Ухаад эргэж ослын буулт хийж олныг сандаргасан.

♦    “Аэромонголиа” компанийн Фокер-50 онгоц агаарт хөөрсний дараа зорчигчийн салоны цонхны шил хагарч эргэж ослын буулт хийсэн байна.

♦    Турк улсын Станбул-Бишкек- Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж ирсэн Боинг-737 онгоцыг Буянт-Ухаад газардах үед буух зурвасан дээгүүр нь ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны фургон явж байсны улмаас бууж байгаа онгоцыг машинтай мөргөлдөх маш аюултай нөхцөл байдал үүссэн. Туркийн Боинг-737 онгоцны баг онгоцоо дахин хөөргөж өндөр авахуулан хоёрдугаар шугаманд орсноор аймшигт сүйрлээс зайлж чадсан байна.

♦    Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” нисэх буудлын хоолойд холбогдсон байхад ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч МП маркийн машины шатахууны савнаас их хэмжээний шатахуун асгарч гал гарах ноцтой байдал үүссэн байна.

♦    “Изинис Эйрвэйз” компанийн “Q 450″ онгоц шувуутай мөргөлджээ. Энэ мэтээр он сарын дарааллаар нь жагсаавал бишгүй урт жагсаалт гарна.

С.Буяндалайг Т.Лхагвасүрэнгээр солиод байдал дээрдэх үү

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газраа авч үлдэхийн тулд УИХ-ын бие даагч гурван гишүүнийг зулгуйдаж хэд хэдэн чухал агентлаг, газрыг тэдний мэдэлд өгсөн ч эргээд өөрөө чичлүүлэх болсон. Тиймдээ ч үүсээд байгаа нөхцөл байдлыг засч залруулахын тулд бие даагч гишүүдийн хүн гэгддэг С.Буяндалайг ИНЕГ-ын даргаас огцруулж, Т.Лхагвасүрэнг даргын орлон гүйцэтгэгчээр саяхан томилсон юм.

Харин одоо байдал дээрдэх болов уу гэтэл улам дордох янзтай. Учир , нь, бие даагч гишүүдийн холбоотон сүлбээтэн ИНЕГ-ээр дүүрэн тул тэд ч гараа хумхиад суухыг хүсэхгүй байгаа бололтой. Тэд ноцтой баримт дэлгэхээ мэдэгдээд байгаа ба удалгүй хөнжилдөө хөлөө жийлцээд эхэлбэл гайхах зүйлгүй болох нь.

У.Мичид

Эх сурвалж: Үнэн.мн


URL:

Сэтгэгдэл бичих