Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг чөлөөлж чадахгүй нь бололтой
Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ЦЕГ-ын дарга Б.Билэгттэй хамтран ажиллах хүсэлгүй байгаа, тэр бүү хэл түүний тушаалыг 2014 оны 1 сарын 1-нд сунгаж гаргаагүй болохоо албан ёсоор илэрхийлсэн билээ.
Мөн хэрэв Ерөнхий сайд зөвшөөрвөл түүнийг огцруулахаар зэхэж буйг ч эх сурвалжууд өгүүлж байв.
Харин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг огцруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, дэмжих нь бүү хэл ярих ч хүсэл эрх баригчдад байхгүй байгаа бололтой.
Эсрэгээрээ түүний улиран ажиллах тушаалыг яаралтай гаргахыг Хууль зүйн сайдад санал болгосон тухай зарим эх сурвалж өгүүлж байна.
Ийнхүү Хууль зүйн Х.Тэмүүжинд “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж, шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэвчихийн аргагүй хар мал”-тайгаа хамтран ажиллахаас өөр зам үлдээгүй бололтой.
Дашрамд дурьдахад МоАХ-ы анхдагч Б.Билэгт нь 1998 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болох үед Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын даргаар, 2004 онд мөн л Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болох үед Тагнуулын Ерөнхий Газрын даргаар томилогдож байсан нэгэн юм.
П.Гэрэлтуяа SONIN
URL: