Мөс цөмөрч хүний амь эрсдэв
Энэ сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Хадан хүй гэх газрын орчим Хөвсгөл нуур дээр зорчиж явсан “Чэзер” маркийн автомашин мөс цөмөрсний улмаас осолдож хүний амь эрсдэв.
Машинд гурван иргэн зорчиж явсан бөгөөд ослын газар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж автомашиныг нуурт живэхээс сэргийлжээ.
Гуравдугаар сарын эхний 20 хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч томоохон гол, мөрөнд газар доорх усны хажуугийн цутгал урсацаас шалтгаалж халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Түүнчлэн ус судлалын харуул Бүгсий-Төмөрбулаг, Чулуут-Чулуут, Туул-Заамар, Бороо-Борнуур, Сэлэнгэ-Тосонцэнгэл орчимд мөсний зузаан 2-5 сантиметр багасч, зузаарлын эрчим буурчээ. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших тул ард иргэдийг гарам бус газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв.
Б.Гантуяа МОНЦАМЭ
URL: http://www.fact.mn/159185.html